Хяналтгүй вьетнам засвар

fe3fdcdff36498253c935b467390a9c0Монголчуудын 60 хувь нь гаднаас оруулж ирсэн хуучин машин унадаг гэсэн багцаа тоо бий. Үүн дээр хотын энхэл донхол зам, өөрөөс болон өрөөлөөс болсон осол зэрэг шалтгааны улмаас ямар ч сайн машин авто засварын газрыг зүглэхээс өөр аргагүйд хүрдэг.

Тиймээс нийслэлд хамгийн эрэлттэй газруудын нэг бол яах аргагүй авто засвар, ялангуяа вьетнам засварын газар байдаг. Үүнийг Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг олширсон засварын газрууд баталж буй.

Манайхан ч вьетнам засварын газрыг чанартай, найдвартай хэмээн сонгох нь элбэг. Гэтэл өнөөх засварын газрууд нь үнэд орж, аманд багтсан үнээ монголчуудад хэлдэг болсон нь нууц биш. Саяхан танилд маань тохиолдсон нэгэн жишээг хүргэе.

Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 400 орчим вьетнам иргэн байна

Тэрбээр “Би “Приус 20” маркийн машиныхаа хойд талын гуперийг засуулахаар вьетнам засварын газарт очсон юм. Гэрийн ойролцоо зам дагуу байрлах шар дэвсгэр дээр улаанаар “Вьетнам засвар” гэсэн хаягтай самбарыг даган очлоо. Тэнд зургаа, долоон вьетнамчууд байна. Сонирхоод Монголд хэр удаж байгааг нь асуухад “Бид 10 жил болсон. Ахиад таван жил байна” гэж хариулаад “Чи нөхөртэй юу” гэж эргүүлэн асуухад нь нүд орой дээр гарах шахсан. Бусдаасаа арай ахимаг настай байрын намхан эрээс хоёр хэсэгтэй сэвтэй гуперийг хэдэн төгрөгөөр янзлахыг асуулаа. Амандаа шулганасан эр нэг бүрийг нь 80 мянган төгрөгөөр үнэлж, нийт 160 мянга болно гэж утасныхаа тоолуур дээр заасан” гэв.

Тэгвэл 2013 онд ШӨХТГ-аас үнээ дур зоргоороо тогтоодог вьетнам засварын газруудыг шалгаж, нэгдсэн үнэтэй болохыг шаардан, бодит үнийн тарифаа ил болгох, үйлчлүүлэгчдэд баталгааны хуудас олгох зэрэг шаардлага тавьж байжээ. Тухайн үед энэ асуудалд хэсэг анхаарч байсан боловч эргээд нам гүм болж, өнөө хэр вьетнамчууд ямар ч хараа хяналтгүй үйл ажиллагаа эрхэлж, өндөр үнээр монголчуудын машиныг засаж, сэлбэн, хөлжсөөр байна. Ийм шалгалт дахин хийсэн, эсэхийг ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодолоос тодруулахад “2013 онд иргэдээс ирсэн гомлын дагуу шалгаж байсан юм байна. Үүнээс хойш манайх энэ төрлийн нэг ч шалгалт хийгээгүй” гэв.

Хяналт шалгалт гээч зүйл ийнхүү орхигдсон болохоор монголчуудын халаасыг “сэгсэрдэг” вьетнамчууд толгой дээр гараад суух нь холгүй болжээ. Ямартай л машинаа засуулах гэж ирсэн бүсгүйгээс эрээ цээргүй асуулт асуугаад сууж байх вэ.

Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй 400 орчим вьетнам иргэн ажиллаж, амьдардаг юм байна. Үүнээс Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон 30 орчим хүн байдаг бол хөдөлмөр эрхэлж буй нь 190 орчим. ГИХГ-ын мэдээллээс харвал гадаадын нийт иргэдийн зургаан хувийг вьетнамчууд эзэлдэг юм байна. Хэдий бага тоо мэт харагдаж байгаа боловч авто засварын зах зээлд тэд дангаар ноёрхож, монголчуудын халаасыг тэмтэрсээр. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Нийслэлийн хэмжээнд агрегат, кузов, дугуй засвар, угаалгын төвтэй нийлээд ойролцоогоор 900 гаруй газар байна Бид яг энэ тоог нарийвчилж гаргах, ангилал тогтоож, гэрчилгээ олгохоор ажиллаж байгаа” гэсэн юм.

  • Тухайн тээврийн хэрэгсэл ямар засварын газрын хэн гэдэг засварчнаар засвар, үйлчилгээ хийлгэж байсан, осолд орсон эсэх, даатгалаас хэдий хэмжээний нөхөн төлбөр авч байсан зэрэг мэдээлэл багтсан сантай болно.
  • Нийслэлийн хэмжээнд агрегат, кузов, дугуй засвар, угаалгын төвтэй нийлээд 900 гаруй газар байна.
  • “Т” ангиллын буюу хөрөнгө оруулагчийн визээр ирсэн атлаа хөдөлмөр эрхэлж байсан.

Хамгийн сонирхолтой нь, “Вьетнам” гэх тодотголтой авто засварын газруудын үйлчилгээний төлбөрт манай улсаас ямар ч хяналт тавьдаггүй нь тэднийг давраах шалтгаан болжээ. Машинаа засуулсан иргэн Г “Манайхан сэтгэлээсээ засаж чаддаггүй болохоор вьетнам засварыг зорьдог. Тэд үнэ тарифаа нуугаад харуулдаггүй. Гэмтлийг нь харж байгаад л нэг үнэ хэлчихнэ. Уг нь эдгээр хүмүүст хяналт тавьдаг газар байх ёстой л баймаар. Ер нь монгол, вьетнам засварын газруудын үнийг тэнцүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Бодит үнээ ил болгож, баталгааны хуудас олгохыг ШӨХТГ-аас шаардаж байжээ

Авто засварын газруудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хянах үүрэгтэй. Бид тус газраас энэ асуудлаар тодруулах гэсэн боловч холбогдох албаныхан байсангүй. Хэвлэлд тавьсан мэдээллээр хамгийн сүүлд 2014 оны тавдугаар сард нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 150 гаруй вьетнам засварын газрын 55-д нь шалгалт хийжээ. Энэ үеэр хэд хэдэн ноцтой зөрчил илэрч байсан аж. Тодруулбал, “Т” ангиллын буюу хөрөнгө оруулагчийн визээр ирсэн атлаа хөдөлмөр эрхэлж байсан, монгол ажилчдыг бага цалинтай ажиллуулсан, харьяа дүүрэгтээ бүртгүүлж, гэрээ байгуулаагүй гэх мэт.

Монголд бизнес эрхлэх боломж гадаадын хэнд ч нээлттэй. Харин тэд Монгол Улсын хууль, журмыг мөрдөх ёстой ч хяналт сул байдгийн улмаас дур зоргоороо авирлах нь хэрээс хэтрээд байна. Тиймээс эдгээр газруудад хяналт тавьж, үйлчилгээний үнэ ханшид нь анхаарал хандуулах цаг хэдийнэ болсныг холбогдох байгууллагад уламжилъя.

Б.Мөнхжаргал: Ангилал тогтоох ажил орон нутгаас эхэлнэ

Авто засварын газруудыг лицензжүүлж эхэлсэн, эсэх талаар Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалаас тодрууллаа.

-Авто засварын газруудад ангилал тогтоож, лицензжүүлэх ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Манайх чиг үүргийнхээ хүрээнд эхний ээлжинд орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ангилал тогтоох ажлыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлүүлээд байна. Ингэснээр авто үйлчилгээний чанар сайжирна гэж харж байгаа.

-Ангиллыг яаж тогтоож байна вэ. Хэзээнээс энэ ажил хотод хэрэгжиж эхлэх вэ?
-Авто үйлчилгээний газруудыг явуулж буй үйл ажиллагааны төрлөөс нь хамаарч, А, В, С гэсэн гурван хэсэгт ангилж байна. Тодруулбал, “А” ангилалд агрегат засварын газрыг, “В” -д кузов, С ангилалд автомашин худалдах зах болон түүний сэлбэг хэрэгслийн худалдааны газрыг хамруулж байгаа юм. Ангилалтай газрууд стандартын шаардлагад нийцсэн байр, тоног төхөөрөмж, боловсон хүчинтэй байх ёстой. Ингэснээр иргэд чанартай, баталгаатай үйлчилгээ авдаг болно.

-Засварын газруудыг лицензжүүлснээр өөр ямар давуу тал үүсэх вэ?
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан”-тай байна гэж заасан байдаг. Энэ нь тухайн тээврийн хэрэгсэл ямар засварын газрын хэн гэдэг засварчнаар засвар, үйлчилгээ хийлгэж байсан, осолд орж байсан эсэх, даатгалаас хэдий хэмжээний нөхөн төлбөр авч байсан зэрэг мэдээлэл багтсан сан юм. Үүнийг бид ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр иргэд худалдан авах гэж байгаа машиныхаа үнэн зөв мэдээллийг авдаг болж, баталгаатай газрууд нэмэгдэнэ.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих