Кореан Эйр компани Монголын албаныхныг лоббидож байна хэмээн шүүмжлүүлэв

80734-300x200Өмнөд Солонгос Улсын Шударга Худалдааны комисс /Fair Trade Commission/ улсынхаа нислэгийн компани буюу Кореан Эйр компанийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Манайхаар бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай үйл ажиллагааны хувьд ижил гэж хэлж болохоор Өмнөд Солонгосын Шударга Худалдааны комиссоос Кореан Эйр компани Монголын албаныханд нөлөөлж байна гэж хэлжээ. Кореан Эйр компани нь Өмнөд Солонгос Улсын хамгийн том нислэгийн компани бөгөөд Монголын чиглэлийн нислэгтээ давуу эрхээ хадгалж үлдэхийн тулд Монголын албаныхныг лоббидож, авлигадаж байна гэжээ. Түүнчлэн лоббидох ийм үйл явц нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн талаар дурджээ. Ялангуяа зорчигч ихтэй, ашиг өндөр Инчеон-Улаанбаатарын чиглэлд Монголын албаныхны хууль бусаар лоббидож монополь үйл ажиллагаа явуулж байгаа талаар Шударга худалдааны комиссын зохицуулагч өнгөрөгч лхагва гаригт дотоодод гаргасан тайлан мэдээлэлдээ дурджээ.

Тус мэдээлэлд цааш нь, Кореан Эйр компани Солонгосын их, дээд сургуулиудад суралцаж буй Монголын нисэхийн ажилтнуудын хүүхдүүдийг ивээн тэтгэдэг, тэдний гэр бүлийнхнийг Солонгост чөлөөтэй аялах боломжоор хангадаг гэсэн байна. Мөн Сөүл хотын эмнэлгүүдэд гоо сайхны хагалгаа хийлгэхээр очсон Монголын албаны зарим хүмүүсийн эрүүл мэндийн төлбөрийг Кореан Эйр компанийг төлсөн гэжээ. Тодруулбал, энд дурдсан Монголын албаны зарим хүмүүсийн ихэнх нь Солонгост нүдний хагалгаа буюу давхраа оёулах мэс засалд орсон байна. Өөрөөр хэлбэл, тэдний давхраа оёулах мэс заслын төлбөрийг Кореан Эйр компани төлжээ.

БНСУ-ын Шударга худалдааны комиссынхон мэдэгдэлдээ энэ долоо хоногийн эхээр Инчеон-Улаанбаатарын чиглэлийг Кореан Эйр компани Монголын МИАТ компанийн хамтаар хариуцах Онцгой эрх авах тал дээр Монголын Засгийн газартай “тохирч чадаагүй” гэж дүгнэж буйгаа тэмдэглэжээ. Үүнтэй холбогдуулан Шударга худалдааны комисс Кореан Эйр болон МИАТ компанид үйл ажиллагаагаа залруулах шаардлага хүргүүлэхээр болжээ.  Шударга худалдааны комиссоос үүнээс өмнө буюу өнгөрөгч даваа гаригт Инчеон-Улаанбаатарын чиглэлд Кореан Эйр компанийн гол өрсөлдөгч “Асиана Эйрлайнз” компанийг тус чиглэлээс гаргах гэж олон удаагийн үйл хийсэн Монголын Засгийн газрын албаныхантай харилцахад Кореан Эйр компанид “олон сонголт” бий гэдгийг дурдаж байжээ. Гэхдээ яг ямар сонголтууд болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй юм.

Ямартай ч, Кореан Эйр компани 2005 оноос хойш Монголын нисэхийн албаныхныг авлигадсан талаар Шударга худалдааны комиссын зохицуулагч нар үзэж буйгаа хэлжээ.

Учир нь, Кореан Эйр компани 2005 оноос хойш Монголын албаныханд гэр бүлээрээ аялах үнэгүй тийз олгож байсан аж. Хамгийн багадаа жилд 4-5 хүнд ийм тийзийг Кореан Эйр олгож байсан аж.

Ганцхан 2010 онд л гэхэд Кореан Эйр компани Монголын нисэхийн 20 албан тушаалтныг авлигадаж тэд нарыг найз нөхдийнх нь хамтаар Чежү аралд аялахад нь зориулж 16 сая вон зарцуулжээ. Ингэхдээ тэдний зардал болон очоод байх байр сууцны үнийг Кореан Эйрийнхэн төлж байжээ.

Эцэст нь, Шударга худалдааны комиссоос дээр дурдсан мэдэгдлээ дэлгэрүүлж, 2009-2010 онд Солонгосын их, дээд сургуулиудад суралцаж байсан Монголын албаныхны хүүхдүүдэд Кореан Эйр компани санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэв. Түүнчлэн Кореан Эйр компани Монголын албаныхан болон тэдний гэр бүлийн гишүүдийг Солонгосын гоо сайхны эмнэлэгт нүдний лазер мэс засалд орох бүх төлбөрийг төлсөн гэж хэлжээ.

Төгс


URL:

Сэтгэгдэл бичих