Үлгэр дууссан хойно…
Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх болсноор манай улсын эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхэлснийг шинжээчид хэлж байсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас улбаалан эргээд хүнд байдал орох “Гацаа” үүссэнийг цахим хуудсаар шуугиад эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор зарим ажил түр хүлээлтийн горимд шилжсэнийг учир мэдэх нэгэн хэлж байна. Бас болоогүй гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш унаад эхэлснийг ч судлаачид хэлсээр байгаа юм.
Учир нь манай улсын хувьд хамхуул шиг хаашаа ч холбирч болох бизнесийн болон улс төрийн орчинтой гэдгийг гадныхан хэлдэг. Харин үүнийг нь бид үйлдлээрээ баталгаажуулдаг зуршилтай. Тиймээс ч маш богино хугацаанд хоёр дахь удаагаа эдийн засгийн хүндрэлтэй тулж байгааг эдийн засагч Б.Батбилэг хэлж байсан юм. Бизнесийн орчин тогтвортой, төрийн бодлого нь тууштай байх нь эдийн засгийг эрчимжүүлэх нэг гарц. Мөн бусдаас хараат бус байх боломж гэдгийг улс төрийнхөн ойлгохыг хүсэхгүй байгааг ч мөн тэрээр хэлж байв. Магадгүй өнөөдрийн үүссэн нөхцөл байдал ч үүнтэй холбоотой байж болох юм.
ХОНГИЛЫН ҮЗҮҮР ДЭХ ГЭРЭЛ
Бид хөгжих итгэл найдвараа алдаагүй, өөдрөг сэтгэлтэй ард түмэн. Яагаад гэвэл, хонгилын үзүүрт сүүмийх гэрэл хэзээ нэгэн цагт тодорно гэдэгт итгэдэг. Харин бизнесийнхний хувьд энэ нь маш том эрсдэл. Тиймээс хонгилын үзүүр дэх гэрэлд найдаж хөрөнгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, таг гацчихаагүй ч хэдийд сэргэх нь тодорхойгүй байдалд хөрөнгө оруулалт хийх “эр зоригтон” лав байхгүй. Учир нь бизнес эрхлэгч ашиг олохын төлөө ажилладаг. Тиймээс урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллах шаардлагатай. Үүнд нөлөөлөх хүчин зүйл нь хууль эрх зүйн орчноос гадна төрийн бодлого юм.
Тэгэхээр хаашаа ч холбирч мэдэх тодорхойгүй байдал аливаа зүйлийг баталгаажуулж чадахгүй гэдгийг бизнесийнхэн хэлж байна. Хэдийгээр Олон улсын валютын сангаас хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгаа ч энэ байдлыг тогтвортой байна гэдэгт итгэх хөрөнгө оруулагч ховорхон байх шиг. Уг нь гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 434.3 сая ам.долларын санхүүжилтийг төлбөрийн тэнцлийг дэмжих зориулалтаар олгох юм. Үүнээс 38.6 сая ам.доллар нь манай улсын дансанд аль хэдийнэ ороод ирчихсэн.
Хэрэв Монгол Улс цаашид хөгжинө, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан зах зээл болон өргөжин тэлэхийн тулд олон улсад эерэг дохио өгснөө баталгаажуулан улс төрөөс хамааралгүй бизнесийн орчинтой гэдгээ нотлох шаардлага тулгарч байна. Улс төрийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг болон бизнес эрхлэх орчинд ихээхэн дарамт, сөрөг нөлөөлөл үзүүлдэгийг бид өнгөрсөн жилүүдийн туршлагаас хангалттай харин олон ч жишээтэй болсон шүү дээ. Хатуухан хэлэхэд эдийн засаг сэргэсэн, сэргээгүй, хөрөнгө оруулалт орж ирнэ, ирэхгүй хэмээн маргалдаж суух зуур аль хэдийнэ үргээд нисчих вий дээ. Үлгэр дууссан хойно гэгчээр… Данс нь хоосон улсын ходоод хоосон нь иргэд болж хоцрох вий гэдэг болгоомжлол илүүдэхгүй болов уу.
Д.Оюунчимэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: