МАШ, ТОМ, НУУЦ СҮЛЖЭЭНИЙХЭН БАРИГДСАН НЬ

hoshin_2578454-Улс төрийн намуудыг үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагааны зарчмаар нь ялгаж ангилах нь мань мэтийн сэтгүүлчдийн чадвараас бараг л даван гарчээ. Яагаад тэд ялгаагүй болсон бэ гэвэл яг ижил бараа, бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнийхэн болсонд учир нь байна. Тэдэнд тус тусдаа үйлдвэрлэдэг “брэнд” гэж байхгүй учраас бэлэн борлуулах бараа төрийн “албан тушаал” болж хувирсан хэрэг-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн нам кандидатаа дэвшүүлэх эрхтэй. Хэний ч мэдэх энэ зүйлийг дурдахын учир гэвэл Тэр хүн улс төрийн намыг төлөөлөн нэр дэвших боловч Ерөнхийлөгчөөр сонгогдмогц нь түүнд намын харьяалал гээч зүйл хамаагүй болдгийг сануулах гэснийх юм. Хэдхэн хоногийн дараа өндөрлөх сонгуулийн дүнгээр М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын нэг нь Ерөнхийлөгч болж, өдгөө өөрсдийн нэр дэвшигчийн төлөөнөө нэгийгээ үзэлцэн нэхийгээ уралцаж буй намдаа хүссэн хүсээгүй “Баяртай” гэж хэлэх болно. Бас “Баярлалаа” гэж хэлэхээ мартахгүй байх л даа.
Чухам энэ үед л ёстой далан булчирхай, долоон булайгаа дэлгүүлсэн гурван нам хэрхэн яаж хэрүүл маргаанаа цэгцэлж, дараа дараагийн сонгуулиар хэрхэн хүний нүүр харахтайгаа үлдэнэ ээ гэж эрхгүй санааширмаар… Ямартай ч МАН, АН гэсэн хоёр нам сайн, муу нэрээ зүүгээд нүүрээ ширлээд үлдэж таарна. Яагаад гэвэл төрийн эрх мэдлийг улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлэхээс өөр сонголт ардчилалд үгүй тул М.Энхболдгүй МАН, эсвэл Х.Баттулгагүй АН гэсэн хоёр институци лав үлдэх нь үлдэнэ. Үлдэж буй хүмүүс нэр, нүүрээ цэвэрлэж, дараагийн сонгуульдаа бэлтгэх нь ч тодорхой биз. Харин цаг хугацааны явцад цэгцэндээ орох, цэвэрлэгдэх эсэх нь өөрсдөөс нь л хамаарах үйл явц биз ээ.
“Нэг намаас нэг нэр дэвшигч” гэсэн зарчимтай Ерөнхийлөгчийн сонгууль ер нь тухайн намыг нь харах, шүүх бололцоог УИХ-ын сонгуулиас илүүтэй бүрдүүлж өгдөг бололтой. Улс төрийн намуудыг үзэл баримтлал, үнэт зүйл, үйл ажиллагааны зарчмаар нь ялгаж ангилах нь нарийн мэргэшсэн судлаачийн л барж гарах ажил болж, мань мэтийн сэтгүүлчдийн чадвараас бараг л даван гарчээ. Яагаад тэд ялгаагүй болсон бэ гэвэл яг ижил бараа, бүтээгдэхүүн борлуулдаг сүлжээнийхэн болсонд учир нь байна. Тэдэнд тус тусдаа үйлдвэрлэдэг “брэнд” гэж байхгүй учраас шууд бэлэн борлуулах бараа нь улс төрийн болон төрийн “албан тушаал” болж хувирсан хэрэг. Хэн нь хэзээ төрийн эрхэнд гарч, “албан тушаал” гэдэг бараагаа хэдийн үнэ хүргэж худалдах вэ гэдэг өрсөлдөөн дээр л улс төрийн намууд оршин тогтнож байна. Хоёр том сүлжээний бизнесийн өрсөлдөөн ил цагаандаа гарч яг л “Орифлэйм”-ийн шинэ бүтээгдэхүүний каталог шиг, “Номадс”-ын хоолны цэс шиг хэвлэгддэг болсон бололтой. Сүүлдээ ийм каталог буюу менюг нь зохиож өгсөн, эсвэл үүнийгээ хэвлэж байхыг нь харсан овсгоотой этгээд үүнийхээ хөлсийг нэхсэнээрээ ардын “баатар” болдог аюултай цаг үе ирэв.
Ээлж нь ирж эрх авсан МАН албан тушаалыг наймаалах гэж байсан гэх “бохир” дээрээ халтирч байгаа бол яг ийм наймаа нь амжилттай болоод ээлжээ өнгөрөөсөн АН-ынхан баригдаагүйдээ бөөн баяр байгааг бид харж байна. Нэгэнт төрийн албыг наймаалах эрхээ алдсан АН хамгийн сүүлд өөрт байгаа бүх л албан тушаал, сонгуульт суудлаа ил цагаан наймаалсныг бид өнгөрсөн өвөл, хаваржин харсан билээ. Бүр хамгийн сүүлийн жишээ нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших эрхийг мөнгөөр авч дийлээгүйгээс дотооддоо ялагдсан Р.Амаржаргал болох биз.
Нэгэн үе улс төрийн намуудад шинэ гишүүн элсүүлэх нь чухал үйл явдал байлаа. Сонгуулийн өмнө хоёр нам, сүүлд МАХН гишүүн элсүүлэлтээрээ уралдаж, хэдэн алдартныг элсүүлснээ хэвлэлээр сурталчилж, тэдэндээ намын батлахыг нь бариулж байгаад зургийг нь авч нийтэлдэг байсныг бид мартах шахаж. “Сүлжээ”-нийхэнд шинэ гишүүн элсүүлэх, гишүүдийнхээ тоогоор өрсөлдөх нь чухал байсан тэр гэнэн үе одоо анзаарах нь ээ ард хоцорч, одоо бол жинхэнэ бизнесийн сонгодог утгандаа орж, мөнгөө барьж ирснийг нь элсүүлдэг болсны жишээ Ардчилсан намын дотоод сонгууль байлаа.
МАН-ын 60 тэрбумын бичлэг мэдээж муухай. Гэхдээ яг адилхан “сүлжээний бизнес” хэмжээнд төлөвшиж буй хоёр том нам одоохондоо баригдсан, баригдаагүйгээрээ л ялгаатай. Баригдаагүй нь бичлэгийг задалсан Доржзодовт “баатар цол” өгнө гэж балиашиг хийж байгаа бол баригдсан тал нь бантсандаа барин тавин сандарч буй. Ер нь бол бүгд баригдчихаад байгаа нь энэ л дээ. “Баатар”-т нэр дэвшээд байгаа иргэн Доржзодов ч бас “Баяраа өөрөө л ширээн дээрээс унасан юм билээ” гэдэг шиг тэр схемийг боловсруулж, МАН-д санал болгосноо, бүтэмжтэй болсон эсэх нь тодорхойгүй “мастер план”-ыхаа ашгийн хувийг нэхсэнээ өөрөө барьж өгчихөөд байгаа нь л энэ юм. Өөрсдийгөө “Баригдашгүй өшөө авагчид” гэж эндүүрч байж, одоо бүгд баригдав. Уг нь албан тушаал наймаалдаг энэхүү схемийг төрд хэрэгжүүлсэн автор нь Н.Энхбаяр гэгдэж, үүнийхээ төлөө бас л баригдаж явсан үе бий…
Хориннэгдүгээр зуун гарчихаад явж байхад хорьдугаар зуун руу хөдсөн дээлтэйгээ хөл тавьсан үеийнхээсээ бид дээрдсэн юмгүй, бараг л юу ч үйлдвэрлэж үзээгүй хэвээрээ. Бүтээсэн, үйлдвэрлэсэн зүйлгүй болохоороо баялаг нь нэмэгддэггүй. Баялаг нь нэмэгдэхгүй байгаа болохоороо “баялгийн дахин хуваарилалт”-ыг хийж, бялууг тэгш хүртээх хэрүүлтэйгээ зууралдаж, үүнийгээ “шударга ёс” гэж нэрлээд явж байгаа монголчууд хэтэрхий өрөвдөлтэй. Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигч нь хувьчлалаас хүртэж амжсан баялгаа буцаагаад төрд өгөх тухай “философи” ярьж буй нь эцсийн дүндээ бодлогын төлөө биш баялгийн төлөөх улс төрийн намуудын зодооныг цэгцлэх гэсэн популизм. Нэгэнтээ хувааж авсан баялаг дээрээсээ болж хэрэлдлээ гээд бүх баялгийг төрийн мэдэлд шилжүүлбэл өнөөдрийнхөөс ч илүү аюултай.
Учир нь төрийн эрх мэдлийн төлөөх сүлжээний бизнес 60 тэрбум байтугайгаар үнэ нь өснө. Төрийн өмчийн алдагдалтай ажилладаг хэдэн ХК, төсөв, төсвөөс санхүүжүүлдэг тендер, концесс, сум, аймгийн хөрөнгө оруулалтаас өөр наймаалаад байх юмгүй төрийн албан тушаалын төлөө өнөөдөр улс төрийн намд 60 тэрбум төгрөг босгож өгөхөд бэлэн хүмүүс бишгүй олдож байгаа бол бүх баялаг төрд төвлөрсөн хойно тэр эрх мэдлийн төлөө зэвсэг барихад ч бэлэн хүмүүс бас олдож таараа…
Дахин хуваарилах баялаг үлдээгүй Монголд өнөөдөр хамгийн ашигтай бизнес бол улс төрийн нам юм гэсэн ойлголт бидний үеийн залуусын тархи толгойд бичигдэж байна. Тэр сүлжээнд орж байж хүн шиг амьдрах юм байна гэсэн бодол нь цүнх баригчдыг төрүүлсэн бол одоо Доржзодов шиг “сноуден”-уудыг бойжуулж эхэллээ. Түүний зөв буруу, ёс суртахууныг ярьж болох ч түүгээр туг тахихад ч бэлэн байгаа улс төрийн намуудын ёс суртахуун, соёл төлөвшлийг хэлэлцэх цаг болжээ. Яагаад гэвэл улс төрийн намаар дамжиж төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Нэг үгээр бол төрийн үндэс нь намууд учраас тэд бодлоготой, төлөвшилтэй, боловсон хүчинтэй болсон цагт л төр цэвэршинэ.
М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нарын муу муухайг бишгүй уудалснаар сонгуулийн хоногууд шувтрах шатандаа орлоо. Тэд нэг удаадаа нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсч болох ч тэдний ард байгаа, тийм нэр дэвшигчдийг төрүүлж байгаа намууд шавар шавхайнаасаа салахгүй бол “нэг удаагийн үйлчилгээ”-гээр хаа хүртэл ард түмний нүдийг хуурах билээ?!

Эх сурвалж:


URL:

Нэр: зочин Огноо: 24 June 2017

Сонгуулиар хэнч гарсан Монгол төр шудрага эрх тэгш байх зарчим баримталж Улс орноо хөгжүүлэх ,хүн ардаа амар амгалан эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх бүрэн боломж олгох талаар санаачлагтай ажиллаж “Эдээр баяжихаас эрдэмээр баяжих , Бузар мөнгөөр баяжихаас шудрага хөдөлмөрөөр баяжих” ариун үйлсийн төлөө хүн ардаа дэмжсэн шудрага үнэнч, шунал сэтгэлгүй ариун мөртэй туушай тэмцэгч үнэнч зүтгэлтэй ард олноо ойлгодог тийм л ерөнхийлөгч өнөөдөр шаардлагтай байгааг түмэн олон мэдтүгэй сонгох болтугай ард олны санал бийлэх болтугай

Нэр: Anonymous Огноо: 26 June 2017

ман мөнгөөр зодож байнэа эмнэлэг сувилалд 10 хоног үнэгүй хэвтээд дараа нь бас 50мянга өгнөгээд 25 ны орой энд тэндгүй явцгааж байна өнөөдөр орцны үүдээр сууцгаагаад сонгууль өгсөн билл 20мянгаар авна гээд л байж байна ядуу биднийг худалдан авч доромжлох шиг болж байна даа

Сэтгэгдэл бичих