“Лалын улс”-ынхан Иракын алдартай сүмийг дэлбэлжээ
Сүмийг “Лалын улс”-ынхан устгасан гэж Иракийн тал мэдэгдсэн бол босогчид мэдэгдэхдээ “АНУ-ын нисэх онгоц тус байгууламжийг бөмбөгдсөн” гэв.
Иракийн Ерөнхий сайд Аль-Абади мэдэгдэхдээ “энэ сүмийг устгасан нь “Лалын улс” албан ёсоор ялагдсан гэсэн үг” гэлээ.
Хиймэл дагуулаас авсан зургуудаас үзвэл, сүм болон сүмийн шовх оройт цамхаг нэлээд эвдэрч нуржээ.
Мосул хотыг чөлөөлөх ажиллагааг удирдаж буй Иракийн цэргийн командлагч лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “манай цэргүүд сүмээс 50 м-ийн тойрог дотор байсан. “Лалын улс”-ынхан түүхэнд хараар бичигдэх дахин нэг гэмт хэргийг үйлдлээ” гэв.
АНУ тэргүүтэй эвслийн хүчний байлдааны нисэх онгоцууд болон цэргийн зөвлөхүүдийн дэмжлэгтэйгээр Иракийн армийн хэдэн мянган цэрэг болон Курдын журамт цэргүүд Мосулыг чөлөөлөх ажиллагааг 2016 оны 10 дугаар сарын 17-ноос явуулж эхэлсэн билээ.
Мосулын зүүн хэсгийг бүрэн чөлөөлсөн гэж Иракийн Засгийн газар энэ оны нэгдүгээр сард мэдэгдсэн юм.
Харин Мосулын баруун хэсэг нь нарийн, тахир гудамж ихтэй учир Иракийн цэргүүд нэлээд хүндрэлттэй тулгарч байна.
URL: