АИ92 бензин 30 төгрөгөөр нэмэгдлээ
ОХУ-аас манай улсад нийлүүлэх нефть бүтээгдэхүүний хилийн үнэ энэ сард 78 ам.доллараар нэмэгдсэн. Тиймээс Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, А80 болон, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг тэглэснээр бензин, түлшний үнэ өсөхгүй байх нөхцлийг бүрдүүлсэн билээ.
Харин АИ92 автобензиний хувьд 30 төгрөгөөр нэмэгдэхээс өөр аргагүй болсныг Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан мэдэгдээд байсан. Түүний хэлснээр бол шатахуун импортлогчид өнгөрсөн пүрэв гарагаас эхлэн АИ92 автобензиний үнийг нэмэгдүүлэх байсан ч хараахан нэмэгдээгүй байсан юм.
Харин өчигдрөөс эхлэн бүх ШТС-ууд АИ92 автобензиний үнийг литр тутамд нь 30 төгрөгөөр нэмэгдүүлж, 1590 төгрөг болголоо. АИ92 автобензиний хилийн үнэ өмнөх сараас эхлэн нэмэгдсэн нь өнгөрсөн хугацаанд жижиглэн худалдааны үнэд өөрчлөлт ороогүй байсан билээ.
Нөгөөтэйгүүр импортлогчдын өмнө нь хямд үнээр авсан нөөц 11 дүгээр сарын эхээр бүрэн дуусч, өндөр үнэтэй бүтээгдэхүүн авч эхэлсэн нь үнийг өсгөхөөс өөр аргагүй болгосон байна.
Одоогийн байдлаар газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүн дээр 18-19 хоногийн нөөц байгаа гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.
Л.Дэлгэр
URL: