Нийслэлд жилд 19 км зам л тавьдаг

УИХ-ын чуулганы баасан га­ригийн үдээс өмнөх хурал­даа­наар Нэмэгдсэн өрт­гийн албан татвар,   Гаалийн ал­бан   татва­раас  чө­лөө­лөх ту­хай хуулийн төс­лийн хэ­лэл­цэх эсэ­хийг шийд­вэр­лэв. Ха­рин  үдээс хойш үргэлжилсэн хурал­даа­наар Төрийн бай­гуу­лалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас Ерөнхий сайдад хаяглсан асуулгын хариуг сонссон юм.

Энэ талаарх мэдээллийн хариуг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга гишүүдэд дуул­гасан. Эрхэм гишүүн энэ удаа “Монгол Улсын авто за­мын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын явц байдал, цаашид авах арга хэмжээний талаар” тодруулахыг хүсчээ.

Тэгэхээр энэ онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авто зам барихад зориулж 27.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин засвар арчилгаанд 12.4 тэрбум төгрөг тусгасан бол нийслэлийн хэмжээнд 19.9 км зам шинээр барьсан байна. Түүнчлэн 41 км зам өргөтгөсөн аж.

Өөрөөр хэлбэл, энэ бүхний дүнд засч, сайжруулах шаардлагатай авто зам Улаанбаатарт 80 хувьтай байсан бол одоо 67 болж буур­чээ. Харин нийслэлийн авто замын түгжрэлийг буу­руу­лах зорилгоор Хятадаас авах хөн­гөлөлттэй зээлийн хү­рээнд гүүрэн гарц зургааг бари­хаар төлөвлөжээ. Мөн “Ши­нэ бүтээн байгуулалт” хө­төл­бө­рөөр 350 км авто замыг өргөт­гөж, шинэч­лэ­хээр болсон байна.

Түүнчлэн асуулгын үеэр гишүүд салбарын сайдаас олон асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Батсуурь Чойр-Сайншанд чиглэлийн 176 км замын ажил саатаад, долоон жил болж буйн учрыг асуусан. Тэрбээр “Монгол Улс инпортын барааны дийлэнх хэсгийг урд хөршөөсөө авдаг.

Гол ачаа Замын-Үүдээр ирдэг. Манай дэд бүтэц хөгжөөгүйгээс болж, төмөр замд л найдахаас аргагүйд хүрдэг. Тэгтэл төмөр зам дуртай үедээ тээврийн зард­лаа нэмж, иргэд, аж ахуйн нэг­жүүдийг чирэгдүүлж байна.

Зүй нь тэр 176 км авто зам ба­ригд­чихвал Улаанбаатар руу ачаа тээвэрлэхэд дан ганц төмөр зам царайчлах шаардлагагүй болно” хэмээн авто тээврээр дамжуулах бололцоотой гэдгийг санал болгож байв. Харин яамны мэргэжилтнүүд гишүүний асуултад “Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани тендерт шалгарчээ.

Тэгээд Чойр-Сайншандын авто зам барихаар болсон ч, 2007 онд шатахуун тослох материалын үнээс болж, ажлаа зогсоосон. Дараа нь дахин тендэр зарлаж, БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани шалгарсан ч ажлаа хийж байснаа гэрээгээ цуцалсан.

Эцэст нь 174 км авто замыг хоёр хэсэг болгож, ажлыг нь эхлүүлэхээр болсон ч, мөн л хэцүүхэн байдалтай байгаа. Ингээд л мөнөөх замын ажил явагдахгүй зургаа, долоон жилийн нүүр үзсэн” хэмээв. Ямартай ч өнөөдрийн байдлаар энэхүү 176 км замын ажил зогсонги байдалтай буй. Өмнөх компанийн хэсэг зайд тавьсан зам шороонд хучигдаж, төсвийн хөрөнгө үргүй зарагдахад хүрсэн байна.

Харин Х.Баттулга сайдын мэдээллээр манай улсын авто зам хөгжлийнхөө хурдыг гүйцэхгүй болоод байгаа аж. Хүн амын дийлэнх нь амьдардаг нийслэлд жилд ердөө л 19 км шахам зам шинээр баригддаг аж. Харин нэг өдөрт нийслэлийн хэмжээнд машины дугаар 500 гаруй ширхэг зарагддаг юм байна. Тэгээд ч манайхны барьсан авто зам чанар муутай тул ашиглалтад ороод л эвдрэх нь энүүхэнд гэнэ.

Түүнчлэн 50 тоннын даацтай ачаа ачих ёстой ч ашиг харж, 100-150 тонн хүртэл ачаа ачдаг аж. Гэтэл авто зам дээгүүр явсныхаа төлбөрт жилд 100 гаруй мянган төгрөг төлдөг байна. Мөн үндэсний компаниудын барьдаг замын өртөг бага. Иймд ирэх жилийн төсөвт нэг км авто замыг 430 сая төгрөгт багтаан барихаар хөрөнгийг төсөвт тусгажээ.

Дашрамд дуулгахад, салба­рын яамны зүгээс Японы “ЖАЙКА” байгууллагын тус­ламж­­­тай­гаар Улаанбаатар хо­тод метро байгуулах нь за­мын түгжрэлийг бууруулах гарц байж болох гэдэг дээр су­дал­­гаа хийлгэж байгаа аж. Түүнч­­лэн Хя­тад  улсаас авах хөн­­гө­­лөлттэй зээлээр хотод гүү­рэн гарц ба­рихаар төлөвлөөд байгаа гэнэ.

О.Сэлэнгэ

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих