Зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх

shog_47441-Уг дуулианыг МАХН гэхээсээ илүүтэй АН-ын тал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ашиглаж, нэр хүндийг нь унагаах оролдлого хийж байгаа. Нэгэнт үүнийг холбогдох байгууллагаас худал гүтгэлэг гэдгийг нь нотолж, шүүхээс няцаах шийдвэр гаргасан учраас АН ч гэсэн хариуцлага хүлээх шаардлагатай болж байх шиг-

Ерөнхийлөгчийн сонгууль угийн л ийм айхтар, хорон өрсөлдөөнтэй болдог бил үү, юу билээ гэж эргэлзэх явдал олон гарч байна. Нэр дэвшигчдийн гарган ирж буй дуулиануудыг харж байхад энэ гурваас Ерөнхийлөгч болох хүн алга мэт. Гэхдээ зарим дуулиан нь яах аргагүй баримттай, барим тавим нотолгоотой байгаа нь бүр хачирхмаар. Эсрэгээрээ зарим дуулиан нь зөвхөн өрсөлдөгчөө унагаах бохир мэх төдийхөн байгаа нь илэрхий болсоор.

Эдгээрийн нэг нь өнгөрсөн долоо хоногоос эхэлж цахим ертөнц, мэдээллийн хэрэгслээр тархаад буй 60 тэрбум төгрөгийн асуудал. Яг таг баримтгүй ч 60 тэрбумын хэрүүлийн араас хүний амьтай холбоотой хэргүүд ч гарах гээд байх шиг. Гол нь үүнд МАН-ын нэр бүхий эрхмүүд холбогдсон бөгөөд нэг талаас аман нотолгоо хийж, нөгөө талаас няцаасаар байтал чухам аль тал нь үнэн ярьж байгааг ойлгохын эцэсгүй болж байна.

Тэгвэл энэ дуулианыг анхлан сөхсөн хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян тарьсан хэргээсээ болж уучлал гуйх гэж байгаа тухай асуудал сонсогдлоо. Тэрбээр нийтэд “60 тэрбумын асуудал” гэж нэрлэгдсэн дуулианыг бүр өнгөрсөн онд, УИХ-ын сонгуулийн үеэр тарьсан. Ингэхдээ уг мэдээллийг иргэн Г.Доржзодов гэгчийн өгсөн мэдээллээр багцлан олонд түгээснээ удаа дараа тайлбарлаж байсан. Анх гаргаж ирэхдээ их л дориун, додигор байдлаар “Хангалттай баримттай” гэж байсан ч тун удалгүй ганцхан хүний яриагаар асуудал үүсгэснээ зарлах болсон нь эхнээсээ өөрийгөө гүтгэлгээс татаж авахыг оролдсон юм шиг санагдах аж.

Гэсэн ч “60 тэрбумын асуудал” түүний тооцоолж байснаар тэгтэл их газар авч, амтай бүхэн ярьж, үзэл бодлоо эсрэг эргүүлэх хэмжээнд хүрээгүй юм. Гэтэл түүний энэхүү явуургүй үйлдлийг өрсөлдөгч нам нь дахин өлгөн авч Ерөнхийлөгчийн сонгуулиар хар пиар болгон дахин ашиглаж эхэллээ.

Хамгийн гол нь уг дуулианыг батлах бичлэг байгаа хэмээн тэрбээр ярьж байгаа ч энэ нь эвлүүлэг гэдэг нь олон талаар тодорхой болжээ. Учир юу вэ гэвэл, АН-ын зүгээс энэ хэргийг шалгаж, албан ёсны дүгнэлт гаргуулах хүсэлтээ АТГ, УЕПГ, ЦЕГ болон бусад байгууллагад гаргасан. Тэдний хүссэнээр ч уг хэргийг шалгаж, дүгнэлт гаргасныг олон нийтэд зарласан.
Тэгвэл эл асуудлыг УЕПГ-аас шалгасан талаар тус газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “АН-ын дарга З.Энхболдын гаргасан гомдлыг манайх хүлээж аваад харьяаллынх нь дагуу АТГ-т шилжүүлсэн бөгөөд тэндээс уг асуудлыг хянаж үзээд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс зохих шинжээч мэргэжилтэн томилж, уг бичлэгийн асуудлаар дахин дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлтээр бичлэг нь өөрөө эвлүүлэг байна гэж гарсан. Хоёрдугаарт шалгалтын явцад уг яриатай холбоотойгоор аль нэг төрийн болон нийслэлийн байгууллагад хэн нэгнийг албан тушаалд томилох зорилгоор бусдаас хууль бусаар хөрөнгө мөнгө цуглуулсан, төвлөрүүлсэн тийм асуудал тогтоогдоогүй. Ийм учраас уг асуудалд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан” гэсэн юм.

Гэсэн ч АН-ын зүгээс УЕПГ-ын дүгнэлтэд итгэхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа ч илүү баталгаа, нотолгоо гаргаж ирсэнгүй. Тиймээс уг дуулиан үндсэн байндаа хүрэх далайц явуургүй болсныг мэдсэн Э.Эрдэнэжамъян “60 тэрбумын асуудал”-аас болж гүтгэгдсэн хүмүүс, ташаа мэдээлэл авсан олон нийтээс уучлал гуйж, уг бичлэг эвлүүлэг гэдгийг мэдэгдэхээр болсон тухай яриа гадуур тархлаа.

Энд бас нэгэн асуудал бий. Э.Эрдэнэжамъяны тарьсан хэргийг баталгаатай эсэхийг АН үнэхээр мэдээгүй. Эсвэл мэдсэн ч үл хэрэгсэн сонгуулийн шоундаа ашиглав уу. Ямартай ч, уг дуулианыг МАХН гэхээсээ илүүтэй АН-ын тал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын эсрэг ашиглаж, нэр хүндийг нь унагаах оролдлого хийж байгаа. Тэгэхээр нэгэнт үүнийг холбогдох байгууллагаас худал гүтгэлэг гэдгийг нь нотолж, шүүхээс няцаах шийдвэр гаргасан учраас АН ч гэсэн хариуцлага хүлээх шаардлагатай болж байх шиг. Энэ бүхний эцэст Э.Эрдэнжамъян 60 тэрбумын асуудлаар уучлалт гуйхаар болсон бололтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих