Налайх дүүргийн Хятад хороолол
Налайх дүүрэгт тоосгоны 33 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрийн 30 нь хятад хүний эзэмшлийн үйлдвэр юм байна. Харин үлдсэн гурав нь Казахстан улсын иргэдийн үйлдвэр аж. Тус дүүрэгт нэг ч монгол эзэнтэй тоосгоны үйлдвэр байхгүй гэдгийг Налайх дүүргийн ИТХ-ын гишүүд баталж байна лээ. Хятад эзэнтэй тоосгоны үйлдвэрүүд нутгийн иргэдийг өдөрт 3500-5000 төгрөгөөр цалинжуулан ажиллуулдаг юм билээ.
Гэхдээ тоосгоны үйлдвэрүүдэд ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд. Налайх дүүргээс чанх урд зүг рүү арав гаруй километрийн цаана тоосгоны үйлдвэрүүд оршино.
Гүвээн дээгүүр давангуут л доохно талд нь энд тэндгүй хар өнгийн гялгар цаасаар нэлэнхүйд нь бүтээсэн “Тоосгоны дүүрэг” гэмээр газар нүдэнд тусах аж. Уг газраас холгүйхэн тоосгонуудыг эрийтэл нь өрчихжээ. Тоосгоны үйлдвэрүүд хоорондоо ойрхон байх бөгөөд засан хүмүүжүүлэх газрын хашаа шиг өндөр бетонон хашаатай юм билээ. Мөн дээгүүр нь өргөст тор татаад хаалган дээрээ “гадны хүн орохыг хориглоно” гээд Монгол болон хятадаар бичжээ. Хэд хэдэн газраар орсон боловч хаалгаа тайлж өгсөнгүй. Хашаан дотор цөөн хэдэн хятадууд бөхөлзөн тоосго зөөж байгаа харагдав. Харин “Тор” гэх нэртэй тоосгоны үйлдвэр хаалгаа тайлж өглөө. Тэнд 20 гаруй хятад, арав гаруй монгол эмэгтэй тоосго зөөж байлаа. Биднийг очихоос өмнөхөн тоосго шатаах пийшингээс шатаасан тоосго гаргажээ. Битүү уур савссан халуун тоосгыг монгол эмэгтэйчүүд чөлөө завгүй “пад пад” гэх жижиг оврын тракторын чиргүүл дээр ачиж байлаа. Гартаа хөвөнтэй бээлий өмссөн эмэгтэйчүүдийн хувцас тоосгоны шороонд нэлэнхүйдээ улаан болчихжээ. Тэднээс зарим нэг зүйлийг тодруулах гэсэн боловч “Хятад эзэн биднийг ирсэн хүмүүст хамаагүй юм ярих юм бол ажлаас халчихаад байгаа юм аа. Эртээр мэргэжлийн хяналтаас хяналтын байцаагч нар ирээд биднээс юм асуусан юм аа. Тэгэхээр нь бүх муу муухай болгоныг яриад ажлаасаа халагдаад хэд хоног баларсан. Амьдрахын эрхээр л энд хятад хүмүүсийн боол шиг толгойгоо эргэтэл загнуулаад л сууж байна даа” гэлээ. Ийнхүү тус үйлдвэрийн ажилчид болох эмэгтэйчүүдтэй ярилцаж байх хооронд эгнүүлэн тавьсан гурван чиргүүл тоосгоор дүүрсэн юм. Тэгтэл 20-30 насны болов уу гэмээр гурван эмэгтэй “пад пад” асаагаад хүрээд ирдэг юм байна. Гурван талаас маш чадмаг гэгч нь ухарсаар чиргүүлээ чирээд шатаасан тоосго өрж байгаа зүг рүү явж одов. Нөгөө шатаагч зуухнаас тоосго ачиж байсан эмэгтэйчүүд “пад пад”-ын араас гүйлдэж очоод ачсан тоосгоо эргүүлээд тоосгон дээр өрж гарлаа. Нэг нь тоосгон дээр гарчихаад нөгөө нь доороос тоосгыг хоёр хоёроор шидэх бөгөөд гурав дахь нь үргэлжлүүлэн өрөх аж. Өдөрт 100 гаруй мянган тоосгыг ийнхүү зөөдөг байна. Ийм маягаар эмэгтэйчүүд суганыхаа булчирхайг цочтол тоосго зөөж өдрийг өнгөрөөх юм. Өөрийгөө Батнасан гэж танилцуулсан 30 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гурван настай хүүхдээ дагуулаад ирсэн байна лээ. Гэрт нь хүүг харах хүн байхгүй гэж байсан.
ЭХНЭР АВСАН АЖИЛЧДАА БОСС НЬ ТУСАД НЬ ГАРГАДАГ
Зөвхөн нэг тоосгоны үйлдвэрт гэхэд өнгөрсөн долоо хоногт Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн хийсэн судалгаагаар 300 гаруй хятад эрс ажиллаж байгаа юм билээ. Харин зун энэ тоо хэд дахин нэмэгддэг байна. Эдгээр хятадын нэлээд хэд нь монгол эхнэртэй болж байгаа гэсэн. Ихэнх нь 16-30 насны эмэгтэйчүүдийг эхнэрээ болгосон байна. Тоосгоны үйлдвэрүүд цэлийсэн том хашаан дотроо намхан урт байшин бариад ажилчдаа байрлуулдаг байна. Монгол эхнэр авсан ажилчиддаа өрх тусгаарлаж, урт байшингийнхаа умгар өрөөг султгаж өгдөг байна. Харин хяналт шалгалт ирэхээр “Ажилчдаа байрлуулж байгаа газар. Орой болтол ажиллаж байгаа болохоор эмэгтэйчүүдийг энд хонуулаад байгаа” гэх тайлбарыг тоосгоны үйлдвэрийн эзэд хэлдэг байна. Ер нь бол хятад тоосгоны үйлдвэрүүд эмэгтэйчүүд, хүүхдүүд нэн ядуу, нас өндөр болсон эрэгтэйчүүдийг ажиллуулах сонирхолтой. Монгол эрчүүд хятадуудын хооронд зодоон үүсч нэгнийгээ тоосгоор нам цохичих гээд байдаг гэнэ. Эхнэрээ болгосон эмэгтэйчүүдийг хятад эрс хүүхдийг нь гаргачих юм бол өөрийнх болсон гэж үздэг. байна. Тэгээд жаахан дургүйг нь хүргэх юм хийвэл барьж аваад л зоддог гэх. Өнгөрсөн намар 21 настай нэг эмэгтэй хятад хүнтэй суугаад хэвтэрт ортлоо зодуулсан тохиолдол гарсан байна. Биднийг “Шинэ тоосго”, “Хонго до интернейшнл”, “Күн лүн”, “Гэрэлт-Орд”, “Бумбатын гол”, ‘Топ тоосго”, “Угалзан цамхаг”, “Сүмбэр хунтан”, “Түлш эрчим”, “Нарангийн гол” зэрэг газруудаар орох үед жирэмсэн эмэгтэйчүүд олон тааралдсан. Бүгд л дөнгөж 20 нас хүрч байгаа болов уу гэмээр л охид байна лээ. Эдгээр 300 гаруй хятадууд дээр долоо хоногт хоёр удаа машинд багтаж ядан чихэлдэх богино банзалтай, нүцгэн шахуу охид ирээд хятад эрсийг зугаацуулаад явдаг байна. Бадарчин явсан газар балагтай. Батгана суусан газар өттэй гэгчээр хятадууд байгаа Налайх дүүргийн IV хороо буюу хятадуудын томоохон вант улс бий болсон энэхүү газарт олон хууль бус үйлдэл байсаар байна. Өөр нэг асуудал нь Налайхын IV хорооны амьдралын боломж тааруу айлуудын охид өрхийн болон дүүргийн эмнэлэгтээ жирэмсэн болсон гэдгээ огт мэдэгдэхгүй байж байгаад гэнэт л “Төрлөө шүү эмчээ” гээд өвдөөд ирдэг байна. Өрхийн эмчийн хэлж буйгаар тус хороонд хятад хүний 36 хүүхэд мэндлээд байгаа гэнэ.
Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд буюу тэндхийн ажилчдын хэлж буйгаар “Болжморууд” иржээ. Хүүхдүүд өдрийн гурван мянган төгрөгөөр ажиллаж байгаа гэсэн. “Шо фа” нэртэй үйлдвэр дотор таван хүүхэд ажиллаж байна лээ. Тэд тэргэн дээр тоосго өрчихөөд тэрэгний морь шиг л хөлсөө дуслуулан зүтгэх. Гарынх нь хуруу нэлэнхүйдээ хагараад яр шархандаа баригдчихсан хүүхдүүдийн нүд хальтрим дүр төрх харагдаж байлаа. Хүүхдүүдийг зунжин ажиллуулдаг байна. Үүнд холбогдох газрууд огт хяналт тавихгүй өдий хүрч байгаа юм билээ.
ХЯТАДУУД МОНГОЛ ХҮМҮҮСИЙГ БООЛОО БОЛГОЖ БАЙНА
Налайхын тоосгоны үйлдвэрүүдийн хууль бус үйлдлийн талаар “Эрдэнэт хүний амь” гэх нэртэй Төрийн бус байгууллагын тэргүүн А.Ганболдоос цөөн асуултад хариулт авлаа.
-Налайхад ямар учраас хятад эзэнтэй 30 тоосгоны үйлдвэр байдаг юм бол. Энэ талаар тодруулах гэсэн юм?
-Үүнийг сайн хэлж мэдэхгүй байна. Аль даргынх нь зөвшөөрлөөр 30 хятад, гурван Казахстан эзэнтэй тоосгоны үйлдвэр бий болсон талаарх мэдээлэл маш нууц байдаг. Энд хятадын нэг бүхэл бүтэн хороолол бий болоод байна. Монгол охидууд тэдний зугаа болж байна. Бас хүний эрүүл мэнд, хөдөлмөрийг хятадууд ховх сорж байгааг холбогдох газрууд одоо болтол мэдэхгүй сууж баймааргүй юм. Хятадууд энд монгол хүнийг боолоо болгож эсэргүүцсэн нэгнийг нь зодож байгаа тохиолдол олон гарч байна.
-Энэ талаар цагдаа нарт болон хүний эрхийн байгууллагуудад хэлсэн үү?
-Их мөнгөтэй болохоор дийлдэхгүй байгаа юм шиг байна лээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтаас уг нь шалгаад үйл ажиллагааг нь зогсоогоод л явдаг юм. Даанч маргааш нь нөгөө акталж хаалган дээр нь наасан цаасыг урж хаяад л үйл ажиллагаа явуулдаг. Дараа нь энэ талаар юу ч яригдахгүй чимээгүй өнгөрдөг юм. Хоёр идэж хоосон хонохгүйн тулд ядуус энд хөлс хүчээ соруулж өдрийн таван мянган төгрөгөөр ажиллаж байна. Өглөө 09-21 цагт хүртэл ажилладаг.
МАН-ЫНХАНД ХЯТАДУУД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТООСГО НИЙЛҮҮЛДЭГ
Гадны хөрөнгө оруулалттай 33 тоосгоны үйлдвэрүүдийн оршин тогтнох гол үндэс нь цаанаа томоохон албан тушаалтнуудтай холбоотой. Сүүлийн жилүүдэд Налайх дүүргийн хөгжлийн санд нэг үйлдвэр гэхэд 10 сая төгрөгийн хандив өргөдөг гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ мөнгө хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог гэсэн. Үүнийг Тус дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, ИТХ-ын дарга н.Батдорж нар мэддэг гэх. Дээрх албан тушаалтнууд дүүрэгт нь хятадуудын ноёрхол тогтож хууль бус үйлдлүүд ар араасаа цувран бий болоод байхад амаа үдүүлсэн юм шиг л чимээгүй суудаг байна. Гэхдээ хууль, хяналтынхан энэ талаар мэдэж, шалгалт явуулах болоход Засаг дарга Б.Баяндэлгэрийн эхнэр хятад эздийн өгсөн мөнгийг буцаан тарааж явсан сурагтай. Мөн багтай эх сурвалжийн хэлж буйгаар хятад тоосгоны үйлдвэрүүд томоохон барилгын компаниудтай гэрээтэй ажилладаг байна. Түүгээр ч үл барам Монгол ардын намын хөдөө орон нутгийн болоод бусад газруудад шинээр баригдаж байгаа намын үүрүүдийн барилгад уг газраас үнэ төлбөргүй тоосго нийлүүлж байгааг ч үгүйсгээгүй юм.
Э.ХҮРЭЛБААТАР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: