С.Амарсайхан: Та бидний сонголт Налайх дүүргийн маань хөгжил, бүтээн байгуулалтанд эрч хүч нэмэх болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд сонгуулийн сурталчилгааны хугацаанд Нийслэл болон орон нутгийн иргэд сонгогчидтой уулзалт арга хэмжээн зохион байгуулж байгаа. Нэр дэвшигч М.Энхболд 2017 оны 06 сарын 19-ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн иргэд, сонгогчидтой Налайх дүүргийн Соёлын төвд уулзлаа. Тус уулзалтад хүрэлцэн ирсэн иргэд сонгогчид Соёлын төвдөө багтаагүй учир гадаах талбайд том дэлгэцээр уулзалтын арга хэмжээг хүлээн авч үзлээ. Тус уулзалтыг нээж Налайх дүүргийн МАН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Та бүхэн дэлгэр сайхан зусаж байна уу, Монгол улсын аж үйлдвэрийн ууган голомт, эх хотыг элч гэрлээрээ гийгүүлж ирсэн эрхэм хүндэт Налайхчууд, иргэд сонгогчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, МАН-ын дарга, УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд танд амжилт хүсч, сайн сайхныг ерөөе.
Эх орон даяар Монгол төрийн тэргүүнээ сонгох өдөр хаяанд ирлээ.
Өнөөдөр эх оронд маань, иргэд сонгогчидод маань хагарал бутрал, эвдрэл талцал, хямрал доройтол биш, улстөрчидөд маань ухаарал, иргэдэд маань эвлэрэл хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, тогтвортой засаглал ус агаар шиг хэрэгтэй байна. Иргэд ард түмэн та бидэнд ч бас амар тайван амьдрал, ирээдүй хойч үе, залуучуудад маань ирээдүйдээ итгэх итгэлийн гал, сэтгэлийн эрч хүч бас үгүйлэгдэж байна. Монгол түмэн та бид мөнхийн хөрш орнууддаа, гадаад дотоод түншүүдээ үгүйсгэн туйлшрахын зэрэгцээ дотооддоо талцан тэмцэлдэж, доройтон бутрах биш, харин хөрш орнуудтайгаа улс төр, эдийн засаг, гадаад харилцаа, дипломат харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх замаар бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд хөгжлөөрөө, бодлогоороо, онцлогоороо, оюуны чадавхаараа өрсөлдөх тал дээр ур ухаанаа уралдуулах цаг нэгэнт болжээ.
Энэ бол өдгөө бидэнд өнөө цагийн тавьж байгаа шаардлага, ирээдүй хойч үеийн маань захиж байгаа захиас гэж би ойлгож байгаа.
Төр улсын тэргүүн ямар хүн байхаас улс орны ирээдүй, ард түмний амьдрал шууд хамаардаг гэдгийг өнгөрсөн 27 жилийн та бидний туулж ирсэн ололт амжилт, уналт, алдаа онооны сургамж бидэнд харуулсан.
Хэнийг Ерөнхийлөгчөөрөө сонгохоос та бид ирээдүйд хэрхэн амьдрах, цаашлаад улс орныхоо тусгаар тогтнолыг хадгалан хамгаалж үлдэх үү гэдэг асуудал, гэсэн сонголтын өмнө тулж ирээд байна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гагцхүү энэ сонголт бол та бүхний өнөөдрийн итгэл үнэмшлээс шалтгаална. Сүүлийн 12 жилийн турш буюу 2005 оноос хойш өөр өөр намын хамтарсан гэх Засгийн газрууд, Ерөнхийлөгчдийн явуулж ирсэн бодлого нэг зүгт биш харин гурван толгойтой могой шиг тал бүр сарнин савчиж, иргэд та бид, сонгогчид бид сүүлэнд нь ширвүүлж, сүүдэрт нь даарч, ааш араншинд нь гундаж, өнчин айлын төөрөлдсөн хүүхдүүд шиг явж, ингээд зогсохгүй улс орны маань аюулгүй байдал ганхаж ирсэн нь гарцаагүй гашуун үнэн билээ.
Тэгвэл улс түмнийхээ нэг хувь, эсвэл нэг хэсгийг нь биш нийт Монголчуудаа төлөөлж, Монгол хүн бүрийг сэтгэлийн гал, итгэлийн элчээр тэтгэх, мөн МАН-ын Засгийн газартайгаа, олонхи болсон УИХ-тайгаа хэл амаа ойлголцон хамтран ажиллах чадвартай, улс орны ажил амьдралыг ойлгодог төрийн тэргүүнийг зайлшгүй сонгох чухал шаардлага бидний өмнө тулгараад байна. Энэ шалгуурын МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд бүрэн хангаж байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг та бүхэндээ батлан хэлэхэд таатай байна.
М.Энхболд даргын хувьд төрийн анхан шатны байгууллагын мэргэжилтэн эдийн засагчаас, дүүрэг нийслэлийн Засаг дарга, Монгол улсын Шадар сайд, Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын дарга зэрэг төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг тойрч биш дайрч, үсэрч харайж биш харин туулж, туршлагажиж, ухарч унаж биш, урагшилж төлөвшиж ирсэн улс төрийн хат суусан, улс төр албан тушаалын гор хор нь гарсан, ирээдүйд эрх мэдлийн төлөө биш иргэд сонгогчдынхоо нийтлэг эрх ашиг, сайн сайхны төлөө хүнд ачаа үүрэх, хүн чанар, мөн чанар нь бүрдсэн улс төрч гэж би үнэлж явдаг.
Бидний Монгол улс нэг улс, нэг төр, нэг бодлоготойгоор урагшлан хөгжих ёстой. Үүнийг ард түмэн маань сайн мэдэж байгаа. Тиймч учраас 2016 оны УИХ, аймаг нийслэл орон нутгийн ИТХ-ын сонгуулиар МАН-ыг иргэд сонгогчид маань дэмжиж, олонхи болгосон.
Тэгвэл та бид 2017 оны энэ сонголтоо улам баталгаажуулан лавшруулж, Монгол төрийн хар хайрцагны тууштай бодлого, төрийн дээд байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа, улс орны ирээдүйн хөгжил дэвшлийн хэлхээ болсон Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гурамсан холбоог хүчээр биш эвээр нэгтгэж, дутуу доголон явсан төр түмний тулах багана, гурвалсан багана болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрынхаа баганыг улс төржилтөөр биш, туйлшралаар биш, харин ухаант ардынхаа мэргэн сонголтоор бид бүрэн бүтэн болгож, ээлтэй, эвтэй төр улсаа бэхжүүлэх цаг нь болжээ.
Энэ сонгууль бол хэн нэгэн нэр дэвшигчийн, эсвэл аль нэгэн улс төрийн намын эрх ашиг, өрсөлдөөн сөргөлдөөн, ялалт ялагдал гэхээсээ илүүтэй өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын засгийн газрын өнгөрсөн жил гаруй хугацаанд бүх боломжоо ашиглан ажиллаж арайхийн уналтыг нь зогсоогоод байгаа эдийн засгаа цаашид бид үргэлжлүүлэн сэргээн тогтворжуулж, айл бүхэн амьжиргаатай, улс орон тогтвортой засаглалтай, иргэд маань аз жаргалтай амьдрах уу, эсвэл дөнгөж сэргэж байгаа эдийн засгаа дахин элгээр нь мөлхүүлж, ажилгүй, орлогогүй иргэд айл өрх, аж ахуйн нэгжүүд нь шил шилээ даран дампуурсан, иргэд цөхрөнгөө барьж доройтсон 2012 он руу эргэж буцах уу гэдэг, эсвэл төгсөж дуусдаггүй улстөржилт, өнөд үргэлжлэх талцал, эвлэршгүй улс төрийн тэмцэлтэйгээ хамт 2020 онтой золгох уу, 2024 оныг хүлээх үү гэдэг хувь заяаны сонголтын өмнө тулж ирээд байна. Өөрөөр хэлбэл бид цаашид хөгжиж дэвших үү, доройтон бутрах уу гэдэг нийт Монгол түмний хувь заяаныхаа зураг төөргийг зурах чухал сонголт гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Налайхчууд маань 2016 оны сонгуулиар МАН-ыг, НИТХ-ын хуралд намайг сонгосон шигээ удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж саналаа өгөхийг та бүхэндээ уриалах байна.
Та бидний сонголт, дэмжлэг нь улс орны ирээдүй төдийгүй, Налайх дүүргийн маань ирээдүйн хөгжил дэвшил, бидний хүсэн хүлээдэг өөрчлөлт шинэчлэлт, бүтээн байгуулалтанд эрч хүч, өнгө зүсийг нэмнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ингээд наран ургах зүгээс Нийслэл хотыг гийгүүлдэг алтан нарны цацраг шиг ялалтын цуурайг Налайх дүүргээс эхлэн Нийслэл даяар цуурайтуулах тэр дэмжлэг та бүхний маань сонголтоор баталгаажиж, МАН-ын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболд ялалт байгуулна гэдэгт эргэлзэхгүй итгэж байна.
Эрхэм хүндэт Налайхчуудаа…
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг сонгож, ард олны маань хувь заяа, эх орны маань тусгаар тогтнолыг эрчлэн зангидах, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраа бүрэн бүтэн болгож, төрийн гурвалсан баганаа хамтдаа бүтээцгээе. Ингээд нэр дэвшигчийн маань уулзалт албан ёсоор нээснийг мэдэгдэе.
Баярлалаа та бүхэндээ
Ц.Мөнх
URL: