НЭГЭН ОРШУУЛГЫН ТҮҮХ

13177676_1934706006755926_2882781384343132015_nНамайг захидлуудаа дөнгөж эмхэлж дуусаад байтал сэтгүүлч над дээр ирлээ. Хэд хоногийн өмнөөс л тэр найзаар минь дамжуулж надтай ярилцахыг гуйсан юм. Би олон ном уншиж, худал, үнэн алин болохыг ялгах аргагүй домог хууч ихээр цуглуулсан нэгэн. Тэдний нэгийг л сурвалжлагч бүсгүй өөрийнхөөрөө хачирлан чимж, хэрэгтэй хэрэггүй сонингийнхоо үхмэл буланг сэргээх гэсэн хэрэг. Би түүнийг их л найрсагаар хүлээн авч уулзлсан бөгөөд бичсэн зохиомол түүхүүдийн минь жагсаалтын үзээд “Нэгэн оршуулгын түүх”-ыг ярьж өгөхийг гуйв. Ингээд яриагаа эхэлье.

***
Од хаалганы хонх дуугарах чимээнээр сэржээ. Тэр энэ чимээг арван дөрвөн наснаасаа хойш бараг л өглөө бүхэн сонсож буй. Од маш их баяртай байлаа. Учир нь тэр юу ч зүүдлээгүй бөгөөд элдэв учралгүй хоосон ертөнцөөс нь сэрээж өгсөн шуудан зөөгчид талархана. Харин зүүдэлж ахуйд хаалганы хонх дуугарахад тэр тоймгүй ихээр уурлаж, өдөржин энэ байдлаасаа хагацаж чаддаггүй юм. Түүн шиг мундаг зохиолч энэ жижигхэн хотод үгүй учраас өглөө бүр л захидал ирнэ. Алгын чинээ цаас, бялдуучилж, ул долоосон, хуурмаг үгсээр дүүрэн хэдхэн мөрийн төлөө сайхан зүүдээ хийсгэсэн дээ бухимдан дотроо урж нээгээд тархинд нь бус ой ухаанд нь сэрсний дараа оршсоор л буй зүүднүүдийг нэг бүрчлэн харж, тогтоохыг хүснэ. Харин хэрхэн ингэх билээ. Сүүдрэвчнээс нь уясан төмөр хонхны жингэнэх дуу, энэ өглөөний захидал түүнд сонирхолтой, эсвэл бүр үзэн ядмаар үйл явдлын эхлэлийг авчирсан юм.

Од хөөр баяртайгаар босч хаалгаа нээв. Тэр маш их гайхлаа. Шуудан зөөгч бус, хотын дарга өөрийн биеэр морилжээ.
-Танд энэ захидлыг өөрийн биеэр хүргэж өгөх зайлшгүй шаардлагатай байв. Учир нь захидлыг илгээгч надаас үүнийг хүссэн юм. Тиймээс гайхах хэрэггүй дээ.

Ийн хэлээд босгыг нь давалгүй явж одсонд Од мөн л баяртай байлаа. Хэн нэгэн, тэр ч бүү хэл хотын даргатай цуг суугаад өглөөний цайгаа ууна гэдэг түүний хувьд тэвчишгүй зүйл. Ядаж л тэр “Жэкил болон Хайдын цадиг” шиг уран сэтгэмжит зохиолуудыг нэг ч нүдээрээ харж уншдаггүй гээд бодохоор ямар уйтгартай нэгэн болох нь илт. Ийм л хүмүүс түүнд сунжирсан урт магтаалын үгсээр дулдуйдсан ямар ч хэрэггүй цааснууд илгээдэг. Заримдаа бүр дайснууд нь гоёмсог зурагтай, уран бичлэгээр таталгасан захидлууд явуулдаг гээч… Бас л нөгөө уран тансаг магтаалын үгс хөврөх авч Од дайсан болоод найзуудын алин болохыг сайн ялгаж танина.

Дугтуйг задалсан мөчөөс эхлээд бүхий л бие нь царцчих шиг болов. Хайш, яайш сарайлгасан ийм бичигтэй хүн эцгээс нь өөр үгүй. Дөрвөн удаа нугалсан том цаасыг нээхэд хэдхэн л өгүүлбэр байв. “Таны эцэг зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье. Цаг хугацаа давчуухан таарсан тул эцгийг тань нөгөөдөр гаргахаар боллоо. Дахин эмгэнэл илэрхийлье”. Од юуг ч ойлгосонгүй бөгөөд нүднийх нь аяганд өчүүхэн ч дусал нулимс унасангүй. Гайхаж балмагдахаас өөр ямар ч далдын хүч үйлчлэхгүй байгаа оюун бодолд нь гашуудлын нулимс унана гэж үгүй. Гашуудал хамгийн тааламжтай, түүнд л утга учиргүй зүйлс гэнэт л утгатай болчих шиг санаа алдалтууд байдаг тухай олон уншиж байсан авч энэ удаад тэр тухай бодох зав байсангүй.

Яалт ч үгүй эцгийнх нь бичиг мөн. Багадаа тэр ийм бичигтэй болохоос хамгийн ихээр айдаг нэгэн байсансан. Гэтэл эцэг минь нас барчихаад үүнийг бичсэн хэрэг үү. Байж боломгүй ч гэлээ тогтворгүй бодол нь ийм л үр дүнд хүргэнэ гэдгийг Од мэдэж байлаа. Тиймээс тунгаах хэрэгтэй. Эсвэл үхэхийнхээ өмнө бичсэн байх магадлал бий юу. Үгүй ээ. Хэдийгээр үхэхээ мэдэж байсан байж болох ч оршуулгын ёслолын талаар дурьдах ёсгүй шүү дээ. Эцэг минь өөрийнхөө оршуулган дээр хүүгээ харахыг хүсдэггүй байсан юм. Танд энэ нь солиотой зүйл шиг санагдаж болох авч тэр “Төрсөн хүүгээ өөрийг нь чимээгүй хот руу зорин алхах мөчид цэцэг бариад үдэж зогсоог нь харахгүй” гэж хэд хэдэн удаа анхааруулан хэлж байв.

Ингээд Од тааламжгүй бодлуудаа нэг мөсөн тас цавчиж хэн нэгний толоом хэмээн ойлгов. Хэдий эцгээс нь өөр ийм бичигтэй хүн үгүй ч хэн нэгэн дуурайлган бичиж болно шүү дээ. Хэцүү, боломжгүй бүхнийг хүн л хамгийн гарамгай хуулдагийг тэр мэднэ. Одоо ч гэсэн би танихгүй хүний л хуулбар шүү дээ гэж бодов. Хэзээ ч уулзахгүй, учирсан ч түүний оршин буйн гадна талд, тэр гадна талд гарвал нөгөөх хуулбар дотор талд нь байх болно.

Цайгаа уучихаад гадагш гарлаа. Байшингийн хашаан дотуур урсах горхины чимээ эцгийнх нь дуулдаг дууг аялаад байх шиг санагдана.

Униар будан суунагласан Давхар Баяны уулс
Учирсан амрагийн сэтгэл салхи шигээ хө…

Энэ дууг дуулж байхдаа эцэг нь юу юунаас илүү өрөвдөм, юу юунаас илүү жаргалтай харагддагсан. Багадаа эцгийн дуулахаас илүүтэй эмээгийн тэжээдэг муур өөдөөс цоргитол ширтээд хяхтанасан төмөрлөг дуугаар мяулах нь дээр санагддаг байсан юм. Уг нь муур нялуун дуугардаг биздээ, гэтэл тэр хар муур цаанаа л нэг төмөр хяхтнаж буй юм шиг хачин сөөнгө хоолойгоор чарладагсан. Ингэхэд муурын хоолой өвдөнө гэж байдаг болов уу. Магадгүй намайг элдвийн муу бодолд автамхай, зожиг, этгээд хүүхэд байсныг санах хөгшид энэ хотод байж ч мэднэ. Тэд над руу энэ талаар дурсаж бичвэл би үгүйсгэхгүй л дээ… Харин одоо бодоход эцэг минь сайхан дуулдаг байж дээ. Гэхдээ дуу гэдэг зөвхөн онцгой, тийзтэй зоригчдын хоолойнд л тохирсон байдаг. Тиймээс эцэг минь хэдий сайхан дууллаа ч тийзгүй хэвээрээ үлдсэн юм. Үүнийгээ хүлээж авалгүй дуулдаг байсан учраас бурхан түүнийг хатуу шийтгэсэн билээ. Тэр хүнд өвчин тусаж хоолойны хагалгаанд хоёр ч удаа орж байв. Эцэстээ үхсэн. Энэ ч үнэндээ цочирдоод байхаар зүйл биш юмдаг уу даа.

Хоёр хоногийн дараа дахин захидал авлаа. Мөн л дээрх үгсийг давтжээ. Од тоглоом гэдэгтэй даруй эвлэрэв. Хоёр хоног аль хэдийн үгүй болж цогцсыг нутаглуулах хугацаа өнгөрчихөөд байхад дахиад л “Цаг хугацаа давчуухан таарсан тул эцгийг тань нөгөөдөр гаргахаар боллоо. Дахин эмгэнэл илэрхийлье” гэсэн бичиг мөнөөх янзаараа дурайж байв. Тэдэнд хамаатан садан гэх хүн үгүй. Ядах даа Од айлын ганц хүү. Тэгэхээр хэн энэ захидлыг бичиж даажигнаад байгаа хэрэг вэ?

Үйл явдал бүр гурван долоо хоног үргэлжилсний эцэст тэр эцгийнх рүүгээ явахаар шийдлээ. Од багаасаа л аавтайгаа хамт өссөн юм. Эцэг нь түүнийг хүмүүжүүлэхдээ өөрийн зожиг, ганцаадрмал зан чанарыг өвлүүлэн өгсөн учир хэзээ ч эхнэр хүүхэдтэй болох тухай бодож байсангүй. Магадгүй тэр гар хангалагийн тухай төсөөлж ч байгаагүйг би батлан өгүүлж чадна. Хотын зах руу гарч ойн цоорхой орох нарийн жимээр алхах үест бүрий болж байлаа. Эндээс хоёр мод газрын зайд түүний эцгийн гэр бий. Энэ жимээр явалгүй арван дөрвөн жил болжээ. Гэвч амьдрал жимээс өөр. Энэ жим эцгийнх нь үүдэнд очоод л төгсгөл болно. Харин би үхэвч амьдрал дуусахгүй. Яагаад гэвэл хүмүүс амьдрасаар л байна. Зөвхөн өөрийгөө үхэх мөчид л амьдрал төгсч байна гэж боддог нь хүмүүсийн хамгийн гутранги үзэл. Зарим нь энэ тухай бодох ч сөхөөгүй амьсгал хураадаг байх л даа.

Харанхуй болохын үед тариалангийн талбайд хүрэв. Хойд талын өндөр дэнж дээр эцгийнх нь гэр хуучин янзаараа ажээ. Од юу хийхээ мэдэхгүй байсан боловч алхаагаа хурдасгав. Хаалгыг нь тогшиход ямар ч чимээ гарсангүй. Арга ядаад эцгийгээ дуудлаа. Өөр бодоод олчихмоор хэн нэгний ч юм уу, зохиомол нэр санаанд нь орж ирээгүй хэрэг. Намрын зэврүүн салхи байшингийн цонхны дэргэд тогтоосон цагаан тугийг шажигнуулахаас өөр чимээ анир алга. Од хаалгыг хэсэг нүдэж зогссоноо цонх руу очив. Яг шагайх гэтэл хаалга чахран онгойх дуулдах нь тэр. Магадгүй түгжээгүй хаалга салхинд нээгдсэн болов уу.

Байшинд ороход урьдын эд зүйлс хэвээрээ байв. Гагцхүү энд зуун жил хүн амьдраагүй болов уу гэмээр сандал, ширээ, цонхны тавцан, ор дэвсгэр тоосонд дарагдаж, аалзны торонд орооцолджээ. Хананд өлгөсөн аавынхаа зургийг ширтэх мөчдөө тэр ширээн дээрээс захидал олов. Цоо шинээрээ бөгөөд сүүлийн гурван долоо хоног өөрт нь ирсэн захидалтай тун адилхан дугтуйтай байлаа. Шуудхан аваад задалчих зориг түүнд байсангүй. Өрөөний булан бүрийг айсан гэхээсээ илүү гайхаж сандарсан зэвхий хүйтэн харцаар ажихад мөнөөх л жихүүн ахуй, аалзны торнуудаас өөр юу ч алга.

Ингээд болгоомжлон захидлыг авч задалтал байж боломгүй зүйлс бичсэн нь “Өнөөдөр намайг оршууллаа үр минь. Чамайг энд байхгүй байгаад маш их баяртай байна. Харин чамаас нэг зүйлийг аминчлан гуйя. Эцсийн удаа надтай ирж уулзахыг хүсье. Энэ захидлыг олоод оршуулгын газарт ирээрэй. Би өөрийн нэрээ чулуун дээр сийлүүлэхийг үл хүссэн тул 1911-1991 гэсэн тоо бий” хэмээжээ. Хэсэг бодолхийлсний эцэст хүү эцгийнхээ сүүлчийн гуйлтыг биелүүлэхээр зориг шулуудав. Үнэндээ тэр нэгэнт нас нөгчсөн эцэгтэйгээ уулзах шаардлага байгаагүй ч болоод буй хачирхалтай зүйлсийн учрыг олох хэрэгтэй байсан тул оршуулгийн газрыг чиглэв. Мэдээж түүний эцэг энэ онд нас барсан нь үнэн юм бол 1991 гэдэг тоо утгагүй зүйл. Одоо чинь 1993 он шүү дээ. Гэтэл түүнд хоёр жилийн өмнө ямар ч захидал ирээгүй билээ. Тиймээс л учрыг нь олох хэрэгтэй.

Од эцгийнхээ булшыг олж, гэрээс гарахдаа юуны магад хэмээн халааслаж гарсан шар цэцгээ овоолсон шороон дээр унагав. Тэр хэзээ ч хэн нэгний оршуулган дээр цэцэг тавина гэж бодож байсангүй. Энэ бол хүмүүсийн хамгийн тэнэг үйлдэл гэж сэтгэнэ. Цэцэг өргөх нь дараагийн үхлийг дуудсан хэрэг гэж насан туршдаа итгэж явсан сан. Басхүү тэр өнгөнд дуртай боловч шар өнгөтэй цэцгийг хамгийн ихээр зэвүүцдэг. Эцгийнхээ сүүлийн гуйлтыг биелүүлэхдээ шарилын хавтан, эргэн тойрныг сайтар ажигласан боловч анхаарал татчих зүйлс огтхон ч байсангүй. Гэвч түүнд гайхах, бодох зав огтхон ч гарсангүй. Түүнийг өндийх хооронд араас нь хэн нэгэн гялалзсан иртэй зүйлээр толгойг нь тас цавчиж орхилоо. Эгшин зуурт болж өнгөрсөн учир яг ямар зүйлээр биеийг нь хоёр хэсэг болгосныг тэр сүүлийн мөчид харж ч амжсангүй. Сүүлчийн амьсгал авах хором ч түүнд үлдээгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч түүнийг хэн хороосныг тааварлах ямар ч боломж үгүй. Од хажууд нь хэн нэгэн оршин байгаа гэж бодохоос бүхий л биеэр нь жихүүдэс дааж хааяа нэг ч хүнийг үлдээлгүй хороочихмоор бодол тархинд нь зурсхийдэг байсан юм. Эцэг нь л үүнийг түүнд сургасан. Үүнээс үзэхэд тэр одоо хэн ч дэргэд нь оршин буй санагдах үзэлд баригдахгүй, баригдлаа ч өөрийн хүслээ гүйцэлдүүлж аллага үйлдэхээс санаа зовох зүйлгүй тэр ертөнц рүү одсоноос үзэхэд биеийг нь хуваасан алуурчинд талархаж болох юм.

Энэ дэлхий дээр тоо томшгүй олон оршуулга бий. Тэд бүгдээр өөрийн гэсэн үүх түүхтэй байдаг. Харин энэ бол зөвхөн ганцынх нь л гэдгийг би сайн мэднэ. Одоо ч гэсэн балгас болж арилаад хүн төрөлхтний түүхээс үүрд сарнин замхарсан хотын захад орших хар ойн цоорхойд буй оршуулгын газарт зэрэгцүүлэн тавьсан аав хүү хоёрын чулуун дээрх 1911-1991, 1970-1993 гэх тоонууд арилшгүй үлдсэн бий.

***
- Аймшигтай юм аа. Хэн алсан юм бол гэж хэлэхдээ эмэгтэйн хоолой чичирч байлаа. Тэгснээ хоромхон зуурт өөрчлөгдөж – Тэр шарилын чулуудыг нь нэг харчих юмсан, байдаг л байхдаа гэж хөгжилтэй байдлаар хэлэв.

- Тийм шүү, хэтэрхий аймшигтай. Хэрэв хүсвэл би таныг оршуулгын газар луу замчилж өгч болох юм. Учир нь таныг энд ирэхээс хэдхэн агшны өмнө би илдээ сайтар ирлэчихсэн юм л даа.

МУИС-ийн Утга зохиолын ажилтны IV ангийн оюутан Б.Алтанхуяг

 

URL:

Сэтгэгдэл бичих