Сонгуулийн содон үзэгдлүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн даваа гарагт болсон ч харамсалтай дахин санал хураалтаар үргэлжлэхээр болов. Гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй учир нөхцөл байдал өөрөөр эргэж, 7 дугаар сарын 10-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөж, маргааш нь Үндэсний их баяр наадмаа нээх төлөвлөгөөг  эргэн харахад хүргэж байна. Гэхдээ долоо дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэд хэдэн зүйлээрээ онцлог бөгөөд содон сонин үзэгдлүүдээрээ бусад сонгуулиас ялгарч байна. Ингээд сонгуулийн содон үзэгдлүүдийг тоочъё.

4bt5rudikpro5vr7od78qgga1uДахин санал хураалт: Тов хууль зөрчиж байна уу

Хуулинд Ерөнхийлөгчийн сонгуульд 50+1 хувийн санал авсан нэр дэвшигчийн ялсанд тооцдог. Тиймдээ ч энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчид 50 хувийн саналд хүрээгүй учир Сонгуулийн Ерөнхий хороо дахин санал хураалтыг ирэх сарын 9-ны өдөр явуулахаар шийдвэрлэсэн нь олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж эхлэв. Тов зарлагдахаас өмнө санал хураалтыг 6-ны өдөр зохион байгуулна гэсэн шуум байсан ч чухам юуны учир 9-ны өдрийг сонгон авсан, яагаад цагаан дээр хараар бичсэн хуулиа зөрчих болов гээд олон асуултууд хөвөрсөөр. Учир нь сонгуулийг ажлын өдөр зохион байгуулах хуулийн заалттай билээ. Түүнээс гадна 9-ны өдөр улс орон даяар зохион байгуулагдах арга хэмжээнүүд цөөнгүй. Зарим аймагт баяр наадмын үйл ажиллагаа аль хэдийнэ эхэлчихсэн байна. Хүмүүс, ялангуяа нийслэлчүүд амралт эхэлмэгц хөдөө гадаа салхинд гарч, аялал зугаалгаар явах нь ихэсдэг. Энэ нь дахин санал хураалтын ирцэд нөлөөлж, дахин сонгууль зохион байгуулагдах хэмжээний эрсдэл үүсгэх аюултайг хэн хүнгүй шүүмжилсээр байна. Зарим нэг улстөржсөн иргэд  “СЕХ Энэ өдрийг сонгож товлосон нь Х.Баттулгын саналаас зулгаах зорилготой. Учир нь тэр нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Эрх баригчид ялахын тулд хуулийг илтэд зөрчихөд ч бэлэн” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ.

18 мянган цагаан хуудас:  Сонголтгүй сонгууль

Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид тодорсон цагаас эхлэн “Сонголтгүй сонгууль” боллоо хэмээн эсэргүүцэх иргэд цахимд хүчтэй давалгаа үүсгэсэн. Тэд саналаа өгөхгүй, бусдыгаа ч мөн саналаа өгөхгүй байхыг уриалж байсан ч сонгуулийн ирц хүрэхгүй тохиолдолд дахин санал хураалт болох магадлалтай тул ийм алхам хийж. Өөрөөр хэлбэл тэдгээр иргэд өөрийн биеэр сонгуулийн хэсгийн хороодод очиж, ирцээ бүртгүүлсэн ч хэний ч өмнөх дугаарыг тодруулалгүй тэмдэглэгээгүй саналын хуудсыг хар машинд уншуулсан байх юм. Тиймээ, иргэд үүгээрээ эсэргүүцлээ илэрхийлж, сонголтгүй сонгууль болж байгааг эрх баригчид болоод улс төрийн намуудад тод харуулж чадлаа. Дараагийн шатны санал хураалтад АН болон МАН-ын нэр дэвшигчид өрсөлдөнө. МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг дэмжигчид эдгээр 18 мянган иргэдийн тоог нэмж мэдэхээр байна. Учир нь  дахин саналтад цагаан цаас уншуулсан иргэд сонголтоо баталгаажуулна хэмээн мэдэгдээд байгаа бол МАХН-ын дэмжигчид “МАНАН”-г сонгохгүй хэмээн бухимдсаар байна.

С.Ганбаатар: МАН, АН-аас ард түмэн залхаж буйг гэрчлэгч

С.Ганбаатарыг анх МАХН-аас нэр дэвшихээр СЕХ-д бүртгүүлэх үед Н.Энхбаяр буруу шийдвэр гаргалаа гэх хүмүүс цөөнгүй байсан. Гэвч түүний зөв байж. Тэрбээр яг зөв хүнээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлж, өөрийн намынхаа рейтингийг ард түмний дунд цуурайтуулж чадлаа. Түүнийг зөвхөн санал хуваах зорилгоор орж ирсэн хэмээж байсан ч харин хэний ч таамаглаагүй хүчтэй өрсөлдөгч тэр байв. Мянган гаруйхан хувийн бага саналаар М.Энхболдтой зуузай холбосон тэрбээр хүн ам, сонгогч олонтой Дархан-Уул, Орхон аймгаас эхлүүлээд Архангай, Булган, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өмнөговь, Хэнтий гэсэн есөн аймагт илүүрхжээ.  С.Ганбаатар бол бусад нэр дэвшигчдийгээ бодвол эрх мэдэлгүй, хөрөнгө мөнгөгүй нэгэн. Түүний энэхүү “ялалтад” МАН, АН-ын өрсөлдөгчдийн сонгуулийн сурталчилгааны тактик, хар “Пи Ар” нь эерэгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Түүнээс гадна өрсөлдөгчид нь ард түмний дунд тийм ч “сайн”-аар хэлэгддэг хүмүүс биш. Тэгэхээр өрсөлдөгчийн сул тал, тэдний сонгуулийн муу стратеги, энэ бүхэн С.Ганбаатарт эерэг оноог авчирсан хэрэг. Нөгөө талаар түүний энэ ялалт төрийн эрхийг 27 жилийн турш тасралтгүй ээлжлэн барьсан МАН, АН-аас ард түмэн залхаж буйг ч харуулав.

Бэхэн тэмдэглэгээ: 9 жилийн дараах “Толботой хуруу”

Сонгууль өгсөн хүмүүс нэг зүйлээр ижилссэн нь “толботой хуруу” байв. Зарим нэг сонгогчийн хурууг гамгүй гэгч нь харталтуулсан энэ бэхэн тэмдэглэгээ зөвхөн нийслэлийн сонгогчдод хамаатай. Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ есөн жилийн дараа хийсэн нь энэ. Учир нь 2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байсан юм. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаас сэргийлэх боломжтой гэж үздэг.Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг судалж, тогтоол гарган, нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх шийдвэр гаргасан билээ.

 Эх сурвалж: 24tsag.mn Б.Ариун


URL:

Сэтгэгдэл бичих