Энэ чинь эрх баригчид уу? дээрэмчид үү?

Би баахан өмчирхүү хүн. Гэхдээ хэрээс хэтэрсэн шуналтай хэцүүхэн этгээд гэж ойлгож болохгүй шүү.

Эгэл жирийн Монгол түмний нэгээхэн хэсэг, хэлтэрхий, басхүү ардчилсан Монгол Улсын иргэн учраас минийх гэх миний Монголынх гэж өмчирхөх сэтгэгдэл төрдөг гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр тэрхүү өмчирхөх сэтгэлгээтэй хамт омогшил төрдгийг нуух юун. Гэтэл сүүлийн үед баахан өмчгүйдээд байгаа мэт сэтгэгдэл төрж бухимдах, оёг хөдөлдөг болчихлоо. Бухимдах болсон шалтгаан яг юу юм бэ хэмээн хувь хүнийхээ хувьд хэрэндээ л нухацтайхан бодохыг оролдсоноо тантай хуваалцъя.

Хэрвээ би андуураагүй бол Монгол Улсын тусгаар тогтнол нийт монголчуудын өмч. Үндсэн хуульд ч тэгж ойлгогдохоор заасан заалт байдаг. Атал намууд монгол түмний өмчийг хувийнх хэмээн андуурсан бололтой аягласаар удлаа. Тухайлбал, МАН. Өнгөрөгч 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар арвин их будлиан хутгаж, ард олны дургүйцлийг эцсийн цэгт нь хүргэн, эцэстээ ичсэн хүн хүн ална гэгчийн үлгэрийг үзүүлж, ид хийж бүтээх насандаа яваа таван сайхан залуугийн амь насаар наадсан “үймээн”-ий хөлд тухайн үед МАХН хэмээгддэг байсан намын байр үнсэн товрог болсон. Ах намын цагаан байр хэмээн алдаршсан хоёр давхар бэсрэгхэн байшингийн туурин дээр өдгөө тэнгэр баганадсан өндөр харш сүндэрлэж буй. Уг нь улсын маань нийслэлийн төвд өнгө үзэмж төгөлдөр барилга босох нь тийм ч муу зүйл биш л дээ.

Хачирхалтай нь хоёр давхар бэсрэгхэн байшин байхдаа МАХН-ын төв байр хэмээх товс бөгөөдтодорхой нэртэй байсан тус намын шинэ төв байр өдгөө “Тусгаар тогтнолын ордон” гэсэн нэртэй болчихсон нь нэг тиймхэн санагдаад байгаа юм. Учир нь гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн анд минь “Тусгаар тогтнолын ордон”-ы тууз хайчлах ёслолын зургийг үзчихээд, хөөх манайхан тусгаар тогтнолын музейтэй болж байгаа юм уу, очиж үздэг хэрэг хаана байдаг юм бэ гэхээр нь үгүй ээ МАН-ын төв байр гэсэн чинь их урвайж бүхэл бүтэн Монгол Улсын тусгаар тогтнолыг нэг нам омчилчихөөр бид яах болж байнаа.

Дэлхийн жишигт тусгаар тогтнолын ордон гэдэг тухайн улсын замнал, түүхиин музей байдаг жишиг байдаг шүү дээ хэмээн уулга алдсантай улбаатай. Улбаатай хэмээсний учир нь ардчилсан Монгол Улсын билгэдэл бахархлыг өнөөгийн эрх баригч намууд өмчилсөн мэт сэтгэгдэл төрсөнтэй холбож ойлгож болно.

Өөрөөр хэлбэл МАН тусгаар тогтнолыг ардчиллыг АН өмчилсөн мэт хардах сэтгэл төрөөд байгаа юм. Ард түмний хөрөнгө, хандив тус дэм нэмрийн үндсэн дээр тэнгэр багандсан барилга барихаар өнөөгийн эрх баригч хүчин болох МАН, АН хоёр хичээн зүтгэж буй ч ардчилал, тусгаар тогтнол бол ард түмний өмч. Ардчиллыг АН, Тусгаар тогтнолыг МАН өмчлөх нь дэндүү увайгүй хэрэг биш гэж үү. Чухам үүний учир л би өмчгүй дээрэлхүүлсэн иргэн болсон мэт таагүй сэтгэгдэл төрж, монголчуудын өмчийг намууд эзэмшихийг эсэргүүцмээр санагдаад байгаа хэрэг.

Тэртээ тэргүй Үндсэн хуульд заасан иргэдийн эрхийг энэ цагт эзэнгүйдүүлж, зөрчихөөрөө нэг болж байгаад бухимддаг ч тусгаар тогтнол, ардчилал хоёрыг намуудад өмчлүүлмээргүй байна. Ардчилсан намын төв байр, Монгол ардын намын төв байр гэхэд болохгүй нь юу байна. Нам бол ард түмний нэг хэсэг үзэл бодлоорооо эвлэлдэн нэгдсэн нэгдэл төдий зүйл. Тиймээс л өмчирхүү авирлаж өнөөгийн эрх баригчид ард түмний өмчийг дээрэмдчихээд байна хэмээх бухимдаад байгаа хэрэг шүү дээ, та минь ээ…

З.Урсгал

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих