МАН, AH сонгуулийн хууль гацаах арга хайж, жижгүүд өөрсдөдөө гарц хайв

Ардчилсан намд хууль батлах чин хүсэл байна уу -
Улс төрийн намууд төдийгүй, нийт ажиглагчид, ард түмэн Сонгуулийн тухай хуулийн төслийг хаашихнаа явахыг  харж өнжив. Уг нь энэ сарын эхэнд хоёр намын бүлэг сонгуулийн хуулийг урагшлуулах зорилгоор санал нэгдсэн ч өнгөрсөн долоо хоногт тал талын эсэргүүцэлтэй тулгарч сунжирсан. Энэ хуулийг урагшлуулахад олон хүчин зүйлс байгаа болохоор батлагдах үгүй нь үнэндээ тодорхой биш болчихлоо. Гэхдээ АН-ын зүгээс Улаанбаатар хот дахь мандатын тоог нэмэх саналыг оруулж ирснийг МАН-ын бүлэг хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд одоогоор эрх баригч хүчнүүдэд зөрөлдөж байгаа зүйл бол байхгүй юм шиг.

Ямартай ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрөгч долоо хоногийг хуралдаанаараа эхлүүлэв. Тус бүлэг хуралдаанаараа Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн. Энэ үеэр бүлгийн гишүүдийн хувьд төсвийн урсгал зардалтай холбогдуулан хэд, хэдэн санал дэвшүүлсэн нь үндсэндээ урсгал зардан бууруулахад чиглэжээ. Түүнчлэн гишүүд төсөв тэлж байгаагийн хэрээр зардал өсч байгааг шүүмжилж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2012 оны төсөвт зөвхөн шинээр контор барихад зориулж 150 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан юм байна.

Шинэ барилга барих тоолонд орон тоо өсч тэр хэрээр зардал өсдөг тул 170 мянган төрийн албан хаагч өнөөдрийнхөө барилгад үйл ажиллагаа явуулахад болно гэж үзэж дээрх 150 тэрбум төгрөгийг урсгал зардал дээр тавихгүй байх шийдэлд хүрсэн нь сонирхол татсан зүйл байв. Мөн өдөр Ардчилсан Залуучуудын холбоо нь Булган аймгийн Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан байна. Хамтран ажиллах санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Б.Болор, Булган аймгийн Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат нар гарын үсэг зуржээ.

Цаашид тус холбоо нь аймаг, нийслэлийн дүүргийн Ардчилсан намын удирдлагуудтай ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50 хүртэлх хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах ажиллагааг үргэлжлүүлэх юм байна. Ардчилсан намынхан өнгөрсөн хугацаанд “Монгол хүн-2020″ хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж, иргэдийн санал бодлыг сонсч байсан бол одоо нийслэлчүүдийн дуу хоолойг сонсч эхэлсэн. Тиймээс энэхүү ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт “Монгол хүн-2020″ хэлэлцүүлгээ өрнүүлж буй юм.

Дээрх арга хэмжээнд Ардчилсан намын удирдлагууд мөн УИХ-ын гищүүн З.Энхболд, Х.Тэмүүжин нар оролцсон юм. Дашрамд сонирхуулахад, АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын сүүлээр болох тухай ярьж байна. Тус хурлаар нэлээд олон асуудлыг авч хэлэлдэх бөгөөд намын даргын асуудал яригдах нь тодорхой болж байх шиг. Уг нь албаны хүмүүс ийм чухал цагт намын даргын асуудал ярьж байдаг ямар хүчин байдаг юм гэсэн итгэлтэй хариулт өгч байгаа ч намын даргын эерэг баг ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж дуулгасан.

Чухам ҮЗХ-ны хурал болоход сонгуулийн тухай хууль эцэслэн шийдэгдсэн байх үгүй нь тодорхой бус байна. Наанаа маш энгийнээр тайлбарлаж, хэлэлцээд санал нэгдээд явчих юм бол энэ хууль долоо хоногийн дотор батлагдана гэж байгаа ч цаанаа маш олон асуудлыг дагуулаад буй. Хамгийн наад зах нь гэхэд л Үндсэн хуульдаа гарч хүрч таарна, хэн нэгэн эрх баригчид таалагдахгүй бол Үндсэн хуулийн цэц дээр гацаахаас эхлээд заваарах магадлал өндөр байгаа юм. Тэгэхээр АН ч тэр, МАН ч тэр сонгуулийн хуулинд тэгтлээ гар хүрэх сонирхол байхгүй л болов уу.

МАН-ынхан жижиг тойрог, олон мандатаа санагалзаад байгаа юм биш биз
Тус намынхны хувьд ч адилхан Сонгуулийн тухай хууль дээр Ардчилсан намдаа буулт хийж байгаа мэт харагдавч, цаанаа өөрсдийнхөө байр суурийг хадгалж, одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ирэх сонгуулийн ард гарах бодоого баримталж байгаа нь илт. Тэр ч бүү хэл МАН-ынхан энэ мэтээр хуулийг гацааж байгаад бүр 2004 он түүнээс өмнө явж ирсэн тогтолцоогоор сонгуульд орох хэтийн бодлго баримталж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Энэ тогтолцоо жижиг тойрогт олон мандаттай өрсөлдөх хэрэг л дээ.

Энэ нь магадгүй эсрэг намын зүгээс нисгэсэн мэдээлэл ч байж болно. Гэхдээ л эрх баригч хүчнүүд тэр нь энэ нь гэх юмгүй, 2004 оны тогтолцоонд аль аль нь хайртай байгаа нь мэдээж. Харин өнгөрөгч мягмар гарагт Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Эдийн засгийн өсөлт-ядуурлыг бууруулах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэгт НХХЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Ажил олгогч эздийн холбоо, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамган газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Өнгөрөгч долоо хоногийн нэгэн томоохон чуулга бол яахын аргагүй МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны чуулга байв. Тус чуулга уулзалтад сум, хорооны салбар нэгжийн дарга нар болон аймаг, дүүрэг, нийслэлийн дарга, тэргүүлэгчид оролцсон юм. Чуулгын нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар үг хэлж, амжилт хүссэн. Энэ үеэр МАН-ын эмэгтэйчүүд НАМЭХ-ны Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын илтгэлийг сонссон юм.

Тэдний чуулга уулзалтын гол зорилго нь бол нийгэмд тулгамдаж байгаа асуудаыг хөндөхийн зэрэгцээ хөгжлийн гарцын талаар ярилцаж уриалга, ‘зөвлөмж гарган МАН-д, шийдвэр гаргагчдад, Засгийн газарт, төрийн холбогдох байгууллагуудад хүргүүлэх, мөн намынхаа ирэх сонгуулиар олон түмэнд танилцуулах мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн байгууллагаас хүргүүлэх саналаа ч нэгтгэсэн юм. Тэд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн квотыг 15 хувиар биш 20 хувь болгож нэмэгдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж онцолж байлаа.

Харин өнгөрөгч баасан гарагт ‘Үндэсний соёмбо хөдөлгөөн”-ий тэргүүн БЛхагважав МАН-д гишүүнээр элсч, намын дарга С.Батболдоос намын батлах гардаж авлаа. Тэрбээр ‘Улс төрийн олон намууд намайг гишүүнээр элсэх маш олон санал тавьснаас хамгийн энгийн бөгөөд бага гэж хэлж болох саналыг С.Батболд дарга тавьсан. Маш энгийн санал тавьсан учраас би сонголтоо хийсэн. Гэхдээ надад санал тавьж байсан улс төрийн намын дарга нартаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Тодорхой албан тушаал амлаж байсан ч сонголтыг би өөрөө л хийсэн” гэж ярьсан нь өөрийгөө ихэд чухалчилж байгаа нь харагдана. Зарим хүмүүс улстөрийн намууд тэгтлээ их ядарч дээ гэх нь ч бий.

“Энх”-үүд цагдаад шалгагдаж байна
Ах намууд болон эрх баригчид ийн сонгуулийн хуулийн төслийг элдэв аргаар гацааж байхад жижгүүд эрх баригчдын гаргаж ирсэн хувилбар болох 48:28-ын харьцаагаар мажоритар давамгайлсан тогтолцоо буюу томсгосон тойрогт цөөн мандатан дээр тулалдах хувилбарыг эсрэгүүцэж байгаа. Бас нэг асуудал нь босгоо өндөр тогтоохыг зорьж байгаа нь эрх баригчдын жижгүүдийг шахах гэсэн бодлогыг эсэргүүцэж байгаа. Тийм ч учраас өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс УИХ-ын гишүүн З.Алтайгаар дамжуулан өөрсдийн боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Эрх баригчид хууль баталж гэмээ нь босго өндөр тогтоох нь дамжиггүй. Тэгэхээр жижиг намуудын хувьд цаашаа л гэсэн үг. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуулийн хуульд саналаа нэмэрлэхийн зэрэгцээ УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгагдаж байгаа. Түүнд холбогдох хэргийг удахгүй АТГ-т шилжүүлэх юм байна. Одоогоор хяналтын прокурор хавтаст хэрэгтэй танилцаж байгаа аж.

Түүнийг ‘Улаанбаатар таймс” сонин, Хэвлэх үйлдвэрийг хувьчилж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр ойрын садан болох “саятан” хочит Д.Мягмаржаргалаар дамжуулан их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэж байгаа юм.

Харин үүний нөгөө талд хүчтэй гуравдагч хүчний мөрөөдөлд автаад нойргүй шахам хонож байсан Д.Энхбат гишүүний мөрөөдөлд Дээд шүүхийнхэн эрх баригчдын шаардлагаар цэг хатгасан. Тиймээс тэд удаа дараа эсэргүүцэл үзүүлж, жагсаал хүртэл зохион байгуулаад ч тусыг эс олж, Д.Энхбатын хувьд Ногоон намын тамга тэмдэгийг өгөхгүй гүрийж байгаа.

Гэтэл Ногоон намынхан өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Энхбатаас намын тамга тэмдэг, гэрчилгээг буцаан өгөхийг шаардаж нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаад хандсан юм. Энэ намныхны хувьд ч сонгуулийн хуулийн одоо ярьж байгаа хувилбарыг дэмжихгүй байгаа. Эрх баригч хүчнүүд ийнхүү өөрсдийнхөө талд хууль батлах гэж суухад жижиг намуудын дарга нар түүнийг эсэргүүцэхийн зэрэгцээ аль аль нь цагдаагийн байгууллагад шалгуулж байна.

С.УУГАНБАЯР


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих