Оросууд ураны зах зээлээ алдахгүйн тулд Монголыг түших үү
Ураны үнэ удахгүй эрс нэмэгдэнэ гэж шинжээчид таамагласан байна.
Одоо нэг фунт ураны хүдрийг 55 ам.доллараар авч байгаа бол тун удахгүй энэ үнэ 80 ам.доллар болж нэмэгдэнэ гэж тэд үзэж байна.
Тэгэхээр энэ зах зээл дээрх томоохон гүрнүүдийн өрсөлдөөн улам ширүүн болох хандлага гарч ирлээ.
Энэтхэг, БНСУ, Хятад зэрэг эдийн засгийн асар их боломжтой улс орнууд цөмийн эрчим хүчний станцуудыг барих өөрсдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учрахгүй гэж үзэж байгаа. Энэ өрсөлдөөнийг улам хурцатгана гэсэн үг. Оросын уран баяжуулах хүчин чадал АНУ-хаас дөрвөөс тав дахин илүү байгаа ажээ.
Тэдний хувьд энэ зах зээл дээрх одоогийн байр сууриа хадгалахад ойрын ирээдүйд нэг том асуудал гарч ирж болохоор байгаа нь ураных нь нөөц ойрын 10-15 жилийн дотор үндсэндээ дуусах болсонтой холбоотой.
Тиймээс Оросын ураны салбар дахь зонхилогч компани болох “АРМЗ” “(Атомредметзолото) гэхэд цэвэр дотоодын ураны нөөц дээрээ тулгуурлан үйлдвэрлэлээ явуулахад олон улсын зах зээл дээрх нийт ураны үйлдвэрлэлийн долоон хувь нь л болж байгаа юм байна.
Гэсэн ч тус компани энэ хэмжээг ойрын хугацаанд эрс өсгөж 2030 он гэхэд дэлхийн хэмжээний ураны хүдрийн нийлүүлэлтийн 25-аас доошгүй хувийг дангаараа нийлүүлдэг байх зорилт тавьжээ.
“АРМЗ” нь дэлхийн баяжуулсан ураны зах зээл дээрхи нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа гаргаж байхаар ажиллаад эхэлсэн гэнэ. Орос улс ураны зах зээл дээрх байр сууриа алдахгүйн тулд гадаад улс орнууд дахь ураны нөөцийг олборлох боломжийг сайтар судлахаас өөр аргагүйд хүрсэн бололтой.
Оросууд ураны зах зээл дээрх өрсөлдөөнд байр сууриа алдахгүй байхын тулд түшиж болох хамгийн боломжтой нөөц бүхий тулах цэг нь юуны өмнө хөрш орнууд нь байх болно гэж шинжээчид таамаглаад байна.
URL: