Орчин цагийн орон зайн бодлогын үүднээс Марко Пологийн өвийг шинжихүй
Одоогоос долоон зуун дөчин жилийн тэртээ Монголын эзэнт гүрний Юань улсын газар шороон дээр хөл тавьж Их хаан Хубилайн албанд бүтэн арван долоон жилийн турш (1271–1289 он) зүтгэсэн Венеци нутагийн худалдаачины хүү Марко Поло өөрийнхөө нүдээр үзэж, биеэрээ оролцож явсан урт удаан хугацааны аялал, үйл явдлын түүхийг ном болгон үлдээсний ачаар Европ дахин Монголын эзэнт гүрэний болон монголчуудын талаар үнэн бодит, баримт сэлтийг олон зууны тэртээгээс мэдэх болжээ.
Барууныханд буюу Загалмайтаны ертөнцөд Марко Пологийн нээж таниулсан дэлхий ертөнцийг түүнээс өмнө хэн ч энэ байдлаар нь гадарлаж байгаагүйгээр барахгүй тэдний хувьд цоо шинэ зүйл байсан гэж Роналд Лейтхэм онцгойлон дурьдсан байна.
Марко Пологийн Юань улсад аялаж, ажиллаж байсан тэр цаг үед Евразийн эх газарт явуулж байсан орон зайн бодлого нь Монголын эзэнт гүрний Улс төр, Эдийн засаг, Худалдааны бодлогоор тодорхойлогдож байжээ гэхэд нэг их эргэлзээд баймааргүй санагдана.
Аль ч цаг үед орон зайн бодлогод шийдвэрлэх нөлөө үзүүлж байсан Мэдээлэл-харилцаа холбооны асуудал, Мөнгөний бодлого, Худалдаа арилжааны чөлөөт байдал, Шашин шүтлэгийн асуудлыг монголчууд тухайн цаг үе, орчин, нөхцөлд нь зохицуулан үр өгөөжтэй, зөв шийдвэрлэж чадаж байсан нь Монголын эзэнт гүрний төрийн бодлогын уян хатан чадвар, орчин цагаа мэдрэх зөн совин, ирээдүйг төсөөлөх холч харааг нь өнөө ч гайхан биширмээр, судлаж суралцмаар удирдахуй ухаан (management) байжээ.
Марко Пологийн ярьж, тэмдэглэж үлдээсэн баримт, үйл явдлын зарим нэгийг жишээ болгон дурьдаж, өнөө цагийн өндөрлөгөөс шинжин дүгнэх гэж оролдвол :
1. Тэртээ 700 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр мэдээлэл, харилцаа холбооны асуудлыг шийдсэн арга хэлбэр нь тухайн үедээ дэлхийд хосгүй дэвшилтэт “Морин өртөө” хэмээх цэвэр монгол технологи байжээ. Эзэнт гүрний бүхийл гол зам гудас дагуу хоорондоо хорь, хорин таван бээр зайтай байрласан өртөө байх бөгөөд тэнд хэзээч эмээллэхэд бэлэн гурав, дөрвөн зуун хүлэг морьд бэлэн зэхээстэй байхаас гадна сайхан тохижуулсан тав тухтай дэн буудал таныг хүлээж байдаг гэдгийг та бүхэн минь ойлгож байгаа биз дээ. Энэ бол Их хааны эзэмшил гэсэн бүхийл газар нутагийг хамран тархсан өртөө – шуудангийн албан билээ.
Хүн амьтан оршин суудаггүй зэрлэг зэлүүд хээр тал, говь цөлд ч дээр миний бичиж дурьдсан өртөөний албан яг л тийм хангамжтай, морьдтой байх бөгөөд харин хоорондох зай нь гуч, гучин таван бээр заримдаа дөчин бээр хүрдэг.
Хоёр өртөөний хооронд бие биеэсээ гурван бээр зайтай дөчин жижиг гацаа буюу байшин байх бөгөөд тэнд Их хааны өртөө шууданд алба хашидаг явган зарлага байрлана. Тэдгээр зарлага нь хоёр өртөөний хооронд хар хурдаараа гүйх бөгөөд өртөө хоорондын зай нь гурван бээрээс огт хэтэрдэггүй. Тэднийг гүйсээр дараагийн гацаанд ирэхэд цаашаа гүйх зарлага аль хэдийн бэлэн зэхий хүлээж байдаг.
Өртөөн дээр сэлгэж эмээлэх дөрвөн зуун морьдыг нэгэн зэрэг байнга барьж байдаггүй харин нэг сард хоёр зуун морьдыг эмээллэхэд бэлэн байлгаж байхад нөгөө ээлжийн хоёр зуун морьдыг онгон соргог бэлчээрт адуулан тарга тэвээрэг авахуулж байдаг бөгөөд ингэж тасралтгүй сар сараар ээлжлэн морьдоо сэлгэнэ.
Монголын эзэнт гүрний өртөөний албыг хашиж, залгуулахад хорин түмэн (200000) морьд, нэг түмэн хүн үргэлж оролцож байдаг гэж Марко Поло дурсамждаа бичиж үлдээсэн байх юм.
Энэхүү өртөө нь тухайн цаг үедээ Монголын эзэнт гүрний улс төр, цэрэг дайн, эдийн засагийн бодлогыг Евразийн эх газар дээр хэрэгжүүлж байсан мэдээлэл, харилцаа холбооны байнгын ажиллагаатай сүлжээ байсан юм. Шуурхай мэдээлэл, харилцаа холбооны хамгийн хүчирхэг сүлжээтэй байсан нь монголчууд дэлхийн талыг эзэгнэн захирч, төрийн захиргааны болон цэрэг, эдийн засгийн бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх шуурхай мэдээллийн эх сурвалж, түүнийг зохицуулах хүчирхэг хөшүүрэг хоёрыг нэгэн зэрэг эзэмшиж байсан онцлогтой.
2. Цаасан мөнгө үйлдвэрлэх, хэрэглэх дэг журам нь энгийн мөртлөө эгээл жинхэнэ мөнгө, алтаар зоос цутгахаас огт ялгаагүй нэр хүнд, ач холбогдолтой үйл болсон. Их хааны итгэмжилсэн түшмэл хааны тамгыг зосдож мөнгө бүрийн дээд зах дээр тамгалана. Ингээд цаасан мөнгө жинхэнэ мөнгө болж баталгаажина.
Эзэнт гүрний хүн ард цаасан мөнгө гүйлгээнд гарсан тэр цагаас эхлэн түүнийг дуртайяа хэрэглэж заншсан бөгөөд алт, мөнгө, үнэт чулуу, сувд эрдэнэ худалдаж авсан ч энэ цаасан мөнгөөр л төлбөр хийцгээнэ. Худалдаа арилжааны бүхий л төлбөр, тооцоог зөвхөн цаасан мөнгөөр хийдэг гэдгийг би та бүхэнд тодорхой ярьж өгүүлэв
Би та нарт бас нэгэн зүйлийг сонирхуулан хэлье. Жилдээ хэд хэдэн удаа эзэнт гүрний нутаг газрыг хамарсан дараах утгатай зар, тушаал тараах, үүнд: Үнэт чулуу, сувд эрдэнэ, алт, мөнгөтэй хэн бүхэн түүнийгээ Их хааны эрдэнэсийн санд тушаагаарай гэх бөгөөд тушааж байгаа эрдэнэсийг үнэлэн оронд нь цаасан мөнгөөр төлбөр тооцоог хийж гүйцэлдүүлнэ. Ингэж Их хаан өөрийн эзэмшил эзэнт гүрний нутаг газар дээр байх алт, мөнгө, эрдэнийн чулуу, сувд эрдэнэсийг бараг орвонгоор нь худалдан авч байгаа нь энэ билээ гэжээ.
Их хаан Хубилай цаасан мөнгө эргэлтэд оруулсан нь хүн төрөлхтний түүхэнд анхных байсан төдийгүй мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх бодит боломжийг нээж өгсөн түүхэн үйл явдал байлаа. Цаасан мөнгө эргэлтэд оруулсаны хамгийн гол үр дүн нь хэзээч үнэ ханш нь саарч буурдаггүй алт, мөнгө, сувд, үнэт эрдэнийн чулууг цаасан мөнгөөр худалдан авах гайхамшигтай боломж бололцоог буй болгосонд оршино. Их хаан Хубилайн бодож олоод эдийн засаг-санхүүгийн эргэлтэд оруулсан “цаасан мөнгөн”-ий ид шид, ирээдүйг хүн төрөлхтөн ухаарч ойлголгүй, ойшаалгүй явсаар 500 гаруй жилийг улираан өнгөрөөсөн байх юм.
Цаасан мөнгөний боломж бололцоо, ирээдүйг анх түрүүн бүрэн ойлгож, ид шидийг нь амьдралд гардан хэрэгжүүлсэн хүн бол германы иргэн, жүүд угсааны Майер Амшель Ротшильд байсан билээ. XVIII зууны эцсээр Герман, Франц, Англи, Австри, Италид банкны үйл ажиллагааны үндэс суурийг тавьж XIX зуунаас эхлэн дэлхийд ноёрхох болсон банкны эзэд Ротшильдийнхэн бол Майер Амшель Ротшильдийн таван хүүгээс угшилтай бөгөөд өнөө ч энэ гэр бүлийн удам угсаа дэлхийг хамарсан банк-санхүүгийн сүлжээнд өөрийн гэсэн байр сууриа хадгалсаар буй төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний хувь заяа, өнөө, ирээдүйг зохицуулан шийдэж байдаг “Бильдербэргийн клуб буюу Бильдербэргийн бүлэглэл” гэгч “дэлхийн засаглал”-ын нууцлагдмал байгууллагыг байгуулах, бэхжүүлэхэд Ротшильдийнхэн АНУ-ын тэр бумтан Рокфеллерийн гэр бүлийнхэнтэй мөр зэрэгцэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг.
3. Бөөгийн зан үйл давамгайлсан “Мөнх тэнгэр” шүтлэгтэй монголчуудын Их хаан Хубилай тухайн цаг үеийнхээ шашин шүтлэгийн эмзэг бөгөөд эгзэгтэй асуудлыг ёстой л “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шийдсэнийг Марко Поло тун гярхай ажиглан ингэж тэмдэглэж үлдээсэн байна: ….Загалмайтануудын их баяр болох Мацагийн өдөр болон Христ бурханы мэндэлсэн өдрийн баярыг ёслон тэмдэглэх болов. Яг үүний нэгэн адилаар Сарацин, Жүүд, Онго шүтлэгтний гол гол баярыг ч ёслон тэмдэглэдэг байв. Яагаад ийн үйлдэхийн учрыг Их хаанаас асуухад: Хорвоо дэлхийн хүн ардын биширдэг дөрвөн гэгээнтэн байна. Бурханыг эхлэн төлөөлөх шүтлэгийн хэлбэр нь Загалмайтны хэлэхээр бол Ийсус Христос, Сарацины Магомет, Жүүдийн Мойсей, Онго шүтлэгтний Шакъяамуни Бурхан эдгээр дөрөв ажээ. Би чин үнэн сэтгэлээрээ энэ дөрвөн бурханыг шүтэн биширч, хүндлэн залбирдаг төдийгүй тэдгээр бурхадаас аврал энэрэл хүсэн гуйж мөргөдөг гэсэн хариу өчив. Ингэж бүх шашиныг эн тэнцүү шүтэн өргөмжилж, ялгаварлан гадуурхах буюу үл тоомсорлосон хандлага гаргадаггүй байсан нь Евразийн эх газар дээрхи олон шашиныг хоорондоо эв түнжинтэй зохицон орших суурийг нэгэн мөр тавьж чадсан алсын хараатай, ухаалаг хандлага мөн билээ. Харин Их хааныг ажаад байхад Загалмайн шашинд илүү талтай мэт санагддаг….гэж Марко Поло дурьдаж дурссан нь учиртай. Хубилай хаан төрсөн цагаасаа эхлэн Нестор урсгалын загалмайн шүтлэгтэй, ухаант хатан-ээж Сорхагтани бэхийн гар дээр өсөж өндийсөн учираас загалмайн шүтлэгийг эхийн сүүтэйгээ хамт амласан гэхэд болох бөгөөд хүүхэд ахуйгаасаа шүтэж мөргөсөн тэр шашин нь Их хааны насан туршидаа залбирч мөргөдөг шашин байсан гэхэд үгүйсгэх аргагүй мэт бодогдоно. Гэвч монголчууд мандан бадарсан, ядарч доройтсон аль ч цаг үедээ мөнх тэнгэрээ дээдлэн шүтсээр иржээ.
4. Евразийн эх газрыг бараг бүхлээр нь эзэгнэн захирч байсан тухай….. “Аялал” номын танилцуулгад “Монголчууд байлдан дагуулах үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хоёрхон үе (two generation) улирах ахархан хугацаанд Энэтхэг-Хятадын, Энэтхэгийн, Арабын болон Баруун Европ гэсэн дөрвөн хойгоос бусад Евразийн эх газрыг бүхэлд нь эзлэн захирсан байлаа …..гэжээ. Монголын эзэнт гүрний ивээл хамгаалал дор яс үндэс, хэл соёл, шашин шүтлэг, зан үйл, ёс заншилийн ялгааг үл харгалзан худалдааны чөлөөт зах зээл жинхэнэ утгаараа цэцэглэн хөгжиж, дайн дажиний хөл, хөлсөө саарч, амар тайван амьдрал харьцангуй урт удаан хугацаагаар, өргөн уудам газар нутагийг хамран үргэлжилэх болсон нь худалдаа арилжаа цэцэглэн хөгжих таатай орчин, нөхцөлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Өрнө, Дорны соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг, урлаг, шинжлэхүй ухаан чөлөөт худалдааны урт замыг даган бие биедээ эрчимтэй нэвтрэн нутагшиж, хүн ард нь харилцан ойлголцох, хамтран амьдрах, нэг нь нөгөөгөөсөө суралцах өргөн боломжийг нээн өгсөн бөгөөд монголчууд бүүр Эзэн Чингисийн үеэс чөлөөт худалдааг хөхиүлэн дэмждэг, худалдаа арилжааг чөлөөтэй байлгах бүхийл арга замыг сүвэгчилдэг, чөлөөт худалдаа нь ард түмнүүдийн хоорондын нөхөрсөг харьцааг бэхжүүлэх, дайн тулаанаас зайласхийх гол арга гэж үзсээр түүнийхээ төлөө тэмцсээр иржээ. Энэ бол монголчуудын хүн төрөлхтний соёл, иргэншил, харилцан ойлголцолд нэвтрүүлж нутагшуулсан харилцан бие биеэ ойлгох, ойртон нөхөрлөж хамтран ажиллах шинэлэг арга барилын үр хөврөл байжээ гэж үзэх бүрэн үндэстэйгээр барахгүй “олон улсын харилцаа, хамтын ажиллагааны жишиг эхлэл” байсан юм гэж бодном. Тийм ч учираас гадаадын олон олон нэртэй эрдэмтэд, судлаачид тэр үеийг “орчин цагийн орон зайн бодлого”-ын онолын үүднээс тухайн цаг үедээ Евразийн эх газарыг хамран даяаршуулж байсан гэж дүгнэх нь зүйн хэрэг билээ. Үүний бас нэгэн бодит баталгаа бол монголчуудын хөл тавиагүй, зэвсэг хүрээгүй Зүүн өмнөд Азийн болон далайн орнуудын олон олон ханлигууд дам сурагаар, өөрсдийнхөө сайн дураар Их хаан Хубилайг эзэн хаанаа гэж хүлээн зөвшөөрч, монголын эзэнт гүрний хараат, харъяат нутаг орон гэж өөрсдөө өөрсдийгөө тооцон алба татвар төлдөг байсан нь үүний тод гэрч болох буй за .
Одоогоос 740 гаруй жилийн тэртээх Монголын эзэнт гүрэн өөрийнхөө эзлэн захирч асан Евразийн эх газар дээр “орон зайн бодлого”- оо хэрхэн хэрэгжүүлж байсны зарим нэгэн жишээг Марко Пологийн нүдээр харж, ухаанаар тунгаалаа. Дээр дурьдсан баримт, тэмдэглэлийг шинжин үзэхэд:
• Тухайн үедээ Монголын эзэнт гүрэн өөрийн эзэгнэн захирч, засаглан жолоодож байсан нутаг орон, улс гүрэнд өөрийнхөө орон зайн бодлогыг цэрэг зэвсгийн хүчээр далайлган, тулган хүлээлгэсэн муйхар хар хүчирхийлэл болгосонгүй. Харин худалдаа наймааны эвсэг ур ухаанд тулгуурласан, харилцан бие биеэ хүндэтгэх, хамтран ажиллаж амьдрах, иргэншисэн нийгмийн уян хатан, тэнцвэртэй харьцаанд суурилж байжээ гэж үзэх бүрэн үндэстэй нь харагдана.
• Өнөөгийн Монгол улсын орон зайн бодлого нь монголын уул уурхайн баялагт тулгуурлан дулдуйдсан, хил залгаа хөрш орнууд болон алслагдмал хөршүүдийнхээ эдийн засгийн ашиг сонирхолыг тэнцвэртэй хангах, монгол хүнийхээ аж амьдралын эх булаг, суурь тулгуур болсон, эх орныхоо ойрын ирээдүй хэтийн төлөвийг нягт нямбай тооцож, улс орныхоо тусгаар тогтнол, биеэ даасан, хараат бус эдийн засгийн цогц бодлогоор илэрхийлэгдэх учиртай гэж бодогдном,
• Монгол улсаас орчин цагт баримтлах “орон зайн бодлого”-ын үлгэр загвар нь өвөг дээдсийн маань түүх, төрт ёсны маань уламжилалд хадгалагдаж ирсэнийг анхааран судалж, авах гээхийн ухаанаар хандан өнөөгийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, Их хаадынхаа “Төр улсаа жолоодох” удирдахуй ухааны ширгэшгүй ундрагаас суралцмаар, орчин цагийн аясад нийцүүлэн боловсронгуй болгомоор, залгамж халаа болсон залуу үеийнхэндээ өвлүүлмээр санагдана.
Марко Пологийн номыг монгол хэлрүү орчуулах үйлийг 75 жилийн өмнө Монгол улсад эхлэж байсан түүхтэй боловч уг орчуулга ном болон хэвлэгдэж уншигчдийн гар дээр хүрэх хувьгүй байжээ. Энэ тухай хайж олсон зарим баримт сэлтийг дурьдвал: Улсын төв номын санд Марко Пологийн номын монгол орчуулга гар бичмэл хоёр хувь эдүгээ хадгалагдаж байна. Энэ нь Герман эрдэмтэн доктор Алберт Херманы найруулсан (“Их Хааны ордонд” хэмээх Итали улсын Марко Пологийн Төв Ази ба Дундад улсаар аялан явсаны өгүүлэл)-ийг 1936 оны үед герман хэлнээс монгол хэл рүү орчуулсан 8 бүлэг 266 хуудас худам монгол бичгийн гар бичмэл хувь юм. Тэрхүү гар бичмэл орчуулгыг Би. Ба (Банзрагч) гэгч хүн дахин нэг хувь хичээнгүйлэн хуулбарлаж, үдэж дэвтэрлэсэн нь 275 хуудас гар бичмэл болсон бөгөөд “1949 оны 12 дугаар сарын 31-ний өдөр уг эх бичигээс хуулан бичиж төгсөв. БНМАУ-ын Сталины нэрэмжит Улсын нийтийн номын сан” хэмээн төгсгөжээ. Энэхүү гар бичмэл номын өөр нэг хуулбарт Б. Бадамсэрээжид гэгч хүн 1968 оны нэгдүгээр сарын 15-нд кирил монгол бичигээр гарчигийг нь сийрүүлэх