Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгахаар шийдвэрлэлээ

527-1498182740p1bj98hppf1hoou321dhve4bcj71БРЮССЕЛЬ./TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн 28 орны төр, засгийн тэргүүн нар Оросын эсрэг эдийн засгийн хоригийг зургаан сараар сунгах тухай улс төрийн шийдвэрийг баталжээ. Энэ тухай пүрэв гарагт ЕХ-ны дээд хэмжээний уулзалт болж буй Брюссель хотод тус холбооны зөвлөлийн дарга Дональд Туск мэдэгдлээ.

Хууль ёсны шийдвэрийг энэ сарын сүүлчээр ЕХ-ны элчин сайд нар гаргах ба тус холбооны албан ёсны сэтгүүлд уг шийдвэр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох юм.
“Минскийн гэрээг хангалтгүй биелүүлсний учир ЕХ-ны зүгээс Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сунгаж байгаа болно” хэмээн Д.Туск хэлжээ.
Үүнээс гадна ЕХ-ны гишүүн орнуудын удирдагчид батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааны институцийн тогтолцоог бий болгох, мөн интернетийн сүлжээн дэх хэт даврах үзлийг сурталчилсан агуулга контентуудыг устгах ажлыг явуулах шийдвэр гаргажээ.
Хориг арга хэмжээг хагас жилээр сунгана гэж ЕХ-ны эх сурвалж батлан хэллээ.
Тодруулан хэлэхэд, ЕХ-ны зүгээс Оросын газрын тос, батлан хамгаалах, санхүүгийн салбар дахь төрийн мэдлийн хэд хэдэн компанийн эсрэг авсан эдийн засгийн хоригийн хугацаа 7 дугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа бөгөөд хоригийг 2018 оны 1 дүгээр сарын 21 хүртэл сунгах юм.
Энэ бол тус тусдаа гурван хориг арга хэмжээний нэг нь юм. Бусад хоёр нь болох Оросын иргэдэд авсан визийн хориг нь 9 дүгээр сар хүртэл, Крымийн эсрэг хориг нь 2018 оны 6 дугаар сарын 23 хүртэл үйлчлэх ажээ.
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих