Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарна
Өвлийн cap дундаа орсон ч нар ээж тэнгэр хангай дулаахан байсан ч өнгөрсөн амралтын өдрүүдэд эрс хүйтэрч нийслэл Улаанбаатар хот төдийгүй ихэнх аймгуудад цас орлоо. Хэдийгээр аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан ч гэлээ гэнэтийн хүйтрэл хөдөө орон нутагт орсон цас малчдад ямар нэгэн хүндрэл учруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн Батбаяраас тодруулахад “Ямар нэгэн хүндрэл учирсан талаар аймгуудийн Онцгой байдлын газраас мэдээлэл ирээгүй байна. Амралтын өдрүүдэд орсон цасны хэмжээ бага учраас өдөртөө хайлж малчдад хүндрэл учраагүй.
Харин цас орсны улмаас Алтай Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар өдөртөө 16-18 градус шөнөдөө 24-26 градус хүрч мөн энэ долоо хоногийн сүүлээр цас орж салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч хүйтний эрч чангарах учраас тус нутгаар нутагших малчид анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулмаар байна” гэв.
Өнөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурах цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.
Түүнчлэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байх юм байна.
URL: