Бид ч гэсэн хуультай болмоор байна
Өнөөгийн нийгэмд өндөр цалин хангамж, дураараа дургидаг эрх ямбыг төрийн албан хаагчид илүү хүртэж байгаа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тэр дундаа нийгмийн салбарт ажиллаж буй гэдэг утгаараа эмч, багш нар л хамгийн түрүүнд цалингаа нэмүүлж, янз бүрийн хөтөлбөр, татаас түлхээсээр орон сууцанд орж, мөн бага хүүтэй зээл гээд хүртэх үйлчилгээ нь арай ондоо. Сүүлдээ бүр салбар салбараараа хуультай болж, хууль, эрхзүйн орчинд өөрсдийгөө хамгаалуулдаг “шидэт саваа”-тай болох гэж байна.
Харин энэхүү Багшийн хөгжлийн хууль гэгчийг ардын болоод гавьяатай, гавьяагүй багш нар өөрсдөө санаачлан Н.Учрал гишүүний чихэнд шивнэв үү, аль эсвэл нийгмийн салбарт ажил хийсэн дүр үзүүлж, хүний сэтгэлийг татахын тулд эрхэм гишүүн өөрөө санаачлав уу гэдэг нь зоосны хоёр тал. Сүүлийн үед энд тэнд болж буй элдэв янзын тавилттай уулзалтад итгэхэд бэрх болсон цаг. Ихэнх нь аль нэг сонгуулийг угтаж хийдэг жүжиг болсон л доо, хөөрхий.
Гэхдээ багш хөгжиж, улам бүр боловсрохыг эсэргүүцээд байгаа юм биш. Харин ямар ч мэргэжлийн хүн бүхий л талаараа хөгжиж дэвшихэд заавал Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаар хууль батлуулах гээд байгаагийн нарийн учрыг сайн ухаж ойлгохгүй байна. Багш нар өөрөө өөрсдийгөө хөгжүүлж хүчирдэггүй бололтой.
Тэгээд л хуулиар далайлган байж хөгжлийн тухай асуудлаа арай гэж шийддэг юм уу. Бүхэл бүтэн салбараараа ингэж дампуурахаар чинь олон мянган шавь нар чинь хэнээс үлгэр дууриал авч, энэ улс орон хэзээ хөгжлийн зөв замдаа орох юм бэ. Яагаад заавал төрийн албан хаагч гэхээрээ л элдэв янзаар халамжлуулан бөөцийлүүлж, түүнийх нь зардал чирэгдлийг хувийн хэвшлийнхэн яс махаа цайтал зүтгэсэн хөлс хүчээрээ төлж байх ёстой юм бэ.
Хувийн хэвшлийнхэн л энэ улсын төсвийг татвараараа тэтгэж, тэнд ажиллаж буй иргэд хэчнээн арван илүү цагаар ажилласныг хэн ч таашгүй. Товчхондоо, энэ улсын эдийн засаг тэдний нуруун дээр л дүүжигнэж яваа нь үнэн.
Тэгсэн мөртлөө тэд хамгийн өндөр татварыг хайр найргүй төлж, жаахан алдаа дутагдал гаргавал хамгийн чангаар шийтгүүлэн баалуулж, бас л торгууль, шийтгэвэр төлж улсын төсвийг бүрдүүлнэ. Ер нь хувийн хэвшлийнхэн ажил хийсэн ч төсөв бүрдүүлнэ, ажиллагаагүй ч төсөв бүрдүүлэх бичигдээгүй хуультай болчихлоо. Ийм атал тэднийг хамгаалсан хуулийг баталж яагаад болохгүй гэж. Хувийн хэвшил бол мөнгөний машин.
Түүнийг нь төрийн албан хаагч гэдэг гоё нэртэй “угжны систем” ховх сорж байна. Харин энэ талаар эсэргүү үг дуугарсан хүн энэ нийгэмд муухай харагдана. Тиймээс төрийн албыг хууль ёсоор угжих, эсвэл өөрөө төрийн албан хаагч болж угжуулах гэдэг хоёр сонголт энэ нийгэмд бий.
Тэгвэл уучлаарай, адил тэгш хууль, эрхзүйн орчныг л хувийн хэвшлийнхэн яг одоо хүсч байна. Яагаад төрийн алба гэсэн сэтэртэй болгон хуулиар хамгаалуулж, хувийн хэвшлийнхэн хуулийн шийтгэл хүлээж байх ёстой юм бэ. Бид ч гэсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх эсвэл хөхиүлэн дэмжих хуультай болмоор л байна шүү дээ. Яагаад болохгүй гэж. Үгүй бол салбар салбараар нь хууль гаргаж учиргүйтэхээ больчихвол ямар вэ.
Эх сурвалж: Монголын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.