Нийслэлийн хүн амын усны хангамжийн талаар хэлэлцлээ
Нийслэлийн хүн амын ус хангамж ариутгах татуургын системийг боловсронгуй болгох цаашид тогтвортой хөгжүүлэх чиглэлээр салбар дундын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
НИТХ-ын төлөөлөгчдийн хурлаас батлан гаргасан Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг цаашид тогтвортой хөгжүүлэх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг даван туулах арга замыг тодорхойлоход энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй яам, тусгай газар, агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудын анхаарлыг хандуулж хамтран ажиллахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байгаа юм. Уг хэлэлцүүлгийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар санаачлан зохион байгуулж ЭМЯ, БХБЯ, БОАЖЯ, ДЭМБ хамтран оролцов.
Хүн амыг аюулгүй, чанартай усаар хангах нь бидний ажлын зорилго бөгөөд 2012 оноос ДЭМБ-ын идэвхитэй дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” (УАБТ) төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж болох эрсдэлийг тогтоож, түүнийг арилгах, бууруулах арга хэмжээг тодорхой болгох чухал ач холбогдолтой ажил болсон юм.УАБТ-г боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Цаашид бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрсдэлийн үнэлгээ явуулж, үе шаттайгаар авах арга хэмжээг төлөвлөх нь хэлэлцүүлгийн гол зорилго байх юм. Тэрчлэн Улаанбаатар хотынхны 60 орчим хувь нь амьдардаг гэр хорооллын хөрсний бохирдол их байгаа нь ундны усны бохирдолд нөлөөлж болох хүчин зүйл болох нь хэлэлцүүлгийн үеэр тавигдсан илтгэлүүдээс тодорхой харагдаж байлаа. Цаашид нийслэлийн хүн амын ундны усны чанар, аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, бууруулах, бохир усыг татан зайлуулах, ариутгах татуургын системийн аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын айлуудын хөрсний бохирдлыг багасгах, ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох асуудлыг шийдвэрлэхэд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг яам, тусгай газрууд, нийслэлийн төр, захиргааны байгууллага болон холбогдох агентлагууд, олон улсын болон төрийн бус байгууллагуудад хандан идэвх санаачлага гарган хамтран ажиллахыг уриалсан уриалга гарган ажиллана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
URL: