Байгаль дэлхийн долоон гайхамшгийг тодруулах гэж байна
Манай гаригийн долоон диваажин юу вэ. New7Wonders.com веб сайт байгаль эхийн 28 гайхамшигт бүтээлийг сонгон санал хурааж байгаль дэлхийн долоон гайхамшгийг тодруулах гэж байна.
Хамгийн их санал авсан газрын “Долоон диваажин”-г 2012 оны эхээр зарлаж алдаршуулах юм. Нэр цуутай хүмүүс өөрийн улсын байгалийн гайхамшгийг дэмжихийг уриалан дуудсанаар энэ шалгаруулалт дэлхийн хэмжээний нэр хүндтэй болж чадсан байна.
Хөлбөмбөгч Месси улсынхаа телевизээр гарч Игуазу хүрхрээг дэмжихийг уриалсан юм. Санал хураалтад оролцож байгаа 28 гайхамшгийн заримаас онцолбол Аргентины Игуазу хүрхрээ, Танзанийн Килиманжаро уул, Эквадорын Галапагос арал, Америкийн Колорадогийн Их хавцал, Германы Хар ой, Вьетнамын Халонг булан, Солонгосын Чежү арал Италийн Весувиес сөнөсөн галт уул, Өмнөд Африкийн Ширээ уул зэрэг байна.
New7Wonders өмнөх санал асуулгаараа хүний гараар бүтсэн долоон гайхамшгийг тодруулсан билээ. Дэлхийн 103 сая хүн саналаа өгч Хятадын Цагаан хэрэм, Рио-де-Жанейро хот дахь Христийн хөшөө, Ромын Колизео, Иорданы Петра сүм, Мексикийн Чичен-Итца пирамид, Перугийн Андын нурууны орой дээрх Мачу-Пикчу хотын туурь долоон гайхамшгаар тодорсон юм. Долоон гайхамшгаар тодорсон газруудын зочин, гийчний тоо гурав дахин нэмэгдэж, Иорданы Петра сүм гэхэд л таван тэрбум долларын нэмэлт орлого олжээ.
URL: