Гол усны аюул ирлээ, Аврах ангийн албаныхан бэлэн байдалд шилжлээ
Зуны аагим халуунд Нийслэлчүүдийн дийлэнх нь Туул голыг бараадаж тухалдаг. Ихэнх цагаа голын хөвөөнд өнгөрүүлдэг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Амралтын өдрүүдэд гол бараадан аялж зугаалах иргэдийн ачаалал нэмэгддэг. Тэгвэл одоо алба хаагчид ажлаа тараад голын эрэг рүү явдаг болжээ.
Өчигдөр орой 18.30 цагийн үед гэхэд Зайсангаас зүүн тийшээ Маршилын гүүрнээс цаашаа Улиастайн гүүр ортол голын эргээр битүү хүн, машин. Приүс машинуудыг эгнүүлээд тавьчихаж. Худалдааны жижиг цэгүүд байраа олчихсон бизнесээ цэцэглүүлж байна. Тухайлбал хуушуур 1000 төгрөг, мөстэй кола 1200 , ундаа 1500-2000 төгрөгийн үнэтэй зарж байлаа.
Харин мод сүүдэр бараадсан амрагчид шорлог хийж, пиво уунгаа хөзөр муушиг тоглож цагийг их зугаатай өнгөрүүлж байгаа нь илт. Ээж аавынхаа хажууд багачууд ямар ч хараа хяналтгүй тоглож, зарим нь бүр усанд шалдан хэвтэж байна билээ. Тоглоомондоо улайрсан томчууд тэднийг анзаарах сөхөө алга. Хүүхдүүд нэг уснаас гарч ирээд идэж уух юм эргүүлдсэнээ буцаад усандаа ороод хэвтчих юм. Тэгж байгаад л хөл алдаж живбэл яана вэ. Ийм л хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд усанд урсаж амиа алддаг. Хамгийн гол нь аялж зугаалж, амарч наадаж наргиж болно оо, хариуцлагатай байгаач ээ. Ая тухтай амрах гэж голын хөвөөг зорьж ирээд алаг сайхан үрсээ голын усанд урсгахыг хэн хүсэх билээ дээ. Ерөөсөө л иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж осол гардаг гэдгийг онцлон хэлмээр байна.
Одоо улирал нь ч ирлээ, усанд осолдлоо, живлээ гэх дуудлага ч Нийслэлийн онцгой байдлын газарт ирэх нь нэмэгдэв. НОБГ-т одоогийн байдлаар усны дөрвөн дуудлага хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Тодруулбал, хоёр хоногийн өмнө Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хайрганы үйлдвэрийн тогтоол усанд 10, 15 настай хоёр хүүхэд тоглох гэж ороод осолдож амиа алдав. БЗД 11 хороонд Туул голд 25 настай эрэгтэй живж амиа алдсан байна. Мөн тус дүүрэгт бас нэгэн иргэн голын усанд живлээ гэсэн дуудлагаар аврах ангийнхан яаралтай тусламж үзүүлж амийг нь аварчээ.
Энэ оны зургадугаар сарын 5-ны өдрийн байдлаар есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өгч байна.
Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Аврах ангийн аврагчид Гачуурт болон Туул голын хөвөө дагуу олноор цуглардаг нийслэлийн орчим газарт ажиллаж эхэлжээ. Өчигдөр гэхэд зарим газарт аврах дадлагыг эхлүүлж, албаны бэлэн байдалд шилжсэн байдалтай байна.
Нийслэлийн аврах ангийнхан алба хаагчид Гачууртад зуны улиралд “төвхнөөд” 3 жилийн нүүр үзэж байна. Тэд хамгийн их осол гардаг Хар усан тохойгоос Био Ярмагийн гүүр хүртэл завьт эргүүл хийж, иргэдэд сэрэмжлүүлэг байнга өгдөг. Өнгөрсөн хугацаанд завьт эргүүл гурван сарын хугацаанд тогтмол ажилласнаар гол усны аюул тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн онд Нийслэлийн хэмжээнд 39 хүн усанд осолдож амиа алдснаас 12 нь бага насны хүүхэд, 25 нь том хүн байжээ.
Энэ жил Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сөүл хотын аврах ангийнхантай хамтарсан дадлага сургуулилалт хийж байгаагаараа ихээхэн онцлогтой аж. Дадлага сургуулилтаар канал татаж, гүүр тавих, БНСУ-ын аврах ангийн бага нарын хичээл онол, завь сэлүүрдэх, тогтоох, хөмрөх зэрэг хичээл орж байна. Энд Нийслэлийн аврах ангиас 41 алба хаагч бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд найман бүлэгтэй, нэг бүлэгт 3-8 алба хаагч эргүүл хийдэг юм байна. Ийнхүү одоо өдөр бүр завьтай эргүүл хийж, ард иргэдийнхээ амь насыг хамгаалах их ажилд албаныхан бэлэн байна.
Н.Уламбаяр:Усанд эрэн хайх камертай болсон
НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаяр дадлага сургуулилалтын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдадаа хариуцлагатай байж хүлээсэн үүргээ амжиллтай биелүүлж сайн ажиллахыг хүслээ.
Тэрбээр “Урин дулааны цагаар нийслэлийн иргэд гол ус барааддаг. Нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүн энэ үед гол усанд ажиллах, эрэн хайх, уснаас аврах ажиллагааны дадлагыг хийдэг юм. Бид бүх техник хэрэгслээ гаргаж бэлэн байдалд байлгадаг. Аврагчидаа богино хугацаанд усанд сургах ажлыг хийдэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, усны ослоос урьдчилан сэргийлэх, мөн үер усны аюулын үед иргэдийн амь нас эд хөрөнгийг хамгаалахаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ жилийн 105 дугаар ангийн дадлагын онцлог нь Сөүлийн онцгой байдлын аврах ангийн бүрэлдэхүүнтэй хамтарсан дадлага сургуулилалт хийж байна. Өнөөдрийн байдлаар тус улсын Онцгой байдлын албанд манай улсын 200 гаруй алба хаагчид хамрагдаж суралцсан. Тэгвэл манай сургалттай тус улсын аврах ангийн аврагчид ирж танилцаж, харилцан туршлага солилцож байна. Манай хамт олонд хамгийн сүүлийн үеийн усны иж бүрэн хувцасыг бэлэглэлээ. Сүүлийн жилүүдэд усанд эрэн хайх ажиллагааны багаж хэрэгслүүд хамаагүй сайжирч байгаа. Хамгийн сүүлд гэхэд усанд эрэн хайх камертай болсон. Камераар дамжуулан осолдсон байж болзошгүй иргэнийг хайж илрүүлнэ гэсэн үг. Мөн моторт завьтай болсон. Одоогийн нөхцөлд болж байгаа ч үүнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм” гэв.
Мин Чүн Ги:Монголын аврагчид илүү чадвартай юм билээ
Сөүл хотын Аврах тусгай ангийн эрэн хайх газрын дарга Мин Чүн Ги “Би хоёр албан хаагчтайгаа ирсэн. Нийслэлийн аврах ангийнхантай хамт хээрийн дадлага хийж байна. Монголыг Солонгосын аврах ангийнхантай харьцуулах юм бол эндэхийн аврагчид илүү чадвартай гэдгээ харуулж байна. Харин багаж техникийн хувьд их дутмаг юм шиг санагдлаа. Хэдий дутуу дулимаг ч гэлээ энэ хүмүүсийн ур ухаан, аврах ажиллагааны явцын байдал сайн юм билээ. Манай Хан мөрнийг дагасан 31 гүүр байдаг. Энэ дунд гурван гол эрэн хайх салбар гэж байдаг. Тэрний нэг салбараас нь бид ирсэн. Тус гүүрүүдийн долоод нь камер суурилуулсан бөгөөд манай аврах салбарынхантай шууд холбоотой байдгаар хамгийн том гүйцэтгэлийг өгдөг юм. Энэ удаагийн хамтарсан сургалт үр өгөөжтэй байна гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь ард иргэд хариуцлагатай байх хэрэгтэй шүү” гэлээ.
Тэдний зүгээс хоёр иж бүрэн усны хувцас, мөн манайд байдаггүй хар маскийг бэлэглэсэн юм. Хамтарсан дадлага сургуулилалт хоёр өдөр буюу энэ сарын 14-16 хүртэл үргэлжлэх юм байна.
Өнгөрсөн жил 70-80 хүний амь насыг аварсан
Аврагч Г.Цогбадрах “Манай бүлэг өнгөрсөн жил 70-80 хүний амь насыг аварсан. Хамгийн аюултай нь аялал зугаалгын үед бага насны хүүхдүүд хараа хяналтгүй явж байгаад усанд осолдох харамсалтай хэргүүд их гардаг. Дээр нь баяр наадмын өдрүүдэд согтуу амрагчид их байдаг. Тэгээд архины халуундаа сэрүүцэх гэж голд ороод живдэг. Мөн бассейнд сэлж чаддаг гээд голд сэлэх гэж ороод живэх тохиолдол ч бий. Бүр зарим нь санаатай амь насаа хохироох гэж живэх ч бий. Тиймээс энэ сарын 15-наас эхлэн ард иргэд үер усны аюулаас сэрэмжлүүлэх сэрэмжлүүлэгийг хүргэнэ. Зарим нь хүлээж авахгүй шүү дээ. Бид амарч зугаалж байхад та нар элдэв юм ярилаа гэх мэт. Ер нь иргэдийн ухамсарын асуудал шүү дээ. Хамгийн гол хариуцлагатай, хамгаалалттай, амь насаа хайрласан байгаарай гэж хэлье дээ” гэлээ.
Энэ жилийн баяр наадмаар 9 хоног амрах бөгөөд эл өдрүүдэд Туул голын эрэг дагуу хөл гишгэх зайгүй амрагчид зугаалж найрлана. Энэ үеэр л ачаалал хоёр дахин нэмэгддэг гэдгийг аврагчид онцолсон юм. Тиймээс өөрсдийнхөө амь нас, эд хөрөнгөнд хариуцлагатай байхыг анхааруулж байна. Хамгийн гол нь бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа алдахгүй байхыг дахин анхааруулъя.
О.Сайхан
URL: