А.Баталов: “Амьдрал нулимсанд дургүй”-д тоглоод улс төрд орохоо больсон

Алексей Баталов амьдралтай салах ёс гүйцэтгэхээсээ долоо хоногийн өмнө “Долоо хоног” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр сүүлчийн ярилцлагадаа хүүхэд нас, дайн, урлагтай хэрхэн холбогдсон, хайртай дүр, Анна Ахматовагийн тухай гээд бүгдийг нэг дор санан дурсахыг хүссэн мэт өргөн сэдвээр яриа өрнүүлсэн байна. “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошагийн дүрээр Монголын үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрсөн алдарт жүжигчний сүүлчийн ярилцлагыг хүлээн авна уу.

zurag3(2)-Алексей Владимирович, саяхан хэсэг хүмүүс танд туслахаар хандив цуглуулж байгаа дуулдсан. Тусгай дугаар тавиад мессеж бичихийг хүссэн байна лээ. Энэ хүмүүс залилан мэхлэгчид байсныг эртхэн мэдсэн нь аз. Гэхдээ, хэзээ нэгэн цагт танд хүмүүс туслахыг хүсээд, хандив цуглуулаад ирлээ гэхэд та авах байсан уу?  

-Үгүй… Хэзээ ч үгүй шүү. Хэрвээ хүмүүс миний нэрээр хандив гуйж байгаа бол тэд луйварчид гэсэн үг. Би бусдаас бадар барьтлаа ядуурчихаагүй байна. Хэрэгцээ шаардлагатай зүйл надад бүгд бий. Харин зарим нэг ахмад жүжигчид үнэхээр хэцүү амьдарч байгаагааг харахаар бурхныг зүхмээр санагдах юм. Таны ярьсан зүйлийн талаар олж мэдээд сэтгэлээр унасан шүү. Надад хэзээ ч хийж чадахгүй зүйлс гэж бий. Мөнгө олохын тулд сурталчилгаанд тоглох, жижигхэн дүрийн санал хүлээж авах гэх мэт. Үүн шиг шүтэн бишрэгч, дэмжигчдээсээ хэзээ ч мөнгө гуйж чадахгүй. Тэгээд амьдрал ийм хэцүү байхад шүү.

-Таныг саяхан дурсамжийн номоо бичиж дууссан гэж сонссон. Та чинь язгууртан удамтай юм гэв үү?

-Энэ үнээн. Би өөрөө ч эхэндээ энэ талаар мэдээгүй. 1930-аад оны үед, намайг жаахан хүүхэд байхад Владимирт аваачиж, өвөө, эмээтэй минь золгуулж байсан юм гэнэ лээ. Тэр үед энэ талаар ярих хориотой байсан. Ялангуяа эмээгийн маань тал хотдоо нэртэй хүмүүс байсан гэдэг. Эмээ Нина Васильевна шүдний эмч, өвөө Антон Александрович мал эмнэлгийн дарга байлаа. Ээж минь (жүжигчин Нина Ольшевская) намайг төрүүлэх гэж Владимирт ирж, бага нас маань энэ жижиг хотод өнгөрсөн юм. Өвөө, эмээ хоёр маань таны хэлснээр язгууртан удамтай байсан, түүнээс болоод 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөцгөөсөн дөө. Өвөө шоронд нас барж, эмээ лагерьт 10 жил хоригдсон… Мэдээж, хүүхдүүд бидэнд  энэ талаар хэлэлгүй өнгөрсөн байлгүй яах вэ.

zurag2(6)-Та Владимирт төрсөн мөртлөө өөрийгөө Москвагийнх гэдэг байх нь ээ?

-Тийм ээ. Хүүхэд нас минь Москвад өнгөрсөн болохоор тэр. Бүр нарийн ярих юм бол Урлагийн театрын хавьцаа тоглож өсчээ. Ээжээс гадна аав Владимир Баталов, авга ах Николай Баталов, Виктор Станицын, авга эгч Ольга Андровская гээд олон хүн театрт ажиллаж байсан.

Аав ээж хоёр минь намайг гурван настай байхад салж, удалгүй зохиолч Виктор Ардов ээжтэй минь сууснаар бид Зохиолчдын байр руу нүүсэн гэдэг. Би жаахан болохоор юу ч санахгүй, Викторыг л ааваа гэж бодно. Том болж, учрыг мэдсэн хойноо ч өөрөөр дуудаж үзээгүй дээ.  Бага байхад гэрт минь ирдэг байсан гайхалтай хүмүүсийг яаж мартаж чадах билээ. Юрий Олеша үлгэр уншиж өгдөг байсан. Михайл Булгаков гөлөгтэй минь тоглоод л… Дээд давхарт Осип Мандельштам амьдардаг байлаа. Гэтэл Анна Ахматоваг зочилж ирээд байх үед Осипыг баривчилж, тэр мөртөө “шалгалт явуулж байна” гэдэг нэрээр А.Ахматоваг шөнө болтол гаргалгүй хорьж байж билээ.

-Та ямар хүүхэд байсан бэ?     

-Миний бодлоор бол хүүхэд байхаасаа л жүжиглэх авьяастай байсан шиг байгаа юм. Тэр үед зохиолчид зундаа амрах зорилгоор цэцэрлэг тохижуулдаг байсан. Хүүхдүүд нь тэнд тоглоно. Тэр үед би уур амьсгалыг гоё болгох гэж ус зөөдөг хүнээс морийг нь гуйж унаад хүүхдүүдийн өмнө гарч өөрийгөө хаан болсон мэтээр аягладаг байж билээ. Олон нийтийн өмнө гарах зүйл сэтгэж байгаа нь тэр. Морь гэж хөгшин, хариугүй муу ч надад бол жинхэнэ хааны хүлэг шиг санагддаг байсан юм. Тэр үед ирээдүйн эхнэрээ анх харж, догдолж байж билээ. Тэр минь ч тэр үед хүүхэд байсан…

-Дайныг сайн санадаг уу?

-12 настай байсан болохоор сайн санадаг. Агаарын довтолгооны анхны түгшүүр өгч байсныг санаж байна. Хүмүүс айдаст автацгааж, бүгд л метро руу зүглэж билээ. Эхэндээ бол Москвагаас явахыг хүсээгүй. Гэвч бага дүү Боря ой хагастай, дунд дүү Миша дөрөв ч хүрээгүй жаахан байсан учраас явахаас аргагүй болсон. Дайн эхлэх үед бүгд л “Дайн удахгүй, манай ялалтаар дуусна” гэж ярьцгаадаг байв. Гэтэл дүрвэх болж билээ. Нүүлгэн шилжүүлэлт явагдсан юм. тэгээд илчит тэргэнд суугаад Свердловск, Уфа, Казань гээд л явсан. Сонсоход хачин байж магадгүй ч энэ хүнд хэцүү долоо хоног намайг анх удаа шүлэг бичихэд хүргэсэн юм даа. Галт тэрэгний гуравдугаар давхрын сандал дээр гарч хэвтэх тэр үед “Галт тэрэг намайг бүүвэйлнэ. Кино дэлгэц шиг харанхуй цонхны цаана, Хөрст дэлхий манантан эргэлдэнэ” гэсэн мөр шууд толгойд бууж билээ. Хожим Анна Ахматова миний уран бүтээлээ туурвидаг дэвтрийг ээжид үзүүлээд “Энэ шүлгүүд” гэж хэлж байсан. Түүн шиг алдартай яруу найрагчийн хувьд миний бичмэлийг “шүлэг” гэсэн нь их том үнэлгээ байж.
За тэгээд хотоос хот дамжин дүрвэсээр Бугульма гэдэг хотод хүрлээ. Өлсгөлөн гэдэг зүйлийг өмнө нь би хэзээ ч мэдэрч байгаагүй ч тэнд жинхэнэ утгаар нь амсч билээ. Амьд үлдэхийн тулд юу ч хамаагүй иддэг байв. Бас тамхи татахыг оролдож байлаа. Өмнө нь энэ талаар ярих боломж олдож байгаагүй юм байна шүү.

zurag1(3)-Бугульмагийнхан таныг хүүхэд байхдаа манай хотод байсан гээд их бахархдаг юм байна лээ. Хотынхоо театрыг таны нэрээр нэрлэсэн. Байгуулахад нь таны ээжийн нөлөө их байсан гэдэг?

-Тийм ээ. Театртай холбогдох болсон түүх минь ээжтэй салшгүй холбоотой. Энэ театр чинь эхлээд хоёр давхар, улаан булан л байсан юм. Улаан армид мордогсдыг гаргаж өгөх ёслол болдог, зарим нэг нь хүмүүсийг цуглуулаад илбэ мэтийг үзүлэхийг оролддог газар. Харин дараа нь ёстой жинхэнэ театр болсон.

-Анна Ахматова таны бүтээлийг шүлэг гэж өндрөөр үнэлсэн гэж байна. Түүний талаар ярьж өгөөч?

Их олон цагаар орчуулга хийгээд суучихдаг хүн байсан. Өөрөө үүнийгээ ажилгүй хүний үйл гэдэг ч үнэн хэрэгтээ их хүнд хөдөлмөр байсан юм. Хүүхдүүд болсон хойно үймүүлэх удаа гарна. Тэр үед “Би та нарт энэ талаар хэлж өгөөгүй санагдна…” гэж байгаад сургамж хайрладаг байсныг нь санаж байна. Зочид их ирнэ, хөзөр тоглоно. Мөнгөөр тоглох ч хэмжээ нь их биш.

Утга зохиолын луухгарууд болох Мандельштам, Ильф, Светлов, Олеша нар манай хөршүүд байсан. Зочдын өрөөний гол хэсэгт хүндэт зочдод зориулсан том буйдан байрлуулчихсан, тэнд нь зохиолчид голдуу сууж байдаг сан. Хүүхдүүд бид бол тийшээ ойртох ч эрхгүй. Анна Ахматова нүүж ирснээсээ хойш энэ буйдангийн гол эзэн нь болсон. Кофе уугаад л, хүмүүстэй ярилцаад л. Тэр их өвөрмөц хүн байсан. Чёлктой, дээр үеийн бошинз өмсөнө. Удаан хөдөлгөөнтэй.

Түүний талаар сайн мэдэхгүй ч ямар ч байсан Ленинградаас ирсэн гэдгийг нь санаад байдаг юм. Дайнаас өмнө ээж Анна хоёр намайг тийш нь авч явж байлаа. Тэр буцаж ирээд бидэнтэй байнга л ойр амьдарсан даа, хөөрхий. Эхлээд зохиолчдын байранд, дараа нь хожим миний аав болсон зохиолч Виктор Ардовын амьдарч байсан байранд нүүж очсон.

-Таныг түүнтэй хамт гудамжаар явахыг хараад хүмүүс хоргоодог л байсан байх даа?

-Танд сонин санагдаж магадгүй, гэхдээ тэр үед түүний шүлгүүдийг мэддэггүй хүн олон байсан юм шүү дээ. Хамт явахын тухайд бол их сонирхолтой байсан. Янз бүрийн юм ярьж өгөөд л явна. Жишээ нь, Горькийн гудамжийг Горькийн гэхгүй, Тверийн гэж хэлнэ. Кировын гудамжийг Мясницкийн гудам гэх жишээтэй. Такси зогсоосон ч жолоочид ингэж л хэлнэ. Энэ нь одоо бодоход  танин мэдэхүйн ач холбогдолтой байж.
Ээжийн минь гар дээр бурхан болсон юм шүү дээ. Өглөөний цайны дараа ээжтэй минь хамт юм ярьж сууж байгаад “түр явчихаад ирье” гээд маш тайван босч угаалгынхаа өрөө рүү орсон гэдэг. Ирэхгүй болохоор нь хойноос нь ортол шалан дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан гэсэн. Түргэнийхэн ирээд инфакт болсон гэж оношилсон байдаг.

-Та “Амьдрал нулимсанд дургүй” киноны Гошад тоглож байхдаа агуу бүтээл, үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүр болно гэдгийг нь мэдэж байсан уу? 

-Юу ч мэдээгүй. Зураг авалтын үеэр намайг “Үнэхээр мундаг тоглож байна” гэж орилж хашхирах ч юм уу баярлаж, бахархсан зүйлгүй болохоор арга ч үгүй юм. Гоша үзэгчдийн сэтгэлд илүү ойр байдгийн шалтгаан бол эмэгтэй үзэгчдийн ихэд таашаадаг тэрхүү “аз жаргалтай төгсгөл”-ийг оруулж өгсөн кино зохиол нь өөрөө юм болов уу.

Дашрамд дурьдахад, би энэ кинонд анхнаасаа тоглох бодолгүй байсан юм шүү дээ. 70-аад он бол би жүжигчний карьераа дуусгахаар шийдээд байсан үе. Улс төрд орох бодолтой байсан юм. Намын байгууллагад нарийн бичгийн даргаар ажиллах санал ирсэн болохоор Кино урлагийн их сургуулийн ажлаа ч ерөнхийдөө болих тийшээ хандаж байв. Тийм болохоор В.Меньшовыг анх утасдахад татгалзсан. Гэвч мань хүн цөхрөлтгүй хөөцөлдсөөр, натурт олон хоногоор гарахгүй , сургуулийн захиргаанаас бүх зөвшөөрлийг авчихна хэмээн ятгасаар байсан юм.

Мөн Гошагийн дүр бол миний өмнө нь тоглож байсан “Нэг жилийн есөн өдөр” киноны эрдэмтэн Герасимов, “Өнөр гэр бүл” киноны Алексей нарын аль, алиных нь шинж чанарыг агуулсан “алтан гартай” ажилчны дүр гэж хэлж билээ. Түүний хичээл зүтгэл үр дүнд хүрч би зөвшөөрсөн. Тухайн үед энэ кино миний жүжигчний амьдралд ямар итгэмээргүй том эргэлт гаргахыг мэдээгүй.


URL:

Сэтгэгдэл бичих