Айсан хүнд аргал битгий хэл хөдөлдөг

1996 онд Ардчилсан хүчнийхэн сонгуульд ялж, үйлээ үзсэн дөрвөн жилд энэ үйл хэрэгт хамтран зүтгэж явсан Бошигт гэж нөхөр журмын нөхдийнхөө үйлийг мөн дөрвөн жил үзсэн юм.

Тэрбээр Төрийн ордны баруун талд дөрвөн жил бархирч, Баасан гэж нөхрөөр цагдаа хүртэл хутгалуулж байв даа.

Шалтгаан нь гэтэл ямар өчүүхэн зүйл байсан гэж бодно. Төрийн өмчийн хороо гэгч бий болоод З.Энхболд гэдэг нөхөр Бошигтын түрээсэлдэг дэлгүүрийг дуудлага  худалдаагаар хувьчилж орхижээ. Өөрөөр хэлбэл, хамгийн шударга зарчмаар хувьчилчихсан хэрэг. Харин Бошигтынхоор бол ардчилсан хувьсгалын төлөө эхнээс нь хамтран зүтгэсэн гээд түүнд давуу эрх олгох ёстой байж. Нөгөөдүүл нь тэгсэнгүй. Иигээдл бахардаж үхэх шахаад дөрвөн жил хамтран зүтгэгчдээ тамласан юм. Үунийг ч анх удаа цөөнхийн суудал авсан МАХН болоод түүний дарга  Н.Энхбаяр маш сайн өдөөж өгсөн билээ.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Н.Энхбаярыг МАХН- ьнхан УИХ-ын нөхөн сонгуульд сойх байх гэж өөрөө бодож байв. Гэтэл нөгөөдүүл нь Д.Зоригт гэж хэн ч мэдэхгүй шахам шавил залууг өрсөлдүүлэхээр болов. Ингээд л Н.Энхбаярын шар гозойж, журмын нөхдийнхөө эсрэг дуугарч эхэлсэн юм. Гай болоход нөгөөх Д.Зоригт нь Эрчим хүч, эрдэс баялгийн сайд болоод хоромхон зуур гадаад дотоодынхны анхаарлын төвд ороод ирэх нь тэр. Мөн яг тэр хэмжээгээр Н.Энхбаяр мартагдаж эхэллээ. Н.Энхбаярын хувьд Д.Зоригтыг харахаар л, “Би үүний оронд суух байсан юм” гэж бодохоос өмдөндөө дусаах шахна. Ингээд тулаанд орлоо. Намаа сэргээв. Цаашхийг нь монголчууд хэн нэгнээр хэлүулэлтгүй бүгд харж сууна шүү дээ.

Хэдийгээр цаг хугацаа, нөхцөл байдал нь өөр өөр боловч  зарчмын хувьд  Г.Бошигт, Н.Энхбаяр хоёрын тэмцлийн хувьд ялгаа огтхон ч харагдахгүй байгаа юм. Түүнээс биш энэ хүн нэг их ухаарч гийгүүлсэндээ ч ингээд байгаа юм биш. Одоо Н.Энхбаярын хувьд зөнөдөг үе нь ойртож буй болохоос ухаардаг шилжилтийн насан дээрээ яваа хүүхэд биш шүү дээ.

Эдүгээ сонин сонин юм их болж байна аа. Угаасаа муу аргатай хүн байжээ гэдэг нь алхам тутамд нь ажиглагдах аж. Тухайлбал, саявтархан хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, “Намайг манай ард түмэн болгоомжтой байгаарай гэсэн. Та яасан хамаагүй унадаг дугуйгаар явдаг юм бэ. Машинаар дайраад алчихна  шүү, наадуул чинь” хэмээн сургамжилсан тухай ажигч үгүй ярьж байх юм. Нээрээ ч С.Зоригийг гэрт нь нухчихдаг, алуурчин нь олддоггүй оронд хэн ийм хэрэг зохион гарахгүй гэх газаргүй л дээ. Гэхдээ  Н.Энхбаяр, С.Зориг хоёр чинь тэс ондоо хүмүүс. Огт өөр өөр орчин цагт, огт өөр өөр зорилгын төлөө тэмцэж явсан хийгээд яваа. Эдүгээ Н.Энхбаярыг хорлох шалтгаан юу байна. Тэр хэн билээ гэсэн олон асуулт өөрийн эрхгүй гарч байгаа юм. Бас хэн хорлох билээ. Ц.Нямдорж уу гэх мэт.

За даа, түүнийг хорлоё гэх хүн манайд бараг гарахгүй л болов уу. Америкчууд шиг алдар цуутай хүмүүсийг ангуучлаад нэр хүндтэй болъё гэх галзуу солиотнууд манайд хараахан төрөөгүй байна. Төрөх үндэс нь ч суугаагүй байгаа юм. Ирээдүйд яахыг хэн мэдлээ. Одоохондоо энэ талаар тайван байж болно. Харин унадаг дугуй энэ тэрээр явж байхад согтуу жолооч шүргэчих анзааны юм бол гарна шүү. Гэхдээ Н.Энхбаяр миний ойлгож буйгаар эдүгээ төрийн хамгаалалтад байгаа биз дээ. Тэгвэл айх зүйлгүй байх. Харанхуй шөнөөр босоод л дугуй унаад тэнэчихдэггүй юм бол.

Ингэхэд Н.Энхбаярыг дугуй унаж яваад согтуу жолоочид шүргүүлчихлээ гэхэд ямар их шуугиан дэгдэх бол. МАН-ынхан хамгийн түрүүнд энэ хэргийг сэдсэн, жолооч нь МАН-ын гишүүн байсан, эхнэр нь МАН-ын нэгэн дүүргийн ажилтан, аав нь МАХН-д явж байгаад МАН-д орсон, хүүхдүүд нь саяхан МАН-д элссэн нөхөр болоод явчихна гэдэгт өчуүхэн ч эргэлзэхгүй байна. Тэгэхээр МАН-ынхан энэ нөхрийг давхар хамгаалалтанд авахад нэг их буруудахгүй болов уу. Юмыг яаж мэдэх вэ. Яагаад гэхээр компромат буюу зориудаар ийм маягийн мэх хийж өрсөлдөгчөө шороотой булж авдаг туршлага барууныхнаар дүүрэн. Шилдэг ч арга гэж тооцогддог. Сонгуулийн үеэр  ч их хэрэглэгддэг. Хуучин МАХН-ынхан ч их хэрэглэдэг байсан даа. Харин хаа очиж хүн амьтан нэг их хөнддөггүй байсан шиг санагддаг. Түүнээс биш намынхаа сонгуулийн штабыг өөрсдөө сүйтгэчихээд нөгөө намынхан ингэчихлээ, эсвэл өөрөө өөрсдийнхөө байшингийн хананд өлгөсөн сурталчилгааныхаа даавууг шатаачихаад өрсөлдөгч маань ингээд байх юм хэмээн бурхан дүр эсгэн сууж байхыг нэг бус харсан юм байна. Хөдөө л гэхэд өөрсдөө машиныхаа дөрвөн дугуйг шөвгөөр цоолчихоод, нөгөөдүүл ингээд байх юм хэмээн уулзалтанд ирсэн хүмүүсээр өрөвдүүлнэ. Хүмүүс ч зүгээр өрсөлдөхгүй яадаг муу хар наахуу вэ гээд эсрэг талынхныг нь муулж байх жишээтэй. Ийм туршлага Н.Энхбаярын үеийн МАХН-д бий. Эдүгээ уламжлагдан үлдсэн нь тодорхой төдийгүй бүүр ч боловсронгуй болсон байхыг хэн байг гэх вэ.

Үүнээс гадна мөн л саяхан намынхан нь хэвлэлийн бага хурал зарлан  Н.Энхбаярыг хүн амины хэрэгт гүтгэх гэж байна хэмээн зарлалаа. Ямар ч байсан  “Нарантуул”-ын гадаа хөлдөж үхсэн тэнэмэлийн хэрэгт түүнийг холбохгүй нь ойлгомжтой. С.Зоригийн хэрэгтэй ч гэсэн. Ний нуугүй хэлэхэд 2000 оны сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт авсан гавьяаг ганцхан Н.Энхбаяртай холбоод байдаг юм. Би уүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Хэдийгээр Н.Энхбаярын оролцоо их бий ч хамгийн их үүрэг гүйдэтгэсэн хумүүс нь Ардчилсан хүчнийхэн. Тэд дээр дороо орж, өвөр хоорондоо тэмцэлдээгүй бол өнөөдөр МАХН байтугай МАН-ын хувъ заяа бүрхэг байх асан биз. Дээр нь С.Зоригийг хөнөөсөн явдал, цагдаагийн хурандаа Д.Мөрөнгийн хэлсэн үг, Ардчилсан хүчин задарч толгой толгойгоо даан сонгуульд орсон хийгээд, шинэ намууд бөөн бөөнөөрөө төрж  МАХН-ын нөгөө эрэг дээр байгаа сонгогчдын хүчийг хэдэн зуун хэсэг таслан хувааснаас л МАХН 72 суудал авсан юм шүү дээ. Түүнээс биш энэ 72 дотор үнэндээ яана даа гэмээр хөөрхий амьтад мөн ч олон байсан.

Тэгэхээр тэнэмэл болоод С.Зоригийн хэрэгтэй биш бол Н.Энхбаярыг холбож магадгүй гэх хүн амины хэрэг өөр юу байж болох вэ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдал уу. Нөгөө таван хүний амь уу. Шууд агуулгаараа биш юм гэхэд тойруу утгаар холбогдож таарна. Энэ хүн Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийн хүрээнд, онцгой байдал зарласан нь үнэн. Гэхдээ арай ч бууд гэсэн тушаал өгөөгүй болов уу. Тэгвэл өөр юу байж болох бол. Аа тийм, нөгөө Францаас хулгайлж авчирдаг Д.Энхбатын хэрэгт мөн л тойруу утгаараа холбогдож магадгүй юм байна. Түүнийг Ерөнхий сайд байх үед, түүний бүрэн харьяанд байдаг тагнуулууд энэ хэргийг хийсэн нь нэгэнт нийтэд ил тод болчихлоо шүү дээ. Хурц гэдэг нөхөр ч бас ямар мэдүүлэг өгч байж суллагдсан нь сонин.

Энэ мэтээр эрхэм Ерөнхийлөгч асныг тойрсон дуу шуу нэг хэсэгтээ намжихгүй шинжтэй. Уг нь түүнийг зөвхөн нэг муу хэвлэлийн  үйлдвэр энэ тэрийн хувьчлалтай холбогдуулад шалгаад зовоогоод байгаа юм уу хэмээн бодож байтал гэнэт журмын нөхөд нь хүн амины хэрэгт холбогдуулах гэж байна гээд хурал зарлаад учир битүүлэг зүйл яриад эхлэх нь сонин байлаа. Тэгээд ч эдүгээ айсан хүнд аргал битгий нь хөдөлдөг болсон цаг гэлцэх ажээ.

Х.Арслан


URL:

Сэтгэгдэл бичих