Д.Гантулга гишүүн ээ, Та УИХ-ын гишүүнээс нэрээ татаж, Монголын улстөрд ШИНЭ СОЁЛ бий болгооч!

10197

Монгол төрд зүтгэж явсан, өдгөө зүтгэж буй  хүмүүсийн тоо олон. Хүний олон дотор сайн, саарын аль алинаар нь хэлж яригдаж байдаг хүмүүс бий. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэлд нэр холбогдож байсан түүхийг санахгүй юм. Харамсалтай нь, УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Д.Гантулга ийм мэдээлэлд холбогдоод байна. Тэрбээр уг асуудлыг гүтгэлэг хэмээн байр сууриа илэрхийлж буй. Ийм мэдээлэл тараасан сошиал дахь аккаунтыг шалгуулж байгаа хэмээн ярьсан байна лээ.

Тийм байж болно л доо. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд сонгогчдын өмнөө төр түших эрхийг нь гартаа атгаж,  УИХ-ын гишүүн болсон хүн нэн тэргүүнд ёс зүйн төлөвшил өндөр түвшинд байх ёстой. Тиймээс юуны түрүүнд УИХ-ын гишүүнээсээ татгалзах нь, сонгогчдоо хүндэлж буйгийн тод илэрхийлэл болох юм. Гадны улс орнуудад улстөрчид нь ямар өндөр ёс зүйтэй байдаг вэ гэдгийг та бид бүгд мэднэ. Төр түшнэ гэдэг бол түмний өмнө хариуцлага хүлээхийн нэр гэдгийг гадны улстөрчид маш сайн мэддэг. Сошиал хуудсандаа цээж нүцгэн зурагаа тавьсан улстөрч парламентын гишүүний суудлаасаа бууж чадаж байхад, хүчингийн гэх хэрэгт нэр ус нь холбогдоод байгаа гишүүний хувьд УИХ-тай зууралдахаасаа илүү нэрээ цэвэрлэж авахад анхаармаар юм.

Л.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар тольд “Ёс зүй гэдэг ойлголтыг “юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр Д.Гантулга гишүүний хувьд залуу хүн байна даа. Бусдад үлгэрлэж, ёс зүйг эхэнд тавьж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, нэр сүрээ асуудалгүй болгосон хойноо, сонгуульд дахин өрсөлдөж яагаад болохгүй гэж.

Тэр бол хамгийн залуу гишүүн. Түүнд дахиад хэдэн ч удаа гишүүнээр сонгогдох боломж бий. Гагцхүү НЭР ЦЭВЭР, ҮЙЛДЭЛ ЦЭВЭР байвал шүү дээ. Тиймээс тэр эхлээд бүх эргэлзээг тайлах хэрэгтэй байна. Бүрэн цэглэх хэрэгтэй байна.

Тэрбээр news.mn сайтад тайлбар өгөхдөө  “Сонгууль дууссаны дараа гүтгэлэг дуусах байлгүй дээ. Сошиалаар тарааж байгаа бичлэг дээр тэр хүн цаашаа хараад суучихсан, хоолойны өнгийг нь өөрчилсөн, нэр ус нь тодорхойгүй байдаг. Бичлэгийг анх 30, 40 дагагчтай хуурамч хаягнаас зохион байгуулалттай тараасан байгаа юм. Тэр хаягийг нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа. Би “Намайг гүтгээд байна” гэж хэлэх биш гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар дэлгэнэ. Одоохондоо тэр эзэн биегүй хаягны асуудал ойлгомжгүй байгаа тул цаг хугацаа хэрэгтэй байгаа. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Зарим нь ‘Женко’-гийн талаар мэдээлэл хийгээд, ийм юм боллоо гэж таамаглаж байгаа. Зарим нь Д.Гантулга ‘Залуу хүн юм чинь магадгүй’ гэсэн бодолтой байгаа. Ийм үед би гарч ирээд “Гүтгэлэг байна” гэж ярихаар хэн итгэх вэ дээ. Цаад хүмүүс нь итгүүлэхгүй байхын төлөө ажиллана. Тэгэхээр хаяг нээсэн эзнийг олж, гүтгэлэг гэдгийг нь баримттайгаар нотолно”  гэсэн байна лээ.

Тэр залуу хүн. Түүнээс нэн тэргүүнд ЁС ЗҮЙ-тэй байр суурийг олон нийт хүлээж байна.


URL:

Сэтгэгдэл бичих