Хүчингийн хэрэг үйлдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаар хэн, юу хэлэв
УИХ-ын гишүүн өмнө нь ийм муухай асуудалд холбогдож байсангүй. Авлига хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад байцаагдсан өчнөөн УИХ-ын гишүүн бий. Гэвч энэ удаагийнх шиг “улаан мах”-ны хэрэгт холбогдож, дуулиан тарьсан гишүүн Д.Гантулгаас өөр гараагүй байна. Уг нь Д.Гантулгыг хамгийн залуу гишүүнээр “өргөмжилж”, хийх ажлыг нь анхааралтай ажиглаж байсан ч тэрбээр эхний чуулганаар өөрийгөө “таниулсан”. Чуулганы хуралдаандаа ч суудаггүй хэнэггүй зангаа тойрогтоо ажилласан гэдэг үгээр хаацайлаад өнгөрсөн бол энэ удаагийн хэргийг цагдаа хууль хяналтын байгууллагуудыг худалдаж авах зарчмаар хэргээ хэрэгсэхгүй болгож байна хэмээн хохирогчийн өмгөөлөгч болон эгч нь мэдэгдлээ. Ингээд “Багц 24” энэ хэргийн талаар хэн юу хэлснийг багцлан хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Гантулга гэж хэн бэ: У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн
УИХ-ын сонгуульд тааварлашгүй нэр дэвшигч тодорсны нэг нь МАН-аас нэр дэвшигч Д.Гантулга байсан юм. Тэрбээр 30 хүрээгүй насандаа УИХ-ын гишүүн болсон сүйхээтэй нэгэн. Түүний намд ажилласан түүх нь харьцангуй удаан ажээ. Монголын лектор төвөөс өрх тусгаарлан “Хөгжлийн төлөө” төрийн бус байгууллага байгуулж, МАН-ын залуу гишүүдийг чадваржуулах ажилд ханцуй шамласан нэгэн. Хамгийн сүүлд гэхэд “Ангараг руу нүүцгээе” лекц хийж, Улаанбаатар паласын их танхим оюутан залуусыг цуглуулж байсан юм. Мөн Хэнтий аймгийн тойрсон “Монголын зүрх хэнтий” нэртэй лекц зохион байгуулж, номын аялал ч хийж байсан удаатай. Мөн МАН дахь Зүүний хүчний холбооны буюу УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн фракцид харьяалагддаг нэгэн. Энэ утгаараа НАМЗХ-ны Ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнийг холбооныхоо гишүүдтэй зөрчилдөх үед түүнийг өмгөөлөн хэвлэлийн бага хурал зохион байгуулж, акц удирдаж байсан удаатай. Иймд түүнийг улс төрийн хувьд туршлагагүй, чадваргүй гэж хэлэх боломжгүй мэт. Дээр нь, НАМОХ-ны үйл ажиллагааг МАН-ыг ялагдсан үед чамгүй сайн удирдаж, гар хөлийг нь идэвхтэй байлгах ажлыг сайтар хийсэн гэдгээр нь намынх нь лидерүүд хүндэтгэдэг гэсэн шүү. УИХ-ын сонгуульд нэр дэвших шийдвэр түүний хувьд гэнэтийнх байсан гэдэг. Учир нь, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямба УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай нэр дэвшихээр яригдаж байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ сошиалаар ил тод Б.Гарамгайбаатарыг амлаж авснаар Н.Ганбаярт тойрог солих шаардлага гарсанбайна. Үүнийг Н.Ганбаяр зөвшөөрөхгүй тул Хэнтий аймгийн энэ тойрогт МАН-аас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэх шийдвэр дээр Д.Гантулга тунаж үлдсэн аж.
Д.Гантулга: “Гүтгэлгийг баримттай дэлгэнэ”
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэргийнхээ талаар тайлбар өгсөн байдаг. Тэрбээр “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь ‘Женко’-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга ‘Залуу хүн юм чинь магадгүй’ гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно” хэмээсэн.
М.Ичинноров: УИХ-ын гишүүн Д.Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн
Тэгвэл энэ хэргийн талаар өчигдөр хохирогчийн өмгөөлөгч М.Ичинноров болон эгч нь хэвлэлийхэнд хандсан юм. Хурлын эхэнд хүний эрхийн хуульч М.Ичинноров “Хүний эрхийн ноцтой зөрчлийн талаар мэдээлэл өгөхөөр ирлээ. Энэ оны зургадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Гантулга 25 настай оюутан охиныг өөрийнх нь гэрт хүчиндсэн хэрэг болсон. Энэ хэргийг шалгуулах хугацаанд тэд цагдаа, хүчний байгууллага, шүүхийг бүгдийг нь худалдаж авч, өөрсдийнхөө талд ажиллуулсан. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас би хэвлэлийнхэнд хандаж байгаа нь энэ. Гэмт хэрэг болсон, бидэнд нотлох баримтууд нь байгаа. Харамсалтай нь УИХ-ын гишүүн Гантулга цагдаа, шүүхийнхэнтэй хуйвалдаж, маш ноцтой хэргийг нэмж хийсэн. Хүчингийн хэрэг хийгээд зогсохгүй нотлох баримт устгах, хавтаст хэрэг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдээд байна” хэмээн ярив.
Хохирогчийн эгч С: Дүүг маань хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн
Харин хохирогчийн эгч С хэргийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан юм. “Би зургадугаар сарын 12-ны шөнө хүүхдээ хараад “Гурван гал” эмнэлэгт хоносон. Тэр шөнө болсон хэрэг. Миний найз, ИНЕГ-т ажилладаг Ц гэдэг эмэгтэй амьдрах газар байхгүй гээд нэг хэсэгтээ амьдарч байсан юм. Гэтэл эмнэлэгт хоносны маргааш өглөө 10:00 цагт утас дуугараад, дүү маань над руу залгасан. “Урьд шөнө Ц эгчтэй хэн ирж хоносон юм бэ. Намайг хүчиндчихээд гараад явчихлаа” гээд уйлаад залгасан. Би мэдэхгүй байна, эргээд залгая гэж хэлчихээд найз руугаа утсаар ярьсан.
Тэгээд “Чамтай хамт хэн манайд очиж хоносон юм бэ” гэж асуухад Гантулга гэж хариулсан. Ямар Гантулга вэ гэхэд “Гишүүн Гантулга” гэж хэлсэн. Тэр хүн чинь ийм хэрэг хийчихээд явчихсан байна аа гэтэл “Би мэдээд, сануулаад байсан юм. Чи эртхэн босоод яв аа. Хүүхэд айлгачихав аа гэж хэлсэн. Би шуурхайтай байсан учраас өглөө эрт 06:30 цагаас гараад явсан. Унтаад үлдсэн” гэж хэлсэн. Тэгээд эргэж дүү рүүгээ залгаад, ийм зүйл болсон байна аа гэж хэлсэн. Мөн би Гантулга руу залгасан. Гантулга надтай “Гурван гал” эмнэлгийн гадаа ирж уулзсан. Уулзаад “Тийм хэрэг ерөөсөө болоогүй” гэж хэлсэн. Хэрвээ тийм юм бол хууль шүүхийнх нь газар шийдчих байлгүй дээ гээд салсан. Дүү Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр очиж, Түвшинжаргал гэдэг хүнд өргөдөл өгсөн.
Түвшинжаргал гэдэг хүн гэрт ирж нэгжлэг хийсэн. Нөхцөл байдалтай танилцаад, ор хөнжлийн цагаан хэрэглэл, өөрийнх нь өмсөөд явж байсан дотуур өмдийг авсан. Маргааш нь хэрэг хаагдсан гэсэн. Юунаас болсон гэхэд байцаагч нь солигдчихсон байсан.
Түвшинжаргал гэдэг хүн хариуцаж байгаад Батдэлгэр байцаагч шилжиж очоод хэргийг яагаад хэрэгсэхгүй болгосныг би өнөөдөр мэдлээ. Прокурор дээр очоод “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн баримт материалыг үндэслээд энэ хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн бичиг авсан.
Дүү маань сэтгэл санааны хүнд дарамтад орсон. Бид хоёр Сэтгэцийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. Тэгэхэд сул өрөө байхгүй байна, хурцийн тасагт хэвтүүлчих үү гэсэн. Сэтгэл санааны хувьд хэцүү байхад нь хурцийн тасагт шууд хэвтүүлчихвэл яах билээ. Тэнд байгаа хүмүүсийг хараад юу бодох вэ, тийм биз дээ.
Одоо би нэг зүйлээс айж байна. Энэ бүхнийг ярихаар эргээд хүний нэр төрд халдсан гэдэг хэрэг үүсэх байгаа юм. Яагаад гэвэл Гантулга гишүүн гүтгэж байгаа хүмүүсийг баримттай дэлгэнэ гэж ярьж байна билээ. Хүчин хийсэн гэдгийг үнэхээр гүтгэлэг үү, тийм хэрэг болсон уу гэдгийг нь цагдаа, шүүх нь тогтоож чаддаггүй юм байна. Нууж, хаацайлж, дарлаа. Хүчиндүүлчихээд, нэг хохирчихоод, дахиад хохирогч болох болчихоод байна. Хэнд хандахаа би мэдэхгүй байсан. Ядаж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацаа таарчихсан. Тэгээд хүний эрхийн хуульч Ичинноровт хандсан. Өөр ямар ч арга бидэнд алга. Сая хэвлэлийн бага хурал хийе гээд ирэхэд хүртэл дарамттай байна. Хурал хийх газар нь оруулахгүй гээд бүх сэтгүүлчдийг тараах гээд байж байх жишээтэй.
Миний дүү УИХ-ын гишүүн Гантулгыг огт танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. Харин хэрэг болсноос хойш манай найз Ц бид хоёрын дунд үл ойлголцох асуудал цөөнгүй гарсан. Би найзыгаа хүрч ирээд үнэнийг хэлэх байх гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл надаас зугтаагаад явж байгаа. Хамгийн гол гэрчийн хувьд үнэнийг хэлэх байх гэж найдаж байна. Миний найз Ц гишүүн Гантулгатай ойр дотны харьцаатай. Гэхдээ хэзээнээс эхэлснийг нь би мэдэхгүй.
Гантулга миний дүүгийн хоёр гарыг нь гөжөөд, 10-аад минут хүчирхийлсэн гэсэн. Дүү маань “Алим арилгаж байсан хутга буйдангийн дор байсан. Тэр хутга санаанд орж байсан ч зориг хүрээгүй” гэж хэлж байгаа” хэмээн ярьсан юм.
О.Алтангэрэл: Хэрвээ хүн гүтгэсэн бол энэ эмэгтэйд хариуцлагаа тооц, гэхдээ Д.Гантулгаа шалгачихаад шүү
Энэ хэргийн талаар хуульч О.Алтангэрэл өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Манай нийгмийн хамгийн том гамшиг бол эрх тэгш байдал алдагдсаных гэж би байнга хэлдэг, үүндээ бат итгэдэг.
Хууль ядарсанд, задарсанд, баянд, ядууд, даргад, иргэнд тус бүр өөр үйлчилдэг энэ байдлыг үзэн ядахаар хангалттай олон жил хуулийн ажил хийлээ. Тэр тусмаа хамгийн эрх мэдэлгүй, иргэнтэй ямагт хамт байдаг өмгөөлөгчийн ажил мэргэжил эрхэлж явсны хувьд шударга бус явдлыг биеэр мэдэрдэг.
Дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Гантулга гэгч оюутан охин хүчиндсэн, хохирогчид нь яаж ч чадахгүй байгаа, хавтаст хэрэг алга болсон, байцаагч солигдсон талаар хохирогчийн эгч уйлан ярихыг үзлээ. Ямар новшийн юм бэ?
Шүүхийн шийдвэр гарахаас нааш тэр Гантулга гэгчийг буруутай гэж үзэж болохгүй нь үнэн. Гэтэл яагаад шалгахгүй байгаа юм? Бүрэн эрхийг нь прокуророос санал тавьж цуцлууж байгаад яагаад байцаахгүй байгаа юм! Яагаад байцаагч нь солигддог, яагаад баримтууд нь алга болдог юм!
Хэрвээ хүн гүтгэсэн бол энэ ядарсан эмэгтэйд хариуцлагаа тооц, гэхдээ эхлээд тэр Гантулгаа шалгачихаад шүү!
Би ээжтэйгээ, эмээтэйгээ өссөн, охинтой хүн. Ийм зангиа зүүсэн, худалч дүртэй, доройг бузарласан новшнуудыг үзэн яддаг. Сонгуулийн өмнө энэ хөгийн гишүүнцэрээ шалгаж болохгүй гэж байгаа бол ядаж битгий ялыг нь завшуулаач МАН-ынхаан, та нар арай ч хүчирхийлүүлсэн охины нулимастай ганц суудлаар дутахааргүй байгаа шүү өнөөдөртөө. Тэгэхээр сонгуулиа өнгөрөхөөр шалгуулчихаач, цагдаа нь ч ажлаа хийчихээч хүн байна даа бид чинь.
Би хуульч О.Алтангэрэл, бичсэн зүйлдээ бүрэн хариуцлага хүлээнэ” гэсэн байна.
http://www.24tsag.mn/content/152160.shtml
Эх сурвалж: 24tsag.mn
URL: