ЭНЭ НАМАР 15 БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРНО

Нийслэлийн нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч- Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагийн ахалсан 72 сургууль, цэцэрлэг болон бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажилтай холбоотой шуурхай ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шуурхай хуралд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨҮГ-ын орлогч дарга А.Хаянхярваа, Нийслэлийн Газрын албаны орлогч Д.Нямдаваа болон Нийслэлийн Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

Засгийн газрын тогтоолоор Улсын төсвийн концессоор нийслэл хотод 72 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барихаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэрэгжүүлэгчээр “Рич голден буллс эдукэшн” ХХК шалгаран ажиллаж байгаа юм. Тус компани өнөөг хүртэл 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажлыг 5-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжлүүлж байна. Дээрх үргэлжлэн баригдаж байгаа 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ирэх аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд нэмж 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж

olloo_mn_1497321559_65954d_p194o7gucv61m1tjeql2p531jub1_x974Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа шинээр баригдах 15 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын байршлыг судалж, яаралтай дүгнэлт гаргахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, газрын байршилтай холбоотой асуудлыг шийдвэрлэн Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулан шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд, байршлын судалгаа болон бусад байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт, газар чөлөөлөлт болон бусад тусгагдаагүй зардлын асуудлыг төлөвлөгөөндөө тусган ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт үүрэг болголоо. Мөн эхний ээлжинд баригдаж буй 15 барилгын ажлыг хугацаандаа багтаан хүлээлгэн өгөх, шинээр баригдах 15 барилгын ажлын зураг төсөвт нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөлт хийхийг “Рич голден буллс эдукэшн” ХХК-д даалгасан юм.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 70 байсныг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж буй 33 ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжид шилжүүлэхээр тусгасан. Энэ онд дээрх 30 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн суудлын тоог 4800, цэцэрлэгийн хүүхдийн суудлын тоог 3600-аар тус тус нэмэгдэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих