Салхины ая даахгүй крануудыг цэглэх цаг болжээ
Зургадугаар сарын 18-н буюу уржигдар үдийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо буюу XIX хорооллын үйлчилгээний төвийн урд байх барилгын ажил явагдаж байсан талбай дээрх краны өргөгч нь хажуугийн орон сууцныхаа хананд хүрч иргэдийг багагүй сандаргаад авлаа. Учир нь “Үйлчин” ХХК-ийн барьж буй барилгад ажиллуулж байсан краны өргөгч нь хүчтэй салхины улмаас “Тэлмэн” констракшны барьсан орон сууцны ханыг мөргөсөн байна. Үүнээс үүдэн тус барилгын гадна пасадны хэсэгт эвдрэл гарсан бөгөөд азаар айлын цонх таараагүй аж.
Энэ удаа айлын цонх таараагүй, хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй мэт харагдаж, барилгын үндсэн краказанд ямар нэгэн асуудал гараагүй мэт байгаа ч Мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг хуулийн байгууллагуудын эцсийн дүгнэлтээр асуудлыг шийдвэрлэх юм. Уг нь өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Кран, лифт, эскалаторын угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, нийтийн зориулалттай орон сууц, худалдаа үйлчилгээний төвүүд, шинээр баригдаж буй барилгууд, уул уурхайд ашиглаж буй өргөх машин механизмын угсралт, ашиглалтын байдалд хийх хяналт шалгалт хийж багагүй арга хэмжээ авч, ашиглагдаагүй удсан болон шаардлага хангахгүй зарим краныг буулгасан.
Гэвч аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлан ажиллахгүй бол дээрхийн адил зөрчил гарсаар байх магадлал өндөр байгаа юм. Тиймээс бүтээн байгуулалтын ажил өрнөж буй энэ үед барилгын болон бусад мэргэжлийн байгууллагууд аюулгүй ажиллагааг ханган ажиллахгүй бол дараагийн удаа ямар ч хохирол гарч болзошгүй нь юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
URL: