Төрийн түшээ эзэнтэй даруухан МОНГОЛ АЙЛ
УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурьтай Төрийн ордонд баасан гаригийн үдээс хойш уулзлаа. Гэрт нь өнжих гэж тэр л дээ. Уг нь өнжих айлдаа өглөө эртлэн очвол сайн сан. Гэвч бидний очих гэрийн эзэн тэнд ч уулзалт, энд ч чуулган гээд завгүй явлаа. Энэ байдлаараа тэр шөнөөс нааш харихгүй нь бололтой. Хаашаа л явна нойтон хамуу шиг дагах биднээс залхсан уу үдээс хойших чуулганаа тасдаад гэрийн зүг хөдлөхөөр болсон юм. Туслах нь ийш тийш утасдаж, унаа захиалах асуудал хөөцөлдөв. Тэр хооронд нь гишүүний өрөөнд жаахан “буу” халлаа. Тайландад гурван жил Элчин сайдаар суусан түүний хувьд сонирхуулах, Монголтойгоо жиших зүйл ихтэй юм. Тайландад тэгдэг, манайд ингэдэг гээд л ярилаа. Жишээ нь, тэнд сонгуулийн тогтолцоог манайхан шиг чухалд тооцдоггүй. Харин сонгууль будлиантуулсан нөхдүүдэд дориухан хариуцлага тооцчихдог гэнэ. Сонгууль луйвардах гэсэн этгээдүүдийг шийтгэх нь хөл бөмбөгийн торгуулийн зарчмаар явдаг нь сонин юм байна.
Булхайтах алхам хийсэн нэр дэвшигчийг эхлээд шар хуудсаар торгоно. Тэгээд хашрахгүй бол улаан хуудас өгнө. Бүр зогсохгүй бол сонгуулиас хасагддаг байна. Ингээд өнгөрч байгаа юм биш. Сонгуулийн дараа шар, улаан хуудсаар “торгуулсан” нөхрийн хэргийг шүүж, гэм зэмтэйг нь тогтоодог хатуу хуультай. Ийм учраас Тайландад сонгуулийн луйвар хийх зоригтон байдаггүй. Саналын хуудсаа хаа хамаагүй дэлгэж тоолдог, тэглээ гээд ямар ч булхай ордоггүй юм гэсэн. Манайд ингэвэл завхарсан юм болно биз. Уг нь манайхан тогтолцоонд хамаг анхаарлаа төвлөрүүлж, хэрэлдэж сууснаас хариуцлагаа ийм маягаар чангатгачихвал шударга сонгууль гээчийг ядаад байх юмгүй хийчих бололцоотой юм билээ.
“Манайх гэдэг айл чинь арав гаруй удаа нүүсэн байна лээ, эхнэрийн тооцоогоор. Би Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгсч анхны томилолтоо аваад Улаан-Үдэд очиж байлаа. Дараа нь АНУ явах томилолт авсан. Хамгийн сүүлд Тайландад ирж билээ. Энэ хугацаанд хамгийн их “хэлмэгдсэн” хүн нь манай том хүү. Орос цэцэрлэгт дөнгөж ороод явж байхад нь АНУ руу нүүчихсэн. Тэнд дунд сургуульд элсээд зүгширч байхад нь Тайланд руу явчихаж байгаа юм” хэмээн хуучилж суутал “Гадаа машин ирчихлээ” гэх мэдээг туслах нь дуулгав. Гараад очтол машин байдаггүй ээ. УИХ-ын даргын туслах өрсөөд унаад явчихаж. Ингээд явгарсан тул бид үүдэнд хэсэг зогслоо. Хажуугийн өрөөнд Төр засгийн авто баазын жолооч нар шаагилдан тоглоом наадам болцгоох нь сонсогдоно. Гишүүний туслах хүүхэн дээрээс бууж ирээд жолооч нарын өрөө рүү орж гаран наашаа цаашаа баахан гүйнэ. “Та нарын нэг нь явчихаач” гэвч “манай дарга дуудна” гээд хөдлөх хүн үгүй аж. Бид гурав хүлээсээр л байлаа. Гишүүн ч юм дуугарахгүй юм. Ингээд туслах хүүхэн өөрийнхөө машинаар хүргэж өгөхөөр боллоо. Замдаа “Байнгын хороонд хуваарилдаг машинаа авъя гэж хэлэх үү” гэх туслах хүүхний яриаг гишүүн дэмжиж явав.
Нар хэвийх дөхөж буй оройхон хэрд бид Я.Батсуурийнх гэдэг айлд орсон юм. “Гэрт хэн байна” гэх гэрийн эзний асуултад хариу өгөх хүн гарсангүй. Гэрийн эзэн наагуур цаагуур явж ирээд “Манай охин өрөөндөө халуураад хэвтэж байна” гээд хувцсаа сольсонгүй ирээд суулаа. Бодвол буцаад гарах шинжтэй. Ингээд хэн хэн нь хэсэг чимээгүй байв. Хананд өлгөсөн гэр бүлийн хөрөг, хурдан бор азарганых нь зургийг харлаа. Хар цагаанаар хослуулсан хөшиг, гэрлийн бүрхүүл зэрэг нь өрөөг өнгөлөг болгож гэсэн бодол эргэлдүүлж, гэрийнх нь орчин үеийн засал чимэглэлийг харж, өөр илүү дутуу ганган чамин юу байна хэмээн ажиж суусан нь эмэгтэй хүний зан биз ээ.
“Манайх нэг иймэрхүү л айл даа” хэмээснээр гэрийн эзэнтэй хуучлах яриа эхэлсэн юм. Тэрээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын төрөлх. Түүний өвөө сумандаа мундаг уяач, сайн малчин Дашзав гэнэ. Энэ өвгөний гар дээр өссөн учраас багадаа сайн адуучин, мундаг уяач болохыг мөрөөдөж явжээ. Харин дунд сургуульд ороход нь Усны аж ахуйн жолооч ажилтай аав Яйчил нь түүнийг эрдэм номын мөр хөөлгөнө гээд аймгийн төвд дэргэдээ авсан гэдэг. Батсуурь хүү ч номын мөр сайн хөөсөн тул дунд сургуулиа онц төгссөн байна. Тэгээд Новосибирскийн Цахилгаан холбооны ангид суралцах хуваарь авчээ. Сургуулийнхаа томилолтыг авахаар намар нь хотод иртэл Боловсролын хүрээлэнгээс дуудаж. Москвагийн олон улсын харилцааны сургуульд дарга нарын хүүхдүүд явж байна гэсэн хэл ам гарсан тул тэр жил Орост сургуульд явах хуваарь авсан малчин, энгийн ардын хүүхдүүдээс шүүж Я.Батсуурь нарын хэдэн сурагчийг сонгосон байж. Малчин ардын дөнгүүр сурлагатай хүүхэд байсны ачаар ч юм уу тухайн үед томчуудын хүүхэд сурдаг байсан Москвагийн олон улсын харилцааны их сургуульд явах хувь тохиосон гэдэг. Дипломат албанд зүтгэж, амьдралынхаа 18 жилийг эх орноосоо хол хилийн цаана өнгөрүүлжээ. Хамгийн сүүлд Тайланд Улс дахь Монгол Улсын бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж, эзэмшсэн мэргэжлийнхээ дээд оргилд хүрсэн учраас улс төрд хүч сорихоор нутагтаа буцсан байна. Харин эхнэртэйгээ их сургууль төгсөх жилээ танилцжээ. Нутагт нь дадлага хийхээр ирсэн нягтлан бүсгүйг амралтаараа яваа Москвагийн их сургуулийн төгсөх ангийн оюутан залуу эргүүлж байж авч суусан гэдэг.
ГЭРИЙН ЭЗЭГТЭЙГ БУХИМДУУЛЖ ОРХИВ
Ийм яриа дэлгэж суух зуур гадаа хэдийнэ бүрэнхий болжээ. Гэрийн хаалга дуугарч, хүн орж ирэх чимээ сонстов. Гэрийн эзэгтэй ажлаа таран ирж байгаа нь тэр аж. Зочных нь өрөөнд хэдийнэ тухалсан биднийг хараад гайхах шиг боллоо. Учир нь гэрийн эзэн түүнд зочид ирэх тухай огт дуулгаагүй болоод явчихлаа.
“Монголын номер нэг сонины сурвалжлагч нар манайд ирчихээд байна” хэмээн хэлэх нөхрийнхөө үгийг сонсоод эзэгтэй гэнэт балмагдсандаа ч тэр үү тийм ч таатай хүлээж авсангүй бололтой. Өрөөнийхөө ундуй сундуйг эмхэлж гарлаа. Гэрийн эзэгтэйн хувьд урилгагүй зочид болсон бид ч тэрүүхэндээ жаахан сандрав. Гэвч гэрийн эзэгтэй хувцсаа сольж өмсөөд удалгүй цай цүй болж гүйлээ. Гэртээ гэнэт зочин авчирч дураараа загнасан хэнэггүй нөхөртөө жаахан гомдсон ч ийнхүү удалгүй тайвшрав бололтой.
Гэрт ирээд удаан суусан бид Н.Энхцэцэг эзэгтэйн гарын хийцтэй цайг ууж, гэрийн уур амьсгал ч халуун дулаан болоод ирэв. Гайгүй нүүр хагараад ирсэн учраас “Танайх гэрийн үйлчлэгчгүй юм уу” гээд асуучихлаа. Гэтэл гэрийн эзэгтэй “Үйлчлэгчтэй байсан бол манайх ингээд хөглөрөхгүй л байхгүй юу” хэмээв. Бид цаашлаад бүр даварч гарлаа. “Өрөөнүүдтэй чинь танилцъя л даа” хэмээн тогтож суухаа болилоо. Гэрийн эзэн ч уриалгахан байв. Харин эзэгтэй л жаахан дурамжхан байлаа. Гэрэл гялсхийн зураг дарах биднийг төвөгшөөж “Айл гэрийн зургийг хамаагүй дараад байх шаардлагагүй шүү дээ. Тэгээд унтлагын ор нь ийм, тийм юм билээ, тэднийх төчнөөн өрөө байртай гээд л бичээд байдаг юм билээ” гэв. Харин цаанаас нь гэрийн эзэн “Юу гэсэн үг вэ” хэмээн хоорондоо зөрөлдөх хандлагатай болоод явчихав. Тэгсгээд байдал хэвийн болж, эхнэр, нөхрийн харилцаа найрсаг аядуу болсон юм.
Өрөө хэсч явсан бидний нүдэнд шагайн харвааны ширээ содон туслаа. Хүмүүс шатарт дурладаг шиг Я.Батсуурь гишүүн шагайн харваанд нугасгүй юм байна. Тэрээр 1987 оноос хойш шагайн харваанд хорхойсчээ. Одоогийн байдлаар шагайн харвааны дархан мэргэн цолтой. Шагайн харвааны холбооны тэргүүний ажилтай юм билээ. 1990-ээд оны дундуур шагайн харваанд “донтож” эхэлсэн гэдэг. Ажлын өдрүүдэд тэр бүр өглөө эрт уриалгахан босдоггүй хэрнээ амралтын өдрөөр шагай харвахаар эрт гэгч нь яваад өгчихдөг байсан гэж байгаа. Аргаа барахдаа эхнэр нь шагайн харвааны хэрэгслийг нь нуучихна. Тэгээд ч нэмэргүй. Гэр орноо буулгах шахам сандайчна. Дуртай зүйлийг нь хорих хэрэггүй юм байна гэдгийг тэр үед ойлгосноо эхнэр нь ярьж байлаа. Өдгөө тэрээр төрийн их ажилд зүтгэж байгаа ч гэлээ шагайн харваагаа орхиогүй тоглосоор яваа юм байна. Гэхдээ ид тоглож байх үеэ бодвол харьцангуй багассан гэнэ. “Суугаа ажил хийдэг хүмүүст шагайн харваа их хэрэгтэй. Нясалсан шагайгаа авах гээд босч, суух нь олонтаа. Тиймээс энэ нь нэг төрлийн спорт болж байгаа юм” хэмээн Я.Батсуурь гишүүн шагайн харваагаа магтана.
Мөн эднийх ирсэн зочин гийчиддээ морины хусуур, зураг, хурдан морьдынхоо зургийг үзүүлж бахархдаг аж. Гэрийн эзэн өөрийнхөө уяж хурдлуулж байсан морьдынхоо бичлэгийг үзүүлж “гайхуулдаг” юм байна. Үнэхээр ч өрөөнд нь байх эд зүйлсийн дунд бурхны хөрөгтэйгээ зэрэгцүүлэн тавьсан, морины хусуур, морьдынх нь зураг содон харагдах юм билээ.
Он удаан жил хадгалагдаж, эцэг өвгөдөөс нь өвлүүлж үлдээсэн дархан хийцийн мөнгөн аяга ч ихтэй бололтой. Тэр аяганаасаа нэгийг бидэнд харуулав. Эд хуучрах тусмаа үнэтэй гэгчээр элэгдэж мөлийсэн ч гэлээ нүнжигтэй харагдах том мөнгөн аяга байлаа. Энэ нь гэрийн эзний цай, хоолоо иддэг хайртай аяга нь юм гэсэн. Өвөөгийнх нь хэлснээр бол энэ аяга 60-70 “настай” гэнэ лээ. Харин сүүлд төрийн түшээ болсны бэлэг гэж найз нөхдөөс нь өгсөн мөнгөн аяга нэлээд нэмэгджээ.
Я.Батсуурь гэж хүнийг УИХ-ын гишүүн болохоос өмнө эднийх дэн буудал шиг л байж. Хөдөө гадаанаас ирсэн хүмүүсийн хөлд дарагддаг байсан гэдэг. Энэ үед өвлийн идэш болгож хоёр үхэр, арваад хонь идсэн нь хүрэлцдэггүй байсан гэнэ. Гэвч өдгөө төрийн түшээ хүнээс жаахан дөлдөг ч юм уу, хөдөө гадааныхан нэг их ирэхээ байжээ. Тиймээс эднийх өвлийн идэшнийхээ нэг үхрийн махыг ч барахаа байсан тухай гэрийн эзэн хошигнон өгүүлнэ.
СӨРӨГ НАМЫНХАНТАЙГАА НӨХӨРЛӨСӨН Я.БАТСУУРЬ
Я.Батсуурь гэдэг энэ айлд амралт болоод баяр ёслолын өдрүүдээр зочилдог найз олон бий. Түүний оюутан цагийн андууд болох УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нартай тун дотно юм байна. Тэд 1990-ээд оны дундуур Австрали улсад хамт сурч явсан нэгэн үеийнхэн аж. Үүнийг улстөржүүлбэл тэрээр дандаа сөрөг намынхантайгаа нөхөрлөдөг юм байна.
Тиймээс нам, засгийн ажлаас болж хоорондоо зөрчилдөх нь бий. Саяхан гэхэд л Шивээ-Овоогийн лицензийн асуудлаар Д.Зоригт найздаа асуулга тавиадахсан. Үүнээс болж тэдний хооронд албан журмын багагүй маргаан дэгдээд авсан. Гэлээ гээд дараа нь амин хувийн хонзон санадаггүй сайн найзууд гэнэ. Гэхдээ сайд, дарга найз нар нь хааяа түүнд хандаж “Ажлыг минь буруу ойлгосон байна лээ” хэмээн гоморхох тал ч гардаг гэсэн. Харин парламентын гишүүн болсноосоо хойш П.Алтангэрэл гишүүнтэй үй зайгүй нөхөрлөх болжээ. Нас чацуу, нам нэг тэд эхэндээ парламентын шинэковууд учраас ойр байцгаасан гэдэг. Харин сүүлдээ салшгүй сайн найзууд болж, гэр бүлээрээ нөхөрлөж байгаа аж. Тэрээр найз П.Алтангэрэлээ “Жинхэнэ өөрийн чадлаар, эгэл жирийн амьдралаас УИХ-ын гишүүн болсон хүн” хэмээн үнэлдэг юм билээ. УИХ-д анх удаа сонгогдож, төрийн түшээ болсон Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Д.Зоригт, Д.Кёкүшюзан Батбаяр нартай ч амь нэгтэй байдаг аж. Харин урлагийнхнаас төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай сайхан найзууд юм билээ. Тэдний нөхөрлөл Я.Батсуурь гишүүнийг АНУ-д ажиллаж байх үед эхэлжээ. Тухайн үед АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа хямд төсөр зардлаар урлагийн тоглолт үзүүлчих санаатай арга хэмжээ зохион байгуулжээ. Тэгэхэд нь Д.Сосорбарам гавьяатын дуулчихдаг, жүжиглэчихдэг, бас шүлэг уншчихдаг зэрэг олон авьяас санаанд нь бууж, түүнийг АНУ-д урихаар шийдсэн гэдэг. Ингэж л тэр хоёрын нөхөрлөлийн холбоо үүссэн байна. Үнэхээр ч тэр тоглолт хямд зардлаар бүтжээ. Ганц хүн очоод л бүхэл бүтэн урлагийн тоглолт үзүүлчихсэн учраас тэр л дээ.
“ЦАГААН САРЫГ ГАР ТАТАЛГҮЙ ТЭМДЭГЛЭХ УЧИРТАЙ”
Я.Батсуурь гэдэг айлынх гадаадад олон жил амьдарсан хүн гэхэд гоё тансаг хоол хүнсэнд “шунаад” байхгүй юм. Гэрийн эзэн сүүтэй цай ууж, махаа чанаж идэхийг илүүд үздэг нэгэн аж. Шинэ жил гэж сүржигнээд байдаггүй. Хүүхдүүдээ бага байхад нь гацуур мод засдаг байсныг эс тооцвол одоо бүр тоохоо байжээ. Харин Цагаан сар өргөн дэлгэр тэмдэглэдэг юм байна. Наадмаар бол морь, шагай гэж давхиад бүр ч их хөөрцөглөнө. Энэ баяраар хэдий их мөнгө зардал шаардагддаг ч гэлээ эртнээс уламжилж ирсэн үндэсний баярыг гар таталгүй сайхан тэмдэглэх учиртай гэж боддог гэнэ. Сар шинээр бол нутагтаа байгаа аав, Төв аймгийн Баян суманд амьдрах хадмууддаа золгоно. Д.Яйчил гуай өдгөө 80 гаруй настай нутагтаа энх мэнд амьдарч байгаа юм байна. Тиймээс Я.Батсуурь гишүүн амралтын өдрүүдээр аавдаа очдог аж. Далимд нь тойргоо ч эргээд авдаг бололтой. Гэрийн эзэн ажлын өдрүүдэд барагтаа бол гэгээтэйд гэртээ ирдэггүй. Амралтын өдрүүдэд ингээд завгүй тул гэр бүлээрээ дэлгүүр хэсэхийг мартсан гэнэ.
Төрийн хүн болохоор ихэнхдээ албаны хувцас өмсөнө. Түүнийг нь эхнэр нь өөрөө сонгоод аваад өгчихдөг болохоор гишүүнд дэлгүүрээр явах шаардлага тэр бүр гараад байдаггүй юм билээ. Харин сүүлийн үед эхнэрийнхээ сонгосон монгол дээлийг өмсөх дуртай болжээ. Хөдөө томилолтоор явах нь ихээс гадна уламжлалаа бодсон ч монгол дээлээ өмсөх нь хавьгүй илүү гэж боддог юм байна. Д.Сосорбарам гавьяаттай хамт нэг үйлчнээр дээлээ урлуулдаг юм билээ.
Энэ тэрийг хөөрөлдсөөр суутал хэдийнэ орой болжээ. Өрөөндөө халуурч хэвтэх охин хааяа нэг ариун цэврийн өрөө орж харагдана. Айлын дунд охин тэрээр Тайландад их сургууль төгсөөд ирчихээд байгаа нь энэ гэнэ. Харин том хүү нь найз нартайгаа нийлж Уул уурхайн өрөмдлөгийн компани байгуулжээ. Хөдөөгүүр явдаг ажилтай учраас гэрийн бараа харах нь тун ховор юм байна. Ажлаа дөнгөж эхэлж байгаа залуу бизнесмэний хувьд аавынхаа ланд круйзер машиныг булаацалддаг гэнэ. Энэ удаа ч хөдөө унаж яваад аавыгаа явгалчихжээ. Бага хүү нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн оюутан. Хичээлээсээ тарж ирээгүй байлаа.
Ийнхүү гэр бүлийн гишүүн цөөн, төрийн түшээгийнх гэж сүрдмээргүй, жирийн л нэг даруухан монгол айлд нэг үдшийг өнгөрөөсөн нь энэ. Буцаж явах ажилтай хэмээж байсан гэрийн эзэн биднийг эхнэрийнхээ машинаар дөхүүлж өгөхөөр цуг гарлаа. Замдаа “Манай байрны чанар жаахан муу. Дээд, доод давхрын айлуудад хүүхэд уйлах нь сонсогдоно. Энэ хороололд надаас өөр гишүүн амьдардаггүй юм. Харин хажуугийн хауст “танхим”-ын Дэмбэрэлийнх байдаг юм билээ. Эхнэр бид хоёр зуслангийн байшин барих гээд хоёр жил болж байна. Дуусгаж чадахгүй л явна” гэх яриа дэлгэсээр Төрийн ордны гадна ирлээ. Гэвч бидэнд уягдаж, гэртээ удсан болохоор тэрээр эндэх ажлаасаа хэдийнэ хоцорсон байв. Тиймээс биднийг дөхүүлж өгөөд л гэрийн зүг буцлаа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ, Т.ГЭРЭЛМАА
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: