“Хүннү Ресурс”-ийн захирал Т.Лхагвадорж австраличуудтай нийлж монголчуудаа луйварджээ

676 сая тоннын нөөцтэй Үнст худаг нүүрсний ордынхоо ашиглалтын лицензийг алдсан Говь Хурах компани арбитрын шүүхэд хандлаа.

Ичиж амьдар гэж зарим хүмүүст хэлэхэд ч багадахаар байна. Тухайлбал “Хүннү Ресурс” хэмээх компанийн үүсгэн байгуулагч Төмөрийн Лхагвадоржид энэ үгийг зориулж хэлье. Америк нэр нь George Tumur гэх энэхүү нөхөр австралчуудтай нийлээд монголчуудаа залилж, луйвардах үйл ажиллагаанд голлох үүрэгтэйгээр оролцжээ. Өдгөө “Хүннү Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй  George Tumur буюу Т.Лхагвадорж нь австрали эр Матью Вүүдтэй нийлж “Говь хурах” компанийн эзэмшлийн 676 сая тоннын нөөцтэй “Үнст худаг” нүүрсний ордын лицензийг нэг ёсондоо дээрэмдсэн аж. Мэдээж дээрэмдлээ гэж хэлээд дээрэмдэхгүй шүү дээ. Асуудал ийнхүү эхэлжээ.

“Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж нь Говь Хурах ХХК-д анх “Бид та бүхэнтэй хамтарч ажиллая. Хэрвээ та нар бидэнтэй хамтарвал Үнст худаг уурхайгаас нүүрсийг үлэмж их хэмжээгээр олборлож, экспортолно” гэж итгүүлсэн байна. Угаасаа ч үйл ажиллагаа явуулж байсан Говь Хурах компанийн удирдлага Т.Лхагвадоржид итгээд хятадуудтай хамтран ажиллах гэж байсан гэрээгээ цуцлан байж “Хүннү Ресурс” компанийг сонгожээ. Харин Т.Лхагвадоржийн хувьд Говь Хурах ХХК-ийн Үнст худаг дахь хүрэн нүүрсний олборлолт, ашиглалтын бүхий л үйл ажиллагааг өөрт таатай байдлаар шийдвэрлүүлсэн байна. Гэсэн ч Т.Лхагвадорж удалгүй өөрийн хамтрагч болох Австрали улсын “Хүннү коул Лимитэд” компанийн үүсгэн байгуулагч Матью Вүүд гэгч этгээдийн дэмжлэгтэйгээр нэгэнт ашиглалтын лицензтэй, үйл ажиллагаа нь тогтворжсон уг уурхайн нэр хүнд, үнэлэмжийг ашиглан Австрали улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа босгосон аж. Ийнхүү асар их нөөцтэй гэдэг нь сүүлийн үеийн “Jorc” стандартаар хэдийнэ батлагдсан Говь Хурах компанийн мэдлийн уурхайн хувьцаа өдөр, сараар өсч эхэлмэгц Т.Лхагвадорж, Матью Вүүд нар Тайландын  “Banpu Public Co Ltd”-д зарчихжээ. Ингэж “Хүннү Ресурс” ХХК-ийн захирал Т.Лхагвадорж Говь Хурах ком­панийг хулхидах алхамаа хийсэн байна.

Үүнээс гадна Т.Лхагвадорж нар хамтарсан компанийн хөрөнгө болох “Хар тойром”, “Хар тойром-1”, Үнст худаг талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдаалахдаа Монгол талын хамтрагчдаа юу ч дуулгаагүй байна. Тийнхүү гадны зах зээл дээр “тоглолт” хийж байхдаа Таиландын  нүүрсний магнат компани “Banpu Public Co Ltd”-д хамтарсан компанийн өмчийг худалдах гэрээг нууцаар хийсэн талаар Говь Хурах компанийн удирдлага хэлж байна лээ. Т.Лхагвадорж тэргүүтнүүд хувьцаа гаргах болон хөрөнгөө худалдах талаар монгол хамтрагчдаа огт дуулгаагүй төдийгүй өнөөдрийг хүртэл уулзахгүй зугтаж байгаа нь цэвэр луйвар, дээрмийн шинжтэй хэрэг биш гэж үү.

Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан Үнст худаг ордоо хэдийнэ алдсанаа Говь Хурах компанийнхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим шуудангаас л олж мэджээ. Тэд Т.Лхагвадоржтой уулзах үйлдлийг олонтаа хийсэн гэнэ. Харин Т.Лхагвадорж хулхидсан хамтрагчидтайгаа яалаа гэж уулзах билээ, зугтаах, зайлсхийх оролдлого хийсээр иржээ. Бүр байгууллагынхаа үүдээр дүүрэн харуул хамгаалалтын ажилтнууд зогсоох болсон аж. Бидний хувьд ч “Хүннү Ресурс” компани дээр очиход гадны хүн оруулах нь битгий хэл хоёр, гурван хамгаалалтын ажилтнаар үүдээ мануулсан байх юм.

Монгол хүн монгол хүнээ хулхидаж, дээрэмдэж болдог юм байж, харин хэдий хүртэл бусдаас нуугдаж, зугтаж явах бол гэдэг асуудал нэн сонин. Нүгэл нүдээрээ гарна, шунал ихэдвэл шулам болно гээд л манайхан ярьдаг, юутай үнэн үг вэ.

Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Хүннү коал” компани Үнст худаг, Цант-Уул, Алтайн нүүрс гэсэн ордуудыг эзэмшдэг тухайгаа дэлхийгээр нэг зарласан билээ. Тэдний Говь Хурахаас хулхидаж авсан гэх Үнст худаг уурхай хамгийн их нөөцтэй, хамгийн том орд нь. Энэ уурхай Улаанбаатараас 360 км-ийн зайд орших Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрладаг, 676 сая тонн нүүрсний нөөцтэй.

Уг компанийн өөр нэг төсөл нь Цант-Уулын нүүрсний орд. 167 сая тонн сайн чанарын нүүрсний нөөцтэй нь тогтоогдсон энэхүү орд Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд оршдог аж. Тэд Цант Уулын нүүрсний ордоо ашиглалтад оруулахаар хэдийнэ ажиллаж эхэлжээ. Өчигдөр биднийг Т.Лхагвадоржийн “оффис”-т очиход Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд байрлах Цант-Уулын төсөлд ажиллах хүмүүсийг бүртгэж, заримтай нь уулзаж байна лээ. Тэгвэл Таван толгойн ордоос 45 км-ийн зайд орших энэхүү ордыг ашиглах гэж яарах хэрэг байна уу гэж тухайн үед бодогдов. Хажууханд нь Тавантолгой гэх нүсэр том төсөл хэрэгжиж байхад Цант-Уул хэмээх бяцхан ордыг үр хойчдоо үлдээсэн нь дээр биш гэж үү.

Алтайн нүүрсний ордын тухайд нөөц нь одоогоор нарийвчлан тогтоогдоогүй бөгөөд ойролцоогоор 250-500 сая тоннын нөөцтэй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэдийгээр ийм их нөөцтэй ордууд эзэмшиж байгаа ч “Хүннү Коал”-ынхан компаниа бүхэлд нь худалдах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн нь их мөнгөтэй холбоотой биз. Таиландын нүүрс болон эрчим хүчний салбарын тэргүүлэгч компани “Banpu Public Co Ltd” их хэмжээний мөнгө амласан болохоор Говь Хурахыг хуурах арга заль хэрэглэснийг үгүйсгэхгүй.

Тиймээс “Билэгт хайрхан уул” ХХК-ийн гэрээ, дүрмийг хүчингүйд тооцуулах, хамтарсан “Билэгт хайрхан уул” ХХК-д шилжүүлсэн ашигт малтмалын гурван газрын лизензүүдийн анхны эзэмшигч болох Говь Хурах компанид буцаан шилжүүлэх хүсэлтийг Арбитрын шүүхэд өгөөд байгаа гэнэ. Говь Хурах компанийнхан энэ тухайгаа “Хүннү коул Лимитэд” болон Таиландын “Banpu Public Co Ltd”-д бичгээр мэдэгджээ. Тэгэхээр шүүх энэхүү ноцтой асуудлыг шударгаар шүүж, монголчуудын талд асуудлыг шийднэ гэдэгт итгэж байна.  “Хүннү коул Лимитэд” компани өдгөө 11 орд газар эзэмшдэг. Үүний гурван лиценз буюу Үнст худагийн анхны эзэмшигч нь Говь Хурах компани юм. Тиймээс Говь Хурах компани шиг улайм цайм дээрэмдүүлсэн уул уурхайн компани олон бий. Тэгээд ч Матью Вүүд хэмээх австрали эрийг Хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гарган, төслийн санхүүжилт босгохдоо гаргууд нэгэн гэж ярьдаг юм билээ. Нэг ёсондоо энэ салбараар дагнасан Матью Вүүд гэх эрхэм монголчуудын уул уурхайн туршлагагүй, дөнгөж анхны мэдэгдэхүүнтэйг далим­дуулаад ашиглаж байж магадгүй гэсэн хар төрж байна. Түүний талаарх мэдээлэл, зураг нь интернетэд байдаггүйгээс үзвэл тэрбээр ихэд нууц нэгэн бололтой.

ulsmn


URL:

Сэтгэгдэл бичих