Мах гаргах хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг вэ?
Манай төрийн өндөрлөгүүд, Их хурлын гишүүдийн гадаадад очоод ам нээхэд бэлэн байдаг сэдэв нь мах экспортлох тухай байдаг. Монгол мал аж ахуйн орон болохоор тэр биз. Дээр нь “Танд юу байна түүгээрээ сайрх” гэж үг бий. Гэтэл Монголд айлчилсан, ажил хэргийн уулзалт хийсэн хүмүүсийн амнаас ч юуны өмнө гардаг сэдэв нь бас л энэ. Харин Монгол Улс 50 малтай болж хэдэн оныг элээхдээ ч, 60 сая боллоо гэж уриа хагширсан сүүлийн жилүүдэд ч мaxны экспортоос тэгтлээ хөлжсөн нь юу л бол. Тэгэхээр дээрх хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг нь сонин.
Он гapcaap хамгийн сүүлийн үеийн мэдээ гэвэл одоогоос хориод хоногийн өмнө манай улсад айлчлаад буцсан БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, тэр дотроо хоёр улсын хооронд мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх тухай ярилаа. Вьетнам нь халуун орон учраас Монголоос сэрүүн чанарын буюу ямааны мах авах сонирхолтой.
Таван компани туршилтын журмаар 20 тонн ямааны мах Вьетнамд нийлүүлнэ. Туршилт амжилттай болвол 200 гаруй тоннд хүргэх боломжтой гэсэн албан ёсны мэдээллийг ч Гадаад харилцааны яамаар дамжуулан олон нийтэд хүргэсэн нь хуучраагүй байна. Үүний өмнө буюу өнгөрсөн намар Засгийн газрын тэргүүн БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр хилийн боомтоор урд хөрш рүү мах гаргах зөвшилцөлд хүрснээ мэдэгдэж байв. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудал яригдахад газар тариалан, мал аж ахуй эрчимтэй хөгжүүлж буй тойргуудаас сонгогдсон “хөдөө” амьтай хэдэн гишүүн дэмжиж үг хэлж байв.
Тухайлбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газрын бодлогыг дагуулаад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малынхаа чанарт анхаарах, малаа өсгөхдөө махны чиглэлийн үүлдэр, угсааг бодлогоор дэмжих” тухай саналаа уламжилж байлаа. 2014 онд энэ салбарт “тэсрэлт” хийсэн мэдэгдлийг Ш.Түвдэндорж сайд хийж байв.
Тухайлбал, 2014 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Н.В.Федеровтой Москвад хийсэн уулзалтын дараа “Хүссэн хэмжээгээр мах нийлүүлэх эрхтэй ирэв” гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан. Тэр нь хорио, цээрийн дэглэм, малын өвчлөлөөс шалтгаалж хэрэгжээгүй.
Түүнчлэн Ч.Сайханбилэгийн 2015 онд Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай хийсэн уулзалт, Ерөнхийлөгчийн 2015 онд БНХАУ-д хийсэн айлчлалын гол сэдвүүд Монголоос мах гаргах тухай байлаа. Ер нь айлчлалаас айлчлал дамнаж, зөвшилцөл, хэлэлцээ, харилцан тохиролцоо дамжин ярьж ирсэн Монголоос хилээр мах гаргах бодлогын мөрөөр ийм л үг, яриа шат шатанд өрнөөд замхардаг нь тогтсон жишиг. Хэрэгжсэн нь ч бий гэхдээ, хэлцэл зөвшилцлөөр дурдсанаасаа маш бага хувиар л урагшилдаг.
Өмнөх парламентын түүхэнд, үе үеийн Засгийн газар, хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан яам, сайдын зүгээс ч байсаар ирсэн энэ мэт түүхийг дурдвал сонины зай талбай хүрэлцэхгүй. Урт жагсаалт гарна. Яг хэрэгжсэн нь хэд, хэчнээн тонн мах гаргасан бэ гэдэг тоо нь цөөн, үр дүн нь ч бага. Зөндөө ярьдаг, яг гаргах дээр тулахаар Монголын мал чанарын шаардлага хангахгүй, шүлхий, боом, цэцэг гэхчлэн янз бүрийн өвчтэй гэхчлэн асуудал үүсдэгээс тэр. Гэтэл төр, засгийн түвшинд хийсэн сайхан яриа, зөвшилцлийг ажил хэрэг болно гэж хүлээсэн бизнесийнхэн хилийн орчим мах авах, боловсруулах үйлдвэр байгуулах гэхчлэн ажил удаж, эцэст нь хохирсон нь цөөнгүй.
Тухайлбал, одоогоос 2-3 жилийн өмнө банкнаас өндөр хүүтэй зээл авч Сүхбаатарын Бичигт, Өмнөговийн Ганц мод, Бүдүүн модны боомтын ойролцоо мал авах цэг, мах боловсруулах үйлдвэр, цех байгуулсан бизнесменүүд хоёр улсын хооронд мах гаргах хэлэлцээ хэрэгжээгүйгээс “шатаж” байв. Харин 2012-2014 онд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хэлэлцээрээр хоёр улсын хооронд мах гаргахаар болсон ч Хятадын холбогдох газрууд Монголын мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийхдээ хятад эзэнтэй үйлдвэрүүдийг шалгаруулалтад түлхүү тэнцүүлсэн гэх мэдээлэл гарч байсан юм.
Өнөөдөр тус салбар дахь статистикаас үзвэл, ХХААХҮЯ 2016 оны байдлаар Дэлхийн банк групп, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Швейцарийн хөгжлийн агентлаг, Европын холбоо, Мянганы сорилтын сан, зэрэг олон улсын санхүүгийн болон хөгжлийн 14 байгууллага, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Канад, АНУ, БНСВУ, БНАЛАУ, БНАСАУ, ХНБГУ, Франц, Итали, Болгар, Израиль, Турк, Австрали, Шинэ-Зеланд зэрэг 17 оронтой идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүнээс ОХУ мал эрүүлжүүлэх чиглэлд манай улсад буцалтгүй тусламжийг түлхүү үзүүлдэг судалгаа байна.
Манай улсад Монголын махны холбоонд бүртгэлтэй, мах бэлтгэх, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрх бүхий 45 компани бий. 2015 онд 64.4 мянган тонн мах экспортолсон бол 2016 онд малын өвчлөлөөс болж энэ ажил зогсонги байдалд орсноор ОХУ, Хятад руу нийт 6,000 тонн мах экспортолсон байна. Ер нь бол манай улс 60 сая толгой малаас 10 саяыг нь хүнсэндээ хэрэглэлээ гэхэд тавин сая толгой малаа экспортлох боломжтой гэсэн судалгаа байдаг.
Хойд хөршийн зүгээс хонь, ямааны мах авах сонирхолгүй. Сибирийн бүс нутагтаа их төлөв бод малын мах авах сонирхлыг манай улсад удаа дараа илэрхийлж байсан байдаг. Харамсалтай нь энэ тохируулгыг төрийн зүгээс ч, малчдын зүгээс анхааралгүй явж иржээ. Цаашид малынхаа тоо толгойд бус чанарт анхаарах, ашиг олно гэж үзэж буй бол махны чиглэлийг барьж малынхаа үүлдэр угсааг сайжруулах, нөгөө талаас бэлчээрийн даац, эдийн засгийн, хөдөлмөрийн хэмнэлттэй байдал зэргээ тооцоолох олон бодлогыг хэрхэн зангидах вэ гэдэг нь “Max гаргах хэлэлцээрүүд хэрхэн хэрэгждэг вэ” гэсэн асуултын хариу болох биз ээ.
URL: