“МОНГОЛЫН САЙХАН ОРОН” КИНОНЫ ХӨГЖМИЙГ ХБНГУ МАНАЙ ТАЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ

olloo_mn_1497924658_150907165252-beautiful-mongolia-1-gobi-desert-v1-super-169Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийн дагуу ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Штефан Дуппел морилж, Төрийн шагналт, СГЗ, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг Монгол Улсын талд өнөөдөр хүлээлгэн өгнө.

Шадар сайд баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалдаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Тус хөгжмийг 1961 онд БНАГУ-ын Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй аж.

Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж буй тус хөгжмийн партитурыг хувилан авч Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Шадар сайд У.Хүрэлсүх ХБНГУ-ын талд илэрхийлсэн байна.

Тус хөгжмийн зохиолын партитурыг хувилсан авснаар манай улсын хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглээд зогсохгүй манай симфони найрал хөгжим Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих