Б.Гарамгайбаатар Н.Ганбямбад одоо саад болоогүй биз дээ
Өнгөрөгч 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Н.Ганбямба АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатарт унасан. Хамтрагч Б.Бат-Эрдэнэ нь буурь заан суудлаа хамгаалж үлдсэн юм. Тэрбээр өвдөг шороодсныхоо маргаашаас эхлээд л Хэнтий аймгийн ажил ургашгүй байгаа, ард түмний амьдрал ядуу байгааг орон даяар зарлах оролдлого хийж, өөрийнхөө хэл хүрч болох хэвлэл мэдээллээр Б.Гарамгайбаатарын эсрэг мэдээлэл явуулсан. Уг нь түүнийг УИХ-д орж ирэхээс өмнө энэ мэт мэдээлэл хаа нэг харагдаж байсан нь түүнтэй холбоотой гэдгийг төвөггүйхэн ойлгож болохоор. Уг нь “Монгол хүн амныхаа билгээр” гэдэг дээ.
Тухайн үед Б.Гарамгайбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, баргийн мэдээлэлд хиртхийхээргүй байв. Харин одоо тэрбээр олон тэрбум төгрөгийн асуудлаар шалгагдаж байна. Б.Гарамгайбаатар одоогоос олон жилийн өмнө буюу УИХ-д орж ирэхээсээ өмнө “Монроуд” компанийнхаа нэр дээр зээл авч байсан бөгөөд “Мянганы зам” төслийн хүрээнд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт орших Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км урт, хатуу хучилттай замыг барьсан нь хэдхэн сарын дараа тараа таниулсан билээ.
Эвдэрсэн зам, түүний фактыг Н.Ганбямба хэвлэлээр зураг хөрөгтэй нь нийтлүүлж байсан удаатай. Нэгэнт өрсөлдөөд унасан бол хойноос нь ийнхүү хэвлэл мэдээллээр хэрүүл тарих хэрэг байсан уу гэвэл үгүй. Харин УИХ-д орж ирсэн Б.Гарамгайбаатар “Монроуд” компаниа хүүгийнхээ нэр дээр шилжүүлж, Төрийн ордноос компаниа санхүүжүүлэх ажил хийж эхэлсэн тухай мэдээллийг ч зүгээр нэг дэлгээгүй байх. Эрх мэдэлд хүрсэн Б.Гарамгайбаатарын компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт төрүүлж тогтоол батлуулсан хэрэг одоо мандаж байна. Ингэхдээ тэрбээр нэмж нийт 43.6 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэргээр шалгагдаж буй.
Үүнийг дурдахын учир нь энэхүү мэдээллийн анхдагч нь өдгөөгийн Хэнтий аймгийн Засаг ноён байжээ гэдгийг хаа хаанаас нь харж болно. Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар олны санаж байгаа шиг Н.Ганбямба намаасаа мандат ч авч чадсангүй. Аргагүй, өмнөх сонгуулиар нь ялагдал хүлээсэн нөхөрт ямар нам мандат өгөхөв дээ. Харин эрх мэдлийнхээ хүрээнд гайгүй хөрөнгөлөг болсон Б.Гарамгайбаатар Хэнтий аймагт өрсөлдөөд Л.Оюун-Эрдэнэ, Н.Гантулга нарын жаалуудад өвдөг шороодсон. Тиймээс Б.Гарамгайбаатар УИХ хэмээх хамгаалах цайзгүй болсон учир ийнхүү нэгэнт яллагдагчаар татагдаад байна.
Н.Ганбямба чухам юуны учир ийнхүү Б.Гарамгайбаатарын эсрэг мэдээлэл дэгдээгээд байсан юм бэ. Тэр лав УИХ-д өрсөлдсөнгүй. Явж явж аймгийн Засаг дарга болоод л үлдлээ. Зөвхөн аймгийн Засаг дарга болохын тулд энэ бүгдийг хийгээгүй л болов уу. Үүнийг чухам юуны учир сануулав гэхээр монголчууд бид өрсөлдвөл өрсөлдсөн шиг өрсөлдөж, эр хүн шиг ялж ялагдаж сурах хэрэгтэй гэдгийг хэлэх гэсэн юм. Өнөөдөр гэхэд Н.Ганбямба Б.Гарамгайбаатарыг хэвлэлээр мууг нь дэлгэлээ гээд юу хожив. Өөрөө УИХ-д сууж чадсангүй, гуйж гувшиж байж аймгийн Засаг даргаар үлдэв. Б.Гарамгайбаатар нь яллагдагч болчихоод байна. Төр түшилцэж явсан эр улс ийм байх нь утгагүй зүйл. Хамгийн гол нь Н.Ганбямба Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаад нэг жилийн нүүр үзэж байгаа ч Хэнтийн аймгийн бүтээн байгуулалт, ажил үйлсийн тухай мэдээллээр Б.Гарамгайбаатарын компанийн барьсан замыг байнга хөндөх юм. Одоо тэр Н.Ганбямбад ямар саад болоод байна вэ.
Х.Баатар
Шуурхай.мн
URL: