Усанд осолдсон хүмүүсийн ихэнх нь аялагчид байна
Сэлэнгэ аймгийн хэмжээнд 2017 оны эхний 07 сарын байдлаар гол нуурын усанд унаж, осолдсон 3 удаагийн золгүй тохиолдолоор нийт 6 иргэн амь насаа алдаад байна.
Тэрчлэн Сэлэнгэ аймгийн Орхон гол, Сэлэнгэ мөрөнд осолдож амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас амарч зугаалж явсан иргэд байна. Тухайн иргэд тус орон нутгаар урсан өнгөрч буй гол, мөрний гүний хэмжээг мэдэхгүй, усанд орж болохгүй тухай анхааруулсан самбар, тэмдэглэгээг тоогоогүй, замдаа болон голын эрэг дагуу архидан согтуурсан байдалтай үедээ усанд орсон зэргээс эдгээр усны осол үүдэлтэй юм гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Иймд, иргэд та бүхэн
- Амарч зугаалж явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх,
2. Замд явах үедээ гол нуурын эрэг дээр зогсож сэрүүцэх зорилгоор гол нуурын эрэг дээрээс тонгойж толгой болон малгай бусад зүйлээ норгохдоо халтирч усанд унахаас болгоомжилж аюулгүй байдлаа хангах,
3. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх,
4. Бусдадаа тавих хяналтаа нэмэгдүүлэх, хэлж зөвлөж байх,
5. Бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх,
6. Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
URL: