С.Ганбаатарыг “гацаах” төлөвлөгөө амжилттай хэрэгжив үү
Монгол Улсын тав дах Ерөнхийлөгч дахин санал хураалтаар тодрохоор болов. Хуулиндаа 50+1 хувийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогддог тул ийнхүү дахихаар болсон нь олон хүнийг таамгийг баталлаа. Дахин санал хураалтад хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигч өрсөлдөх учиртай. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга /517478/, Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд /411748/ нар тунаж, дараагийн шатны сонгуульд өрсөлдөх эрхээ аваад байна.
Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд харамсалтай ялагдал хүлээлээ. Тэрбээр урдьчилсан дүнгээр Архангай, Орхон, Дархан-Уул зэрэг 10 аймагт ялалт байгуулсан хэдий ч эцсийн мөчид мянга гаруйхан саналын зөрүүгээр хоёрдугаар байрыг М.Энхболдод алдлаа. Үүнийг зарим иргэд МАН-ынхан үхэхдээ үхэр буугаа тавилаа хэмээцгээж байна. МАХН-аас шуурхай хэвлэлийн хурал зарлаж “С.Ганбаатар нэр дэвшигч М.Энхболдоос 10 гаруй мянган хүний саналаар илүү байсан. Гэвч хэдхэн цагийн дотор хоёр нэр дэвшигчийн санал тэнцлээ. Сонгуулийн Ерөнхий хороо алслагдсан баг, сумаас мэдээлэл ирэхгүй байна гэх нэрийн дор луйвар хийж байна” хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр дүр зургаас харахад нэр дэвшигч С.Ганбаатарыг “гацаах” төлөвлөгөө амжилттай хэрэгжив үү гэх хар олон хүнд төрж буй талаараа өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Учир нь Сонгуулийн Ерөнхий хорооны мэдээлэл түр хойшлогдох үед “М.Энхболдын санал, С.Ганбаатарынхныг давчихвал гайхах зүйлгүй” гэх утга бүхий постууд олноор тавигдаж байсан юм.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нэр дэвшигчид болоод өрсөлдөж байгаа намууд хамгийн “хар” сонгууль болж байна хэмээн дүгнэж буй. Учир нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө өрсөлдөгчид рүүгээ дайрсан, давшилсан мэдээллүүд ихээр гарч, зарим нэг нэр дэвшигчид явуулгад автсан нь цагдаагийн байгууллагаар хүртэл тогтоогдсон нь үүний илрэл.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын Юү Ван Со гэх иргэнээс 50 сая вон авсан тухай гомдол, хүсэлтүүдийг үндэслэн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4-т заасныг зөрчсөн бөгөөд энэ тухай хүсэлт, гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, С.Ганбаатар нь БНСУ-ын Юү Ван Со гэх иргэнээс 50 сая вон авсан нь тогтоогдсон тул зөрчлийг шийдвэрлүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр материалыг хүргүүлсэн. Гэвч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай “Захиргааны зөрчлийг нэмж шалгуулахаар даалгавар өгөх тухай” захирамж гаргаж, цагдаагийн байгууллагад ирүүлснийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10/3772 дугаартай албан бичгээр биелүүлж, буцаан хүргүүлээд байгаа юм.
МАХН-ын зүгээс энэхүү үйлдлийг өрсөлдөгчийн явуулга хэмээн мэдэгдээд байсан ч эцсийн мөчид түүнийг өрсөлдөөнөөс гаргах төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнийг дэмжигчид нь хэлсээр байна.
http://www.24tsag.mn/content/151844.shtml
Эх сурвалж: 24tsag.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Өнөөгийн ялагдал маргаашын ялалт гэдгийг бүү март….