оролдлого хийсэн байх ба 7 дугаар бүлэгийн нэрийг сийрүүлэлгүй орхижээ. Энэ орчуулга тэр хэвээрээ олны хүртээл бололгүй ганц нэг судлаач сонирхож жиших төдийгөөс хэтрэлгүй хадгалагдсаар иржээ . Мөн эрдэмтэн Мануэль Комроффийн (Komroff, M. Contemporaries of Marco Polo (1928). Translations of Roubrouck, Carpini, and Odoric.) найруулан бичсэнийг 1945 онд “Марко Пологийн тойрон явсан аяны тэмдэглэл” нэртэйгээр монгол хэлнээ хорголжин бараар Өвөрмонголд хэвлэж гаргасан нь Монгол улсын төв номын санд 2 хувь хадгалагдаж бий. Энэхүү номын оршилд “Цахар чуулганы Ажаа гэгээний сүргийн Чимэд Гомбожав хичээнгүйлэн бичив. Богд Чингис хааны 737 дугаар оны тавдугаар сарын 15-ны өдөр тохиов” гээд номын төгсгөлд “Богд Чингис хааны 739 дүгээр оны долоодугаар сарын 20-нд анх дармаллавай. Дармалласан газар Өөртөө засах Монгол улсын Тэргүүн ноёны ордны дармалын газар. Орчуулсан Гомбожав. Тараасан газар Өөртөө засах Монгол улсын тэргүүн ноёны ордны судар бичигийн гэр. Хоёр дэвтэр 596 хуудас” хэмээсэн нь Өвөрмонголын бичгийн хүн Гомбожав бээр 1943 онд орчуулан дуусгаж 1945 онд хэвлүүлж тараасан гэж өгүүлжээ. Эдүгээгээс даруй 68 оны тэртээ Чингис эзэний он тоололыг эрхэмлэн баримталж тэмдэглэсэн нь монгол уламжилал, монгол хүний үзэл санааны сонирхолтой хандлага ажиглагдаж байгаа төдийгүй хорьдугаар зууны хоёрдугаар хагаст тултал монголчууд бид он тооллоо Эзэн Чингис хааныхаа тулгар төрөө тунхагласан нийтийн он тооллын 1206 оноос эхлэн Эзэн Чингис хааны 1 (нэг) он гэж тоолж эхэлсэн нь аргагүй л анхаарал татах баримт мөн.
Өвөрмонголын эрдэмтэн Сайшаал 1977 онд “Марко Пологийн аялалын тэмдэглэл” нэртэйгээр орчуулж Гириний ардын хэвлэлийн хорооноос (Өвөрмонголд) хэвлэн гаргаж байжээ.
Харин манай монгол уншигчид 1987 онд А.Очир, Б.Дорж, С. Идшинноров нар орос хэлнээс орчуулж, С. Бадамхатан редакторласан “Орчлонгийн элдэв сонин”(Улаанбаатар) гэсэн нэртэй Марко Пологийн аяны тэмдэглэлтэй анх танилцжээ. Энэ монгол орчуулга нь оросын эрдэмтэн И. П. Минаевийн франц хэлнээс (Бенедеттогийн хувилбарыг барьж) орос хэлрүү орчуулсан гурав дахь хэвлэлийг баримталжээ. Гурав дахь хэвлэлийг ЗХУ-ын үед гаргажээ. Зөвлөлтийн үед хэвлэсэн уг эх нь товчлон хураасан, түүхэн үйл явдал, түүхт хүмүүсийн талаархи мэдээ, мэдээллийг дутуу, бүрхэгдүү тусгасан талтай байсан. Тухайлбал: Тэр үеийн орос орны хүн зоны ахуй амьдралын илэн далангүй байдал, Орос орон өөрөө Алтан ордны Монгол хаадын эрхшээл захиргаанд байсаныг өгүүлсэн хэсгийг “санамсаргүй” гээж орхисон байна. Энэ мэт И. П. Минаевийн орчуулга танагдан хураангуйлагдсан нь коммунист үзэл сурталын дарангуйлалд “хэлмэгдсэн” болов уу даа гэсэн сэжиг таамаг дагуулна.
Техникийн ухааны доктор
Зэлмэ О. Бүрэнжаргал
URL: