УЛИРСАН БАЛАРСАН ҮЕИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨӨЧ, Г.ЧУЛУУНБААТАР ГУАЙ

olloo_mn_1497922751_fЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын ЭЕШ /элсэлтийн ерөнхий шалгалт/ орон даяар энэ сарын 14-ний өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлж, өнгөрөгч ням гарагт Нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний хичээлийн шалгалтаар өндөрлөлөө. Энэ жил 40388 шалгуулагч бүртгүүлснээс хөдөө орон нутагт 22889 шалгуулагч ЭЕШ-аа өгөх байв.

Гэвч гурван сурагч бүртгүүлсэн атлаа шалгалтаа өгч чадсангүй. Учир нь тэд аймгийн төвд очиж, шалгалтаа өгөх ёстой гэсэн боловсролын салбарын арилж өгдөггүй хуучин тогтолцооны дагуу замын унаанд дайгдаж явахдаа авто осолд орж, хорвоог орхижээ. Тэднийг аав ээж нь автобусанд суулгасан ч найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд автобуснаасаа хоцорсон тэд замын таксинд сууж яарч явахдаа ийн харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл ч гарч байгаа юм.

Хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан. Тэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сурагчид байсан бөгөөд ирээдүйн мэргэжлээ сонгохоор аймгийн төв рүүгээ давхиж яваад ийн осолд оржээ. Таван хүүхэд осолд орсноос гурав нь жолоочийн хамт амиа алджээ. Тэдний хүсэл мөрөөдөл хичнээн гэгээн байсан бол. Ирээдүйд сайн хуульч, эсвэл сайн багш, магадгүй сонирхлоо дагаад хөлбөмбөгчид ч болох байсан юм билүү. Гэсэн ч, золгүй байдлаар гурван мөрөөдөл, гурван хүсэл эздийнхээ хамт хорвоогоос буцлаа. Гурван ээж халуун нулимсаа урсгаж, гурван гэр бүл хагацлын гашууныг мэдэрлээ.

Тэдний үхэлд хэн буруутай вэ. Цэл залуухан, бүр дурлаж ч үзээгүй хүүхдүүдийн амины төлөөсийг хэнээс нэхэж, бас бурууг хаанаас эрэх хэрэг вэ. Шалгалтын материал задарсан гэх хэргээр Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь огцорч, түүний оронд Г.Чулуунбаатар томилогдоод удаагүй байна. Гэтэл хүүхдийн амь эрсэдсэн байхад хэн хариуцлага хүлээх нь өнөө хэр асуулт дагуулсан хэвээр байх юм. Сонгуулийн бараан мэдээлэл дунд гурван хүүхдийн харамсалтай үхэл дарагдаад өнгөрөх бололтой. Ингэж боломгүй байлтай. Тестийн хариу задрахад огцруулж болдог атлаа хүний амь эрсэдчихээд байхад хэнд ч хариуцлага тооцдоггүй гажиг тогтолцоо ганцхан манай улсадл байдаг биз.

ОСОЛ ГОЛ ШАЛТГААН БИШ

Уг нь Хүүхэд хамгааллын тухай хуульд хүүхдүүдийг аюулгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой гэж заасан байдаг юм билээ.

Тэгвэл ослын тухайд салбарын шинэ сайд Г.Чулуунбаатар “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм. Тэр таван хүүхдийн хувьд өөрсдөө зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй таксигаар үйлчилгээ авч яваад осолдсон юм билээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хариуцлагын тухай асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ. Одоо бол шалтгаан нөхцлийг нь судлах, шалгах ажил явагдаж байна. Хариуцлага хүлээх шаардлагатай  албан тушаалтан мэдээж гарч ирнэ, тэр хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байх юм.

Шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, манай улсын бүхий л сумд интернэт сүлжээнд холбогдчихлоо. Гэтэл Боловсролын системд тогтсон элсэлтийн шалгалт авах тогтолцоо 30, 40 жилийн өмнөх тэр үеэс ер өөрчлөгдсөнгүй

Ямартай ч, хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх нь. Гэвч, гол асуудлыг нь орхигдуулаад байна. Ганц энэ удаад л хүүхэд амиараа хохирсон юм биш. 330 сумын сурагчид Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөхөөр аймгийн төв рүүгээ яваад осолд өртөх явдал мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол ч цөөнгүй байдаг гэх. Их бага хэмжээгээр тэд эрсдэл туулж, ирээдүйн мэргэжлээ эзэмших шалгалт өгөхөөр явж байна. Урин дулаан улиралд хэдхэн км замыг туулахад сүртэй юм хэмээн өмгөөлж болох ч эдгээр хүүхдүүдэд зам тээврийн осол аваараас гадна, аймагт байрлах, хооллож ундлах асуудал ч төвөгтэй байдгийг өөрийн биеэр мэдэрч явснаа нуух юун. Аймагтаа ах дүү, танил талгүй бол шалгалт дуусах хүртэл буудалд байрлах гэх мэтээр эдийн засгийн хувьд ч асар их чирэгдэл үүсдэг. Эцэг эх нь дагаж ирэхээр мөн л тодорхой хэмжээний зардал гарна.

Шинжлэх ухаан өдрөөс өдөрт хөгжиж, манай улсын бүхий л сумд интернэт сүлжээнд холбогдчихлоо. Гэтэл Боловсролын системд тогтсон элсэлтийн шалгалт авах тогтолцоо 30, 40 жилийн өмнөх тэр үеэс ер өөрчлөгдсөнгүй, ахиц дэвшил ч алга. Социализмын үед л их дээд сургуулийн хуваарь авах гэж тэвштэй ногоон мапшнтай аймгийн төв рүүгээ давхидаг байлаа. Өнөөдөр ч энэ хэвээр. Машин нь олон төрөл болсноос биш тогтолцоонд ер өөрчлөлт гараагүй байх юм. Үүнийг өөрчлөөч, сайд гуай. Хэчнээн хүүхэд амиа алдаж, хэдэн гэр бүл хагацал үзэх ёстой гэж. Монголын Боловсролын салбар хэчнээн сурагчийн амиар “туг тахиж” байж, энэ тогтолцоог өөрчлөх юм бол. Одоогоос олон жилийн өмнө Ховд аймаг руу ЭЕШ өгөхөөр сумаасаа гарсан хоёр хүүхэд мөн л автын ослоор амиа алдаж байв.
ТУСГААР УЛСЫН ХҮН АМТАЙ ТЭНЦЭХ ХҮҮХДҮҮД ЭРСДЭЛ ТУУЛСААР…

Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр бэлдсэний 27 нь нийслэлд, 22 нь аймгуудад бий. Тэгвэл хялбархан тоо бодьё. Энэ жилийн тухайд нийт 40388 сурагч элсэлтийн Ерөнхий шалгалт өгсөн. Нэг сумаас хамгийн багадаа 50 хүүхэд аймгийн төвд очиж шалгалтаа өгнө гэж тооцвол бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хүн амтай тэнцэхүйц хэмжээний сурагч осолд өртсөн гурван сурагчийн адил аймгийн төвөө бараадан шалгалтаа өгөх болдог. Ингэж хэлбэл, дэгсдүүлсэн хэмээн буруутгаж мэдэх. Гэхдээ Номхон далайн Элисийн арлуудад багтдаг тусгаар тогтносон Тувалу арал улс 10 гаруй мянган хүн амтай гэнэ билээ. Тэгэхээр бүхэл бүтэн нэг улсын хүн амтай тэнцэх, магадгүй түүнээс хоёр дахин их тооны ахлах сургуулийн сурагчид замын унаанд дайгдан төвөө барааддаг байх нь.

Интернэт, техник технологи хоног тутамд хөгжиж байхад, 21 аймгийн 330 суманд тус бүр нэг шалгалтын байр гаргахад юу нь болохгүй гэж

 
Элсэлтийн Ерөнхий шалгалтын материалыг битүүмжилсэн байдаг. Сүүлийн жилүүдэд шалгалтын материалын битүүмжлэл алдагдаж, материал задарсан гэх дуулиан гарах болсон. Энэ жил ч гэсэн ийм асуудал дэгдэж, салбарын сайд нь хүртэл суудлаасаа буусан билээ. Шалгалтын материалын хариу задарсан гэх дуулиан өнгөрсөн жил ч гарч байлаа. Тухайн үед Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын материал задрах, нууцлал алдагдах боломжгүй гэж мэдэгдэж байв.

Үнэхээр шалгалтын материал задрах, нууцлал алдагдах боломжгүй юм бол сумын сургуульд нь ЭЕШ-ыг авч болохгүй гэж үү. Сумын багш нарт итгэхгүй байж мэдэх л юм. Ах дүү амраг садны холбоо сүлбээнээс ч эмээдэг байж мэдэх. Үнэхээр тийм бол яамнаасаа нэг төлөөлөл томилчихвол асуудал шийдэгдчих юм биш үү. Интернэт, техник технологи хоног тутамд хөгжиж байхад, 21 аймгийн 330 суманд тус бүр нэг шалгалтын байр гаргахад юу нь болохгүй гэж. Үгүй ядахдаа, ойролцоо сумдыг нэгтгээд бүсчилж авахад ч болохгүй гэх зүйл алга. Замын-Үүд суманд шалгалтын байр хэрэв гаргасан бол гурван хүүхэд нас барж, хоёр хүүхэд “эрэмдэг” болохгүй л байлаа.

БСШУС-ын шинэхэн сайд Г.Чулуунбаатар хэн нэгэнд хариуцлага тооцохоо мэдэгдсэн тухай дээр дурьдсан билээ. Гэхдээ энэ зөвхөн Замын-Үүдийн асуудал биш юмаа, сайд аа. Бүх сумын төгсөх ангийн сурагчдад жил бүр тохиолддог нийтлэг асуудал нь энэ. Өөрийн эрх мэдлийн хүрээнд салбарын тогтолцооны асуудлаа шийдээгүй байж, хурд хэтрүүлсэн такси, хулгайгаар тээвэрт явсан иргэнд хариуцлага тооцлоо гээд яах ч билээ. Бартаатай зам байсаар байгаа цагт осол аваар хэлж ирэхгүй хийсч ирэх нь тодорхой. Тиймээс эхлээд ЭЕШ-aa орон нутагт нь авдаг болчих. Ингэж өөрчилвөл амиа алдах сурагчдын тоо үүгээр дуусах биз ээ. Энд амиа алдсан хөвгүүдийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү тэдний үхэл зүгээр нэг хариуцлагагүй жолоочийн буруу болоод өнгөрөхгүй байгаасай гэсэндээ жишээ болголоо.

Хүсэл мөрөөдөл чинь тэнгэрт биелж, хүнд сурталгүй илүү сайн сайхан нийгэмд төрж, хүссэн мэргэжлээ сонгоорой хэмээн олон мянган уншигчдынхаа өмнөөс тарни шивнэе. Ум сайн амгалан байх болтугай.

Монголын мэдээ
Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих