ХУУЛЬЧИЛЖ ӨГСӨН ХУГАЦАА НЬ СОНГОГЧДЫН МЭДЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА
-Хуульчилж өгсөн 18-хан хоногт нь нэр дэвшигчид 21 аймгийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг нь сонсоно гэдэг манайх шиг өргөн уудам нутагтай улсад бараг л боломжгүй зүйл юм. Нөгөө талд тав дахь төрийн тэргүүний төлөө өрсөлдөж буй М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх гурван эрхмийн хэн нь хэн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн мэдэх сонгогчдын эрх зөрчигдөж байна?!-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа орон даяар эхэлснээс хойш хэдийнэ найм хоног өнгөрчээ. Нөгөөтэйгүүр та, бидэнд тав дахь төрийн тэргүүнээ сонгоход 12 хоног, харин гурван нэр дэвшигчийнхээ мөрийн хөтөлбөртэй нь дахин танилцахад ердөө л 10-хан өдрийн хугацаа үлдсэн байна. Энэ нь сонгуулийн сурталчилгааны хугацаа бараг л талдаа орсон гэсэн үг. Гэтэл нийт сонгогчдын талаас илүү хувьд нь гурван нэр дэвшигчийн талаарх мэдээлэл хомс байгаа нь яах аргагүй анхаарал татах сэдвийн нэг билээ. Хэдийгээр гурван нэр дэвшигч маань тус бүртээ эрвийх дэрвийхээрээ сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа ч нөгөө талаараа хуульд заасан сонгуулийн сурталчилгааны хугацаанд бүх иргэнд хүрч, тэдэнтэй нэг бүрчлэн уулзаж амжихгүй байх дүр зураг ч харагдаж байна.
Өөрөөр хэлбэл, хуульчилж өгсөн 18-хан хоногт нь 21 аймгийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санал бодлыг нь сонсоно гэдэг манайх шиг өргөн уудам нутагтай улсад бараг л боломжгүй зүйл юм. Нөгөө талд тав дахь төрийн тэргүүний төлөө өрсөлдөж буй М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гэх гурван эрхмийн хэн нь хэн бэ гэдгийг нь бүрэн дүүрэн мэдэх сонгогчдын эрх зөрчигдөж байна гэхэд болно.
Учир нь, бүхэл бүтэн улсынхаа төрийн тэргүүнийг сонгох хариуцлагатай сонголтын өмнө ирсэн сонгогчид гурван нэр дэвшигчийнхээ талаарх сайн, муу гэж ялгалгүй бүхий л мэдээллийг авч байж эцсийн сонголтоо хийх учиртай. Харин тухайн нэр дэвшигчийнхээ талаар үнэн, бодит мэдээллийг авах хамгийн зөв хувилбар бол нэр дэвшигчтэйгээ нүүр тулж уулзах явдал юм. Өөрөөр хэлбэл, цаасан дээрх мөрийн хөтөлбөрийг нь өөрсдийнх нь амнаас сонсож байж сонгогчид маань сонголтоо хийх ёстой. Ингэж гэмээн иргэдийн сонголт зөв болно. Гэтэл хуульчилж өгсөн 18-хан хоногоос нь болж иргэд, сонгогчдийн нэр дэвшигчийнхээ, цаашлаад ирээдүйн Ерөнхийлөгчийнхөө талаарх мэдээллийг бүрэн дүүрэн авч чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай.
Үнэндээ өнгөрсөн парламентын үед баталсан Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны хугацааг багасгаж 18-н хоног болгон хуульчилсан нь ийнхүү асуудал дагуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн парламентын үед буюу УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнө Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг Сонгуулийн тухай хууль нэртэйгээр баталсан билээ. Бүх шатны сонгуулийг зохицуулсан уг хуулийг баталснаар Ерөнхийлөгч, УИХ болон Орон нутгийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсон юм. Хэдийгээр өмнөх тогтолцоогоо ерөнхийд нь хадгалсан ч нэлээд хэдэн онцлогтой зүйл заалтыг нэмсэн байдаг. Үүний нэг нь сонгуулийн сурталчилгааны хугацааг багасгаж 18 хоног болгосон явдал юм.
Тухайн үед энэхүү өөрчлөлттэй холбогдууланзарим улс төрийн нам хийгээд улстөрчид шүүмжлэлтэй хандаж байв. Зарим нь бүр Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хууль зөрчиж баталсан ч гэж ярьж байсан билээ. Шүүмжлэлтэй хандах болсон гол шалтгаан нь хуульчилж өгсөн 18 хоногтой холбоотой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны хугацаанд тухайн нэр дэвшигч өөрийгөө бүрэн гүйцэт сонгогчдодоо танилцуулж чадахгүй, тэр хэрээр иргэд ч нэр дэвшигчийн талаарх мэдээллийг хэмжээндээ тултал авч чадахгүй гэх шүүмжлэл гарч байсан гэдгийг уншигчид санаж байгаа биз ээ. Тэр ч битгий хэл, шат шатны сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд хүртэл сурталчилгааны хугацаанд шүүмжлэлтэй хандаж, “Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага, гэтэл бидэнд хийх ажил их байна” хэмээн ярьж байсан билээ.
Энэ мэтчилэн шүүмжлэлтэй хандаж байсан ч УИХ болон Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны хугацаа хуульчилж өгсөн 18 хоногт л үргэлжилсэн. Өнөөдөр ч тэр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тэрхүү заасан хугацаанд нь үргэлжилж байна. Гэхдээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд бол УИХ болон Орон нутгийн сонгуулиас тэс өөр.
Нэр дэвшигч нь хэдэн арав, зуугаараа бус гуравхан. Тэд гурвуулаа тогтсон хугацаандаа 21 аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой. Харамсалтай нь, тэрхүү хуульчилж өгсөн хугацаанд нь гурван нэр дэвшигч маань бүх сонгогчидтойгоо, өөрөөр хэлбэл 21 аймгаараа тойрч иргэдтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж амжихгүйд хүрэх нь. Харин нөгөө талд тухайн нэр дэвшигчтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрийг нь өөрсдийнх нь амнаас сонсож чадаагүй иргэдийн мэдэх эрх хөндөгдөж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Б.Төрбат
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
sfsfsdfsdfsdfsdfsdfsdf