Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: Эрх баригч намууд хэвлэлийнхнийг хяналтдаа авчээ

Шударга бус явдал болж байна. Энэ хуулийн дагуу сонгууль болбол нэр дэвшигчид заргалдах, маргалдахаа хаалгах юм. Эрх баригч намууд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хяналтдаа авч, хэвлэн нийтлэх эрхэд нь хязгаар тавьж өгчээ.

Дүгнэж хэлэхэд, парламентаас гадуурх улс төрийн нам, эвсэл хөдөлгөөнийг төлөөлөл нэр дэвших боломж нь хязгаарлагдмал байна.

Өөрөөр хэлбэл, хоёр намын төлөөллөөс бусад нь телевиз, сонины хэрэгслээр өөрийгөө сурталчлах, таниулах нь хязгаарлагдмал болжээ. Өнөөдөр сонгуулийн хуулийн төслөөр 7 хувийн босго тавихаар ярьж байгаа нь парламентаас гадуурх улс төрийн намуудад боломж өгөхгүй байна гэв. Энэхүү парламентад суудалгүй улс төрийн намууд, төрийн бус байгууллага, эвсэл хөдөлгөөнөөс УИХ-д хүргүүлж буй санал нь цоо шинэ хуулийн төсөл биш, харин одоо хэлэлцэж буй хуулийн төсөлд нэмэх, хасах зүйл заалтууд бий гэдгийг зөв ойлгохыг хурал зохион байгуулагчид хүссэн юм. УИХ-ын гишүүн З.Алтайд санал гардуулах үеэр Л.Цог, хэрвээ ийм хуулиар сонгууль болбол “сонгуулийг ашиглаж хууль бусаар Засгийн газрыг авах гэсэн эрх баригчдын хүсэл гэж хэлэхээс өөр аргагүй” гэлээ.

Санал өргөн барьсан улс төрийн намууд хуулийн төсөлд юуг нэмж, хасахаар тусгасан бэ.

Эдгээрийг товч дурдая.

28:6-д УИХ-ын гишүүнээс бусад улс төрийн аливаа албан тушаалтан УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл энэ хуулийн 32:12-т заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс эхлэн сонгуулийн санал хураах өдрийг дуусах хүртэл хугацаанд үүрэгт албан тушаалаасаа түдгэлзэнэ.

28:6:2-т, Ерөнхий сайд УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл 28:6-д заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, Засгийн газрын нэр дэвшээгүй, насаар хамгийн ахмад гишүүн нь Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ.

28:6:3-т Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл мөн заалтын нэгд заасны дагуу албан тушаалаасаа түр түдгэлзэж, дэд сайд түүний үүргийг гүйцэтгэнэ.

28:6:4-т УИХ-ын нийт гишүүдийн 50 хувиас цөөн тооны гишүүн УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл парламентын хэвийн үйл ажиллагаа үргэлжилнэ. УИХ-ын нийт гишүүдийн 50 хувь ба түүнээс илүү тооны гишүүн УИХ-ын гишүүнд нэр дэвшвэл чуулганы үйл ажиллагаа нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх авч дууссан өдрөөс эхлэн сонгуулийн санал хурааж дуусах өдөр хүртэл хугацаанд түр завсарлаж, шаардлагатай гэж үзвэл зөвхөн улс орны аюулгүй байдалтай холбоотой онцгой асуудлаар хуралдаж болно гэх зэргээр төслийн 39,49,54,55, 58,59 дүгээр зүйлд нэмэх зүйлийг тодорхой заасан байна.

Түүнчлэн сонгуулийн хуулийн зарим заалтыг өөрчлөх саналыг оруулжээ.

Тухайлбал, төслийн 8:2 дахь заалтын Лхагва гэснийг Ням болгон өөрчлөх, 11:2 дахь заалтыг бүхэлд нь “Энэ хуулийн 4:7-д заасан УИХ-ын 76 гишүүнийг сонгоход Монгол Улсын нутаг дэвсгэр сонгуулийн томсгосон нэг тойрог болно” гэж өөрчлөх, 14:14 дэх заалтыг “Энэ хуулийн 14:8-д заасан зөрчил гаргасан сонгуулийн бүх шатны байгууллагын гишүүн төрийн албан хаагчийг төрийн албанд эргэж орохгүйгээр бүрмөсөн хална” гэж өөрчлөх зэрэг заалтууд тусгасан байна.

Мөн саналд төслийн зарим зүйл, заалтыг өөрчлөн найруулахаар оруулжээ. Үүнд,төслийн 14:5 дахь хэсгийг “Сонгуулийн бүр шатны байгууллагын нийт гишүүдийн гуравны нэг нь УИХ-д суудалтай намуудаас, гуравны нэг нь УИХ-д суудалгүй намуудаас, гуравны нэг нь УИХ-д суудалгүй намуудаас, гуравны нэг нь иргэний нийгмийн байгууллагуудаас тус тус бүрдэнэ” гэж өөрчлөн найруулах, 19:9 дэх хэсгийг “сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг тухайн хорооны нарийн бичгийн дарга хариуцах бөгөөд бүхэлд нь гараар, дуу хураагуурт болон дүрс бичлэгээр баримтжуулна” гэж өөрчлөн найруулах, 39:7 дахь хэсгийг “үндэсний олон нийтийн радио телевиз нь сонгуулийн хуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн гурван цагтай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүй үнэ төлбөргүйгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэйгээр явуулна.

Сурталчилгааны гурван цагийн 30 минуттай тэнцэх хугацаанд сонгуулийн хуулийг сурталчлах, сонгогчдын эрх, үүргийг тайлбарлах зэрэг сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд зориулна” гэж өөрчлөн найруулах, 39:10 дахь хэсгийг “хувийн хэвшлийн радио, телевизийн байгууллагууд сонгуулийн суртал¬чилгаа эхэлснээс хойш өдөр бүр эфирийн нийт цагийн 3 цагтай тэнцэх хугацааг хэтрүүлэлгүйгээр нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны гурван цагийн 30 минуттай тэнцэх хугацаанд УИХ-д суудалгүй нам, эвсэл нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр тэнцвэртэй явуулна” гэж өөрчлөн найруулахыг заасан байна.

Түүнчлэн 39:13 дахь хэсгийг “сонин, сэтгүүлүүд сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш дугаар бүрийн хоёр нүүрнээс илүүгүй зайнд нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг тэнцвэртэй явуулна. Сурталчилгааны хоёр нүүрнээс илүүгүй зайны дөрөвний нэгтэй тэнцэх зайнд УИХ-д суудалгүй нам, эвсэл, нэр дэвшигчийн сурталчилгааг үнэ төлбөргүйгээр, тэнцвэртэй нийтэлнэ” гэж өөрчлөн найруулах, 44:2 дахь хэсгийг “сонгуулийн санхүүжилтийн тайланг сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш санал өгөх өдөр хүртэл 7 хоног тутам СЕХ-нд батлагдсан маягтын дагуу гаргаж өгнө. СЕХ тайланг тухай бүр хянана.

Тайланг хянах явцад зөрчил илэрвэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн саналын хуудаснