14 шар, дөрвөн улаан хуудастай тоглолт өрнөлөө
Монголын хөлбөмбөгийн холбооны “Хүрхрээ” үндэсний дээд лигийн өчигдрийн хуваарьт “Хангарьд” клуб “Улаанбаатар сити” багтай тоглолоо. Энэ тоглолтод “Улаанбаатар сити” баг “Хангарьд”-ыг 3:1-ээр буулган авав. Тоглолтын гоолын салхийг “Улаанбаатар сити”-гийн Ц.Түмэнжаргал оруулсан бол хоёрдугаар үеийн 54 дэх минутад тус багийн ленгионер тоглогч Акира Хигашияама тоог 2:0 болгосон. Энэ гоолоос удалгүй Ц.Түмэнжаргал 68 дахь минутад багтаа гурав дахь гоолыг авчирсан юм. Хоёр багийн өрсөлдөөн ширүүн өрнөж, нийт 14 шар, дөрвөн улаан хуудас энэ тоглолтод өргөгдөв. Тоглолтын 90 дэх минутад “Хангарьд”-ын О.Мижиддорж гоол оруулсан ч оройтсон байлаа.
URL: