Хэтийдсэн үнэмшил буюу Баабаризм
Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр хэмээх эрхэм бол Монголын хэвлэн нийтлэлийн салбарт үнэмлэхүй гавьяа байгуулсан нийтлэлч гэдэг нь эргэлзээгүй үнэн юм. Соц нийгмийн хөнжил дор унгиралдан нэхшсэн, нэгэн хэвийн уйтгартай бичлэгийн хэв маягийг зад тийрэн хаяж нэн шинэхэн үеийн хэвлэн нийтлэлийн орон зай үүсгэсэн нь түүний тодоос тод гавьяа билээ. 1990 ээд оны эхээр Баабарын мэдлэгт суурилсан, шинэ цаг үеийн өнгийг тодорхойлсон нийтлэлүүд бидэнд цоо шинэ ойлголт, цоо шинэ мэдрэмжийг өгч байсныг би одоо ч санаж байна. “Бүү март”, “Айл гэр болж тоглох амархан айл гэр болох хэцүү”… гэх зэрэг түүний нийтлэлийн шинэхэн номууд тухайн үеийн утга зохиол, сэтгүүлзүйн салбарын дэвшилтэт оюутнуудын ширээний ном болж байсан билээ.
Тэр үед Баабарын нийтлэлүүд үнэндээ талх шиг хэрэгцээтэй зүйл байсан билээ. Бидний хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн соц нийгэм маань үзэшгүй муухай зүйлийн жишээ болж, ардчилал, зах зээлийн нийгэм хэмээх гайхамшигт нийгмийг бүтээх тухай мөрөөдөл, төсөөлөл хүн бүхний тархинд шингэчихсэн, тэгсэн хэрнээ Монгол орон, монголчууд хаашаа яваад байгаагаа сайн ойлгохгүй болчихсон, ёстой нөгөө учир утгагүйн драм ид өрнөж байсан юм. Баабарын тэр үеийн нийтлэлүүд тухайн цагт бидний мөрөөдөөд буй нийгмийн баримжаа, ёсзүй, итгэл үнэмшилийн гарын авлага болж байсан гэхэд хилсдэхгүй. Тэр үед Баабар зах зээлийн нийгэм, ардчилсан нийгмийн төлөв байдлыг тодорхой хэмжээнд оюун сэтгэхүйдээ зураглан бүтээчихсэн хүний нэг байсан гэхэд маргах ч хэрэггүй билээ. Үүний дараа Баабарын “Хорьдугаар зууны монголчууд, Нүүдэл, суудал” хэмээх түүхэн найрууллын ном хэвлэгдэн гарч нийгэм даяар нь доргиосон гэж үзэж болно. Тэрхүү түүхэн найрууллын номноос монголчууд түүхээ өөр өнцгөөр харах боломжийг нээж харсан ч гэж тодорхойлж болно. Энэ бүхэн бол Баабарын монголчуудын өмнө байгуулсан гавьяа юм. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Гэтэл харамсалтай нь сүүлийн үед Баабар маань хэтэрхий мэргэн жараахайн үлгэрийг амилуулан өөрийн тургисан бүхнийгээ ялалтын уухай, хэнд ч дийлдэшгүй хүч гэж үздэг болчихоод байгаа юм. Нэг ёсондоо Баабар юу гэж үзнэ түүнийг нь олон нийт үг дуугүй толгой зөвшөөрөх ёстой гэсэн үнэмшил түүнд бий болчихжээ. Үнэхээр ч тэгж байна. Ухвар мөчид хүмүүс Баабарын үгийг бурханы үг хэмээн үг дуугүй итгэн биширч түүний адтай, хоржоонтой явуулгад хөл алдан живж байна. Үүгээрээ ч Баабар давтагдашгүй хувь хүн гэдгээ харуулж чадаж байна. Энд олон жишээ дурдаж болно. Ганцхан жишээ хэлэхэд тэрбээр өөрөө анх Ардчилсан социалист хөдөлгөөн гэгчийг үүсгэн байгуулалцаж явсан хүн юм. Мань эр үүнийгээ мартчихсан ардчилал, социализм хоёр бол өлгүүр, дүүжлүүр хоёр юм, МАХН-ын дуракууд ардчилсан социалист хэмээх дэлхийд байхгүй үзэл ярин ирваатаж явна хэмээн ганцхан тургиад хаясан.
Үүнд нь нам цохиулсан МАХН-ын нөхөд яаран сандран МАХН нэрээ МАН болгон өөрчлөн хагаралдаж, ардчилсан социалист үзлээсээ ичсэн үү яасан нийгмийн ардчилал гэдэг юм яриад байдаг боллоо хөөрхийс. Ном уншдаггүй, цээж харанхуй нөхөд МАН-ыг бүрдүүлж байдаг нь эндээс харагдаад байгаа юм. Факт бол факт л байдаг. “Баабар чи хэрэглэхээрээ нэг өөр утгатай бусад нь хэрэглэхээр шал өөр утгатай үг гэж байдаг юм уу, анх чи л ардчилсан социалист гэдэг нэр томьёо гаргаж ирээ биз дээ” гээд хэлчих нэг ширхэг амьтан МАН-д байхгүй байгаа юм л даа.
Уул нь ардчилсан социалист үзэл гэж байж бололгүй яахав дээ, ардчилсан үзлийг тугаа болгож нийгмийн хамгааллыг мөрдлөгөө болгох л улс төрийн чиг баримжаа шүү дээ. Нэг ёсондоо социал демократ үзэл л байхгүй юу. Социал демократ үзлийг ардчилсан социалист үзэл гэж монголчилсон юм байгаа биз. Монголчууд социал демократ үзлийг ардчилсан социалист үзэл гэж нэршүүлэн хэвшихэд буруу зүйл байгүй шүү дээ. Тэгж ярьвал монголчуудад социал демократ гэдэг нэр нэг их бууж өгөхгүй байсан нь социал данхраат нам хэмээн нэршиж байснаас нь харагддаг шүү дээ. Угаасаа монгол хөрсөн дээр идээшдэггүй үг монголчлогддог хэлний хууль байдаг шүү дээ. Одоо тэгэхлээр нийгмийн ардчилал, нийгмийн бус ардчилал гэдэг ойлголтууд гарах хэрэгтэй болох нь л дээ. МАН нийгмийн ардчилал тунхагладаг юм бол АН нийгмийн бус ардчилал тунхагладаг болж таарах гээд байгаа юм. Тэр хоёр чинь гол нь баруун, зүүн үзлээрээ ялгаатай биз дээ. Эндээс юу харагдаад байна вэ гэхлээр Баабар гэдэг хувь хүн өөрийнхөө аугаа ихэд итгэчихсэн, түүнийг нь нийгэм даяараа дагадаг болчихсон зүй тогтол харагдаад байгаа юм. Үүнийг Баабар өөрөө сайн мэдэж байгаа. Тиймээс биеэ сайн ч үнэлж байгаа.
Сүүлийн үед түүний бичсэн зүйлийг харж байхад хэн нэгнийг сурталчилах пиарын гэрээ байгуулчихсан, түүнийгээ өөрийн давуу байдалтайгаа холбон нийгмийн толгойг угаах гэсэн хандлага илт анзаарагдаад байгаа юм. Рио Тинто, Фрийдланд, Энержи Ресурс зэрэг асуудлыг тойрсон түүний нийтлэлүүд яг үнэндээ өндөр үнэтэй сурталчилгааны зохиолууд л юм шүү дээ. Энэ нь Баабар мулгуй, мөчид хүмүүсийг “эзлэн түрэмгийлж” сурсаны үр дүнд бий болж байгаа чөлөөт нийгмийн сүүдэр л юм даа.
Баабар яахав хувь хүн. Тэр өөрийнхөө давуу байдлыг ашиглан пиар хийж баяжих, хөлжих бүрэн эрхтэй. Хамгийн гол нь түүний 90 –ээд оны үнэ цэнтэй нийтлэл, эдүгээ цагийн сурталчилгааны бичвэр хоёрыг ялгахгүй сохроор бишрэн шүтэгчид хэвлэн нийтлэлийн салбарт өдрөөс өдөрт хүрээгээ тэлж эхлээд байна. Түүнийг л миний бие “Хэтийдсэн үнэмшил буюу Бабаризм” хэмээн томьёолж байгаа юм. “Москва гол руу чулуу шидэхэд Туул голын ус цалгидаг” гэдэг үг байдаг шиг Баабар асуудлыг юу гэж харна түүнийг даган Бабаризмууд дор дорноо үгийг нь хагас дутуу өөрийн болгон гийналддаг боллоо. Энд би тэднийг Баабаризм гэсэнгүй. Учир нь Баабар өөрөө алдаатай, оноотой, хоржоонтой, өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй хэвлэн нийтлэлийн томоохон төлөөлөл юм. Харин Бабаризм бол Баабарыг сохроор бишрэгчдийн, түүний үгийг өөрийн болгох санаатай хагас дутуу бичвэр бичээчдийн дүр төрхийг томьёолсон тодорхойлолт юм. Бабаризм бол өчүүхэн гаруудын үнэн төрх юм. Тэднийг Баабараас ялгахын тулд жижгэсгэн тодорхойлоход Бабаризм гэсэн ойлголт бий болж байгаа юм. Тэд бол өөрийн гэсэн мэдлэггүй, зөвхөн Баабарын үгэнд хэтийдэн үнэмшиж, зөвхөн Баабараар оюун санааны баримжаагаа авч түүнийгээ эрээ цээрээгүйгээр нийгэм лүү нулмин шидлэгчид юм. Түүнийгээ тэд нэг их мундаг юм хийчихлээ, хүний мэддэггүй юмыг мэдээд хэлчихлээ гэж бодож, сэтгэж явдаг муйхар, дурак гарууд юм. Нэмж хэлэхэд энэ үг Баабарыг уншигчдад огт хамаагүй билээ. Баабарын нийтлэл, зохиолыг уншигчид бол түүнээс авах юм аа авч, гээх юм аа гээж явдаг эрүүл, саруул хувь хүмүүс юм. Баабарыг унших хэрэгтэй нь тодорхой. Түүнд маш их мэдлэг, мэдээлэл байдаг.
Мөн Баабарыг уншихдаа түүний жинхэнэ бүтээл, мөнгөний бүтээл хоёрыг нь ялгах хэрэгтэй. Иймээс Баабарын тухай ойлголт өөрчлөгдөх хэрэгтэй болжээ. 1990-ээд оны монголчуудад Баабар оюуны томоохон хөрөнгө оруулалт хийсэн хүн. Одоо харин тэр зөвхөн өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болсон. 1990-ээд онд Баабар ардчилал, зах зээлийн тухай бусдаас илүү их мэдлэгтэй түүчээ байсан бол одоо ардчилал, зах зээлийн тухай мэдлэгийг долоон буудлын Должин чавганц ч тодорхой мэддэг болсон. Нэг ёсондоо Монголд нийгмийн баримжааны тухай цэцэрхэдэг хэтэрхий мэргэн жараахай хэрэггүй болжээ. Тийм учир Баабар цаг үеэ дагаад бусдад сурталчилгааны үйлчилгээ үзүүлдэг хувийн пүүсний эзэн болжээ. Харин хэвлэн нийтлэлийн салбарт онолдон цэцэрхэгч бус эрх мэдэлтнүүдийн хууль зөрчсөн тодорхой баримтыг дэлгэдэг тийм эр зоригтой, шударга хүч хэрэгтэй болжээ.
Дэлхий нийтийг шуугиулаад байгаа Жулиан Ассанж хэмээх нөхөр бол тэр л орон зайг нөхөж яваа хүн юм. Харин манай Баабар 1990 –ээд оны нийгмийг түүчээлэн байсан нэр хүндээрээ эрх баригчдын гар хөл болж, шинэ цагийн үндэсний хэт капиталистуудын үүд сахисан “нохой” болон хуцаж яваа нь нууц биш юм. Энд бас нэг жишээ дурдья. Баабар бол МАХН /МАН/-ыг сүүлийн хорь шахам жилд боргон хуцсан ардчиллын номер нэг “хоточ нохой” байсан юм. Баабарын хувьд МАН бол хадны мангас байсан билээ. Гэтэл нэг өдөр Санжийн Баяр гэдэг нөхөр МАН-ын дарга болоод Баабарыг дуудан уулзаж өөрийн тэргүүлж буй Засгийн газрынхаа үйл ажиллагааг пиардуулах талаар зөвшин тохирчээ. Ингээд л Баабар суудал дээрээ 180 градус эргэн С.Баярын таван төгөлдөршил гээчийг магтан дуулаад ирсэн. Өөрийгөө С.Баярын үй зайгүй найз гэдгийг ил тод зарлаад эхэлсэн. Хэрэг дээрээ МАН нь малгайгаа сольж өмссөн муур багш хэвээрээ л байсан шүү дээ. Одоо Баабар МАНАН-г тойрон хүрээлэгч “улаан хамгаалагчдын” тэргүүн эгнээнд цохиж яваа. Баабар, С.Баяр хоёрын нөхөрлөл МАНАН-гийн үүсвэр байсан юм. Эдүгээ цагийн Баабарын хэвлэн нийтлэх дүр төрх иймэрхүү л байж байна. Харин Баабарын энэ цагийн эрээгүй сурталчилгааны хумс хуруу нь Бабаризмууд болж хувирчээ. Баабар тэднийг сайн мэдэж байгаа. Сайн ч ашиглаж байгаа. Тэд Баабарын үгийг түгээн дэлгэрүүлэх ажлыг 100 хувь давуулан хийж байна. Хэдэн жилийн өмнө л гэхэд Баабар Барон Унгерн хүрээг чөлөөлсөн тухай анх дэлгэн тавьсан.
Одоо Бабаризмуудад Барон Унгернийг мэдэмхийрэн магтан дуулах аян ид өрнөж байна. Үүний цаана ямар ашиг сонирхол, зорилго байгаа нь таахад бэрх юм. Лавтайяа хэлэхэд Барон Унгерний тухай мэдээллийг Баабар л архив ухаж уншсан байх. Харин Бабаризмууд бол юун архив ухах. Зүгээр л Баабар хэлсэн учраас үнэн хэмээн үзээд их юм мэддэг хүн болох гэж балайрч байгаа л үйл явдал юм. Яг энэ зарчмаар Рио Тинто, Оюутолгой, Тавантолгой, Энержи Ресурс, Фрийдландын тухай сурталчилгаа шил даган хөвөрч байна. Баабарын мөнгөний нийтлэлийг туйлын үнэн гэж итгэсэн хэтийдсэн үнэмшигчид буюу Бабаризмууд тэр гольдрол руу өөрийн мэдэлгүй харайн орж цэр, шүлсээ үсчүүлэн орилолдоцгоож байна. Үнэн бол харьцангуй зүйл. Гэхдээ үнэнг бодит зүйл болгон тогтоон барих ганцхан зүйл байдаг нь нийтээрээ дагаж мөрдөх хууль л юм. Хэн хууль зөрчин худал хэлж, хулгай хийнэ тэрэнтэй л хэвлэн нийтлэгчид тулалдах ёстой. Энэ бол чөлөөт нийгэмд хэвлэл мэдээллийн гүйцэтгэж буй “хоточ нохой”-ны үүрэг юм. Монголд энэ байдал алдагдан эрх баригчдыг тойрсон мөнгөний нийтлэгчид өдрөөр үржиж, цагаар цадаж байна. Үнэхээр ой гутмаар байна. Тэдний уг угшил нь хэн гээч. Мэдээж Бабаризмууд. Бабаризмууд эхлээд Баабарыг даган дууриах үзлээр явж байснаа эцэстээ мөнгөний нийтлэл рүү хүч түрэн хошуурч эхэллээ. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр чөлөөт нийтлэлийг хөгжүүлсэн Баабар мөнгөний нийтлэлийг мөн хөгжүүлсэн юм. Тэр дагуу даган дууриагчид нь мөнгөний нийтлэл рүү үхэлдэн зүтгэцгээж байна. МАНАН-гийн Засгийн газар, Фрийдланд, хотын эрээгээ алдсан удирдлагууд, бас бус сорон мөлжигчид, увайгүй улс төрчид Бабаризмуудыг тэжээн тэтгэж байна. Ийнхүү Монголын хэвлэн нийтлэлийн зах зээл дээр өөрийн оюун санаагүй, бусдыг хэт даган дууриагч, бусдын үгээр үг хийгч увиагүй Бабаризмууд хүч түрэх болсон нь лав сайны ёр биш. Тэд Монголын нийгмийг оюун санааны хувьд булингартуулаад зогсохгүй хэзээ нэгэн цагт Баабар луу бүх гай түйтгэрийг тохоон оноох аянд мордох л болно. Үйлийн үр гэж үүнийг л хэлдэг юм. Учир нь бусдын үгээр үг хийгчид хэн нийгэмд хүчтэй байна, түүний үгийг үг болгон өөрт ашиг олохын төлөө улайран зүтгэж явдаг билээ.
Т.Хурцаа
URL: