Өмнөд Монголоор өөриймсөж явсан өдрүүд
ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойг угтан Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага “Хөгжилд хөтөлсөн 70 жил” нэрийн доор 10 хоног үргэлжилж, Өвөрмонголын түүх соёлын газрууд, 70 жилийн хөгжлийг тольлдоо. Сурвалжилгын багт Өвөрмонголоос “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио, “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлчид хамрагдсан бол Монгол талаас “Өнөөдөр сонин”, “Өдрийн сонин”, Үндэсний МОНЦАМЭ агентлаг, МҮОНР, UBS, “TV-5” телевиз, Fact.mn, Barilga.mnцахим мэдээллийн хэрэгсэл болон ФМ 107.5 радиогийн 11 сэтгүүлч хамрагдлаа.
Хоёр орны сэтгүүлчид Өвөрмонголын радио телевиз хорооны “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь нарын удирдлаган дор явж, Өвөрмонголын нутгаар 10 хоног дамнахдаа үзэгч, уншигчдад, үзэж сонирхуулах арвин их тэмдэглэлтэй ганзага дүүрэн буцацгаасан.
Юуны өмнө аян замын явцад анзаарагдсан бодлоо энд дуулгах нь зүйтэй.
Хятадтай хаяа хатгаж суугаа Өвөрмонголын тал нутгийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн оршидог. Энэ хэсэгт суугаа цөөхөн Монголчууд маань том гүрний нөлөөнд авталгүй өдгөөг хүртэл Монгол уламжлал, өв соёлоо хадгалж үлдэж чаджээ. Монголын өв уламжлал, ахуй соёл шавхагдашгүй. Бидний ёс уламжлал нэг гаралтай ч нутаг нутгийнх адилгүй. Тэд манай Монгол улс шиг нутаг нутгийн ёс жаягтай.
Түүнчлэн Өвөрмонголчуудын гол аж ахуй нь газар тариалан, мал аж ахуй. Гэхдээ ӨМӨЗО сүүлийн жилүүдэд аялал жуулчлал тал дээр түлхүү анхаарч байгааг онцолж байсан. Тэр ч үүднээс Монголынхоо түүх дурсгал, баримал үзмэрүүдийг сайн хөгжүүлсэн байна лээ. Нэмж сонордуулахад очсон газрын элэг нэгтнүүд дээд Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж явдгаа дуулгаж байсан юм.
Ингээд “Хөгжилд хөтөлсөн 70 жил” сурвалжлагыг хүргэе. Бидний сурвалжлага Хятад, Монгол хоёр гүрний хилийн дээс болох Эрээн хотоос эхлэн цааш үргэлжилсэн юм.
Эрээн хотын Олон Улсын дээд сургуулиар зочилж, нээлтийн ажиллагааг эхлүүллээ
ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн харъяа Эрээн хотын Олон Улсын дээд сургуульд нээлтийн ажиллагааг эхлүүллээ.
Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Үндэсбат болон Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ян Хун болон хоёр орны сурвалжлагын баг, оюутнууд нийлсэн 100-аад хүмүүс оролцсон юм. Тус сургуулийг 2012 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Засгийн газрын зөвшөөрлөөр ӨМБИС болон Эрээн хотын засгийн газраас хамтран байгуулсан бөгөөд нийт талбай нь 190 мянган ам метр.
Энэ сургууль одоогоор Монгол бичиг болон кирилл бичгийг багтаасан монгол хэл утга зохиолын салбар, эдийн засаг арилжаа худалдааны салбар, аялал жуулчлалын салбар, боловсролын салбар, гадаад хэлний салбар, урлагийн салбар, спортын салбар, худалдааны явдлын хятад хэлний салбар, Монгол улсын судалгааны төв, мэргэжлийн сургалтын төв зэрэг 8 салбар 2 төвтэй аж. Нэг зүйлийг тодотгоход энэ сургуульд Монголоос 200 гаруй оюутнууд тэтгэлгээр суралцдаг, Монголын 19 багш багшилдаг юм байнэ лээ.
Эрээн хотын Олон улсын дээд сургуульд багшилж буй Ч.Алтанцэцэг ийн ярив.
Эрээн хотын шалган нэвтрүүлэх боомтын үйл ажиллагаатай танилцав
Бидний дараагий очсон газар нь Эрээн хотын шалган нэвтрүүлэх боомт. Замын-Үүдээс есхөн км-ийн цаана орших энэ боомтын хөгжил цэцэглэлтийг нурших нь илүүц биз. 1956 оны 1-р сард, Бээжин – Улаанбаатар – Москва хүрэх олон улсын хамтарсан тээврийн галт тэргийг анх нэвтрүүлж байсан энэ боомтоор өдгөө өдөрт 10000 гаруй хүн нэвтэрч байна.
Эрээний боомтын Хил, гаалийн албаныхны тайлбарлаж буйгаар мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг хилээр гаргахыг хориглодог боловч монголчууд хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйлс авч гарахыг завдах тохиолдол үе үе гарсаар байгаа гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд 10-аадхан хоногийн өмнө баавгайн савар хилээр оруулах гэж байсныг таслан зогсоосон талаараа гаалийн байцаагч Бао Гуаньюн ярилаа.
Хятад Монголын хилийн харилцан худалдааны бүс
Эрээн хот дахь Хятад, Монголын хилийн харилцан худалдааны бүс бол Эрээн хотын голлох туршилтын нээлттэй чөлөөт бүсийн чухал хэсэг болно. Эрээн хотын туршилтын нээлттэй чөлөөт бүс нь 4015.1 ам дөрвөлжин км талбайтай. Түүний дотор 72.3 км хилийн шугам байдаг. Үүнд эрээн хотын Хятад, Монголын хилийн харилцан худалдааны бүсийн барилга байгуулалтыг 2014 оны 7-р сард эхэлж, 2017 оны 3-р сарын 7-ны өдөр ӨМӨЗО-ны засгийн газрын зөвшөөрлөөр жинхэнээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Хятад, Монголын хилийн харилцан худалдааны бүс нь нийт 350 сая юаний хөрөнгө оруулж, нийт 100 мянган ам дөрвөлжин метр талбайтай, барилгын ерөнхий талбай 85 мянган ам дөрвөлжин метр байх юм.
Эрээн хотын туршилтын нээлттэй чөлөөт бүсийг Хятад, Монгол хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг түргэтгэж, “нэг бүс нэг зам”-ыг байгуулах, бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой юм. Уг туршилтын бүс батлагдсаны дараа, Хятад улсаас Санхүү, татвар, газар шороо, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр зэрэг олон талд илүү хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлж. Эрээн хотын нээлтийн түвшнийг дээшлүүлдэг.
Бидний дараагийн зорьсон газар бол ӨМӨЗО-ны дунд хэсэг, Улаанцав хот юм. Тухайн улсын хөгжлийг замаар нь шинж гэдэг. Аян замын уртад явахдаа Хятадын авто зам, ногоон байгууламжийг биширч явлаа. Авто замын хувьд манай орон нутгийн замтай зүйрлэшгүй. Өргөн, дээр нь энхэл, донхолгүй, толь шиг авто замд ядрахгүйгээр тухтай зорчих юм билээ. Хурдны замаар 2-4 цаг орчим яваад хүрэх газраа түүртэлгүй хүрнэ. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ орон нутгийн хурдны замаар явах автобусны хурдыг 90 км/цагаар хязгаарладаг байна.
Манай багийнхан өглөө эртлэн “Асар аялгуу”-г зорьсон. Биднийг очиход ордны хойморт суух урлагийн авъстнууд хэдийнээ бэлдчихсэн, төрийн эгшигийг эгшиглүүлэн хүлээж авсан.
Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр Цахарын соёл урлагийн өвийг сэргээн хөгжүүлэх чиглэлд ихээхэн хүч чармайлт тавин ажилладаг нэгэн. Тэрбээр Тогоонтөмөр бидэнд “Асар аялгуу ” ны талаар хэлэхдээ ” энэхүү аялгуу нь найр наадамд дуулагддаггүй, ихэмсэг аялгуу. Эрт дээр үеэс ордны буюу төрийн аялгуунд дууллагддаг байсан, одоогоор манай ахмадууд, багш нар 30 гаруй аялгууг судалж, найруулсан” мөн Цахарын 100 гаруй туульс хадгалагдаж байгаа” гэлээ.
Нэмж дуулгахад “Асар аялгуу”-нь урт удаан түүхэн явцад Цахарчуудын дунд өргөн дэлгэрч, Монгол үндэстний урлаг соёлын нэгэн бүрэлдэхүүн болж уламжлагджээ. Цахарчууд ихэнхдээ Асар аялгууны нэг төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж, “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн дээдэлж ирсэн байна. “Асар аялгуу”-г Монголчуудын уламжлалт утсан хөгжим, үлээх, цохилуур зэрэг хөгжмийн зэмсгүүдээр тус тус хөгжимдөх буюу хавсран хөгжимддөг байна. Өнгөрсөнд Цахар монголчууд овооны тахилга, насны баяр, хурим найр хийхдээ хөгжимчдийг урьж “Асар аялгуу”-г хөгжимдүүлдэг байжээ. Өвөр Монголд өнгөрсөн зууны жараад оноос өмнө радио нэвтрүүлгээр Асар аялгууг сонсдог байсан бол өнөөдрийг хүрэхэд Асар аялгууг мэддэг хүн тун цөөн болжээ. Сүүлийн жилүүдэд Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуу “Асар аялгуу”-г уламжлан хөгжүүлэх олон арга хэмжээ авсаар байна. Тодруулбал Асар хөгжмийн түүхэн хөгжил, одоогийн хөгжлийг танилцуулсан ном бүтээл хэвлүүлж,”Асар”урлагийн бүлгэм байгуулж, олон газар соёл урлагийн найр наадмаар тоглож “Асар аялгуу”-г нэн олноо таниулж байна. Уг хошуу нь бас “Хятадын ардын урлагийн өлгий” “Хятадын Асар аялгууны нутаг” зэрэг алдраараа олны анхаарлыг татсаар байна.
Хятадад өргөн хэрэглээ болсон “улаан” төмсний үйлдвэртэй танилцлаа
Бид энэ нутагт алдаршсан, улмаар монголд хүртэл гаргадаг улаан төмсний компанид зочилов.Цахар Баруун Гарын Хойд Хошуу нь ӨМӨЗО-ны дунд хэсэг, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт байрладаг. Нийт талбай 3910 хавтгай дөрвөлжин километр, хошууны харьяанд 8 сум шянтай, 220 мянган хүн амтай. Үүнд газар тариалангийн салбарт ажиллагсад хүн амын 70 хувийг эзэлнэ.
Хятадын “арван хоёрдугаар таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд, бүх хошууны тариалангийн бүтээгдэхүүний талбай 48 мянга 600 гаруй га-д хүрч, үүнд, төмс тариалах талбай 26 сая 600 гаруй мянган га байж, жилийн ургацын хэмжээ 360 мянган тонн хүрч, төмсний ихэнх хэмжээг бүх Хятадын олон газруудаар борлуулдаг юм билээ. Одоогоор төмсний аж үйлдвэрлэл нь Цахар Баруун Гарын Хойд Хошууны голлох аж ахуйн үйлдвэрлэл болж, шинжилгээ судалгаа, үйлдвэрлэл, хадгалалт, боловсруулалт, борлуулалтыг нэгтгэсэн аж үйлдвэржсэн бүтцийг бий болгожээ.
Үдийн хойно Дээд нийслэл шанду “гийн түүхийг өгүүлэх Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны зүг зам хөөлөө. Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууг зорих зам биднийг нартай бороо, давхар солонгон хадагтай тоссон.
Шулуун Хөх Хошуунд Хубилай хааны сүрлэг хөшөөг сүндэрлүүлжээ
Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Шанд голын хөвөөнөө Хубилай сэцэн хааны сүрдэм том хөшөөг сүндэрлүүлсэн байлаа. Хөшөөний голд Хубилай хаан дүрслэгдсэн бол зүүн гар талд нь Шандуд хаан үэрэг таван хааны дүрийг сийлжээ. Харин баруун гар талаас Өлзийт хаан Төмөр, Хүлэг хаан, Хайсан, Буянт хаан Аюурбарбад, Заяат хаан Төвтөмөр болон Юань гүрний сүүлчийн хаан Ухаант хаан Тогоонтөмөр нар ажээ.
Хятадын монгол хэлний баримжаа аялгууны нутаг
Монгол хэлний суурь аялгууг тогтоож, стандарт аялгууг дэлгэрүүлэн, монгол хэлийг дүрэмжүүлэх бол монгол үндэстний шинжлэх ухаан соёлын цар хэмжээг дээшлүүлэхэд холбогдох чухал асуудал болно.
БНХАУ-ын монгол хэлний баримжаа авиаг 1979 оны 9-р сард Шиньжянгийн Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотноо хуралдсан найман муж, өөртөө засах орны монгол хэл бичгийн тусгай ажлын хуралдаанаар баталж, ӨМӨЗО-ны засгийн газраас зөвшөөрсөн байна. Энэхүү стандарт авиаг Шулуун Хөх Хошууны авиагаар төлөөлүүлсэн. Энэ нь Цахар аман аялгуунд суурилуулж, уламжлалт монгол бичгийн хэлний авиагаар дүрэм болгож, орчин үеийн монгол хэлний авианы хамтын онцлогийг харгалзах зэрэг зарчмаар тогтоосон байна.
ӨМ орны монгол хэлний стандарт авиаг дэлгэрүүлэх ажлыг сайтар хийхийн тулд, 2001 онд ӨМӨЗО-ны үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, радио кино телевиз товчоо, боловсролын газар, соёлын газар хамтран бүх орны хэмжээнд “монгол хэлний баримжаа авианы хир хэмжээг шалгах ажиллагааг зохиох тухай мэдэгдэл” гаргаж, “Монгол хэлний баримжаа авианы хир хэмжээг шалгах хөтөлбөр”-ийг хэвлүүлсэн байна.
Үргэлжлэл бий.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайхан мэдээдэл байна