Д.ОЮУНХОРОЛ: ИРГЭНИЙ ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ БАТАЛГААЖСАН ТОХИОЛДОЛД ТОРГУУЛИЙН 15 ХУВИАР УРАМШУУЛНА
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарлаад байгаа. Энэ хүрээнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-“Цэвэр сайхан орчин” аяны үйл явцын талаар мэдээлэл өгнө үү?
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсантай холбоотойгоор манай яамны зүгээс аймаг, дүүргүүдийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аяныг энэ сарын 2-ноос эхлэн зарласан. Аяныг ирэх сарын 7-ны өдөр дүгнэх байсан ч дахин санал хураалттай давхцсан учир хугацааг наашлуулах эсвэл хойшлуулах талаар ярилцаж байна. Аймаг, дүүргүүд идэвхи санаачилгатай оролцож, орчноо цэвэрлэх аян зарласнаас гадна Байгаль орчны мэргэжилтнүүд нь аж ахуйн нэгж, иргэдэд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол гол заалтуудаар сургалт зохион байгуулахаас эхлээд эрх, үүргийг нь танин мэдүүлэх ажлыг хийж байгаа юм билээ. Энэ аяны хүрээнд ганцхан аймаг, дүүрэг гэлгүйгээр хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллагсдын дунд Хог хаягдлын тухай хуулийг хэн сайн сурталчлах вэ сэдэвт 5 сая төгрөгийн шагналтай шторкны уралдааныг зарласан. Уралдаанд ирүүлж буй бүтээлийг хүлээж авах хугацаа маргаашаар дуусгавар болно. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд идэвхитэй оролцож байгаа гэсэн мэдээлэл байна.
-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулаг өмнө нь батлагдаж байсан хуулиас юугаараа ялгаатай талаар та товч мэдээлэл өгнө үү?
-Аливаа хог хаягдалтай холбоотой хуулиудийн зорилго нь хог хаягдлаас үүдсэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх явдал байдаг.Энэ утгаараа 2012 оны хууль бол нилээд ерөнхий, орчин үеийн химийн болон техник технологийн хог хаягдлын зохицуулалт хязгаарлагдмал, салбар хоорондын ажлын уялдаа төдийлөн сайн тусгагдаагүй, нэр томьёоны хувьд шинэ тутам буй болж байгаа техникийн хог хаягдлын төрөл, зүйл, тэдгээртэй холбоотой менежментийн арга барилын талаар тодорхойлоогүй байсан. Одоогийн шинэчилсэн найруулгаар бид 53 шинэ нэр томьёог тодорхойлж нэгдсэн ойлголт, хэрэглээ буй болголоо. Мөн боловсрол, уул уурхай, төсөв санхүү, эрчим хүч зэрэг хог хаягдлын зохицуулалтад чухал үүрэг бүхий салбарын үйл ажиллагаа, хариуцлагыг зааж өгсөн. Хог хаягдлын асуудлаар хориглох заалтууд нэмж оруулсан байгаа. Бас нэг чухал ололт бол Аюултай хог хаягдлын зохицуулалтыг нилээд олон улсын шаардлагад нийцсэн байдлаар тусгасан. Аюултай хог хаягдлын заалтуудыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлага ч ихээхэн чангарсан.
-Хуулийн онцлог заалтуудаас дурьдахгүй юу?
-Хуулийн 41.13 дахь заалтад хог хаягдал хаяж байгаа тухай мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч, тухайн асуудал нь баталгаажсан тохиолдолд мэдээлэл өгсөн иргэн хог хаясан байгууллагын торгуулийн дүнгийнх нь 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшуулал авах урамшууллын системийг тусгаж өгсөн. Мөн иргэн, аж ахуйн нэгжийн холг хаяхдаа хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж, зөрчил гаргасан хүнийг нэг сая, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох, нийтийн эзэмшилд зар сурталчилгаа байршуулах, шашны болон зан үйлийн эд зүйлс тавьж хог хаягдал үүсгэхийг хуулиар хориглосон.
-Энэ хуулийг бүх түвшинд сайн хэрэгжүүлсэн тохиолдолд амьдрал дээр ямар өөрчлөлт гарах вэ?
-Хуулийн хэрэгжилт маш сайн байж чадвал Монгол Улсад аюултай хог хаягдлаас үүдсэн байгаль орчин болон хүний эрүүл мэндэд учрах эрсдэл ихээхэн буурна. Иргэд, аж ахуйн нэгжийн хариуцлага сайжирч амьдрах орчин илүү цэвэр, аюулгүй болно. Улмаар цэвэр цэмцгэр орчинтой байвал өвчлөлт буурна, иргэдийн амьдралын ханамж сайжирна, аялал жуулчлалд эерэг нөлөөтэй зэрэг олон сайн үр дагавар буй болно гэж бодож байна.
-Хуулийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл байна гэж та бодож байна вэ? Тэдгээрийг хэрхэн яаж шийдэх бодолтой байгаа вэ?
-Хуулийн хэрэгжилтэд хамгийн хэрэгтэй зүйл бол иргэд олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоо, идэвхи чармайлт, хариуцлага дутагдаж байгаа явдал. Хэсэг хорооноос эхлээд аймаг нийслэл хүртэл бүх шатандаа хамтран ажиллаж, эрх үүргээ бүрэн хэрэгжүүлэх нь тийм амар зүйл биш. Дараагийн бэрхшээл бол хөрөнгө санхүүжилтын хомсдол, нөөцийн хязгаарлагдмал байдал байна. Бид хог хаягдлыг дахин ашиглах боловсруулах, булшлах зэргээр хөрөнгө оруулалт шаардлагатай олон зүйл хийж байж энэ хууль маань бүрэн гүйцэд хэрэгжих юм. Гуравдугаарт, энэ хуулийг сурталчлах, нийтээрээ хуулийн гол заалтуудыг мэддэг байх асуудал тулгарч байна. Иргэд байгууллагууд ямар хууль гарсан, ямар эрх үүрэг, хариуцлага хүлээж байгаагаа мэдэхгүй байхад амжилттай хэрэгжүүлэх тухай ярихад хэцүү. Иймээс боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг маш чухал байгаа. Эдгээр бэрхшээлийг даван туулахад ихээхэн ярвигтай, ганц манай яамны асуудал биш олон талын хамтын ажиллагаа оролцоо чухал учраас гурван чиглэлд ажиллах зорилготой байгаа. Нэгд, дотоодын салбарын удирдлага, хоёрт, төрийн байгууллагуудын салбар хоорондын хамтын ажиллагаа, гуравт, иргэд, олон нийт, хувийн хэвшлийнхэнтэй ажиллах гурван чиглэлд үйл ажиллагаа явуулж байж эдгээр бэрхшээлийг давах, тодорхой хэмжээнд зохицуулж болох байх.
-Залуучууд, зарим идэвхи санаачилгатай хүмүүс сайн дураараа хог түүх, бусдад уриалга гаргах зэргээр нэг үеэ бодвол хүмүүс их идэвхитэй болсон байна. Тийм хүмүүсийг урамшуулах, тэднийг бусдад үлгэр жишээ болгох, туршлагыг нь түгээх талын заалтууд хуулинд орсон уу?
-Хог хаягдлын талаар идэвхи чармайлт, санаачилга гарган ажилласан иргэд, байгууллагад эдийн засгийн урамшуулал олгох заалт байгаа. Үүнээс гадна манай яамны болон төрийн шагналууд ч бас байгаль орчин хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихэд гаргасан гавьяа, манлайллыг хүлээн зөвшөөрч алдаршуулах зорилготой байдаг учраас хог хаягдлын салбарт гарсан ололт амжилтыг бид урамшуулсаар ирсэн.
-Хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь эхлэн анхаарах бодлого бусад орнуудад ихээхэн дэлгэрч байна. Энэ талын заалтууд шинэ найруулгад орсон уу? Орсон бол энэ талаар дэлгэрүүлж ярина уу?
-Хогийг эх үүсвэр дээр нь бууруулах тал дээр бид үйлдвэрлэгч, импортлогч компаниудын хариуцлагыг сайжруулах заалтууд шинэ хуулинд оруулсан. Өөрөөр хэлбэл гаднаас машины дугуй оруулж ирдэг, эсвэл хуванцар сав баглаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол эдгээрийг тухайн үйлдвэрлэсэн, гаднаас оруулж ирсэн байгууллагууд хариуцан буцааж татах, боловсруулах үүрэг хүлээж байгаа.
-Олон нийтийн газар болон хөдөө хээр, аялал зугаалгын газарт хоггүй цэвэр байх нь иргэдийн байгаль орчны боловсролоос ихээхэн хамаатай байдаг. Иргэдийн боловсрол, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн зүйл заалтын талаар ярина уу?
-Хуулийн шинэчилсэн найруулгын нэг чухал ололт бол хог хаягдлын талаар иргэдийн боловсролийг дээшлүүлэхэд чиглэсэн нэг бүлэг нэмж оруулсан явдал юм. Боловсролын байгууллагуудаар дамжуулан албан боловсролын сургалтын хөтөлбөрт хог хаягдлын асуудал бүхий агуулга оруулахаас гадна боловсролын байгууллагад хамрагддаггүй иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад албан бус боловсролын хэлбэрээр сургалт явуулах заалт орсон нь чухал байгаа. Бас нэг дэвшиллтэй зүйл бол хог хаягдлын үйл ажиллагаанд оролцож, үүрэг хүлээж байгаа байгууллагын ажилтан, ажилчид холбогдох сургалтад хамрагдсан байхыг шаардаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
URL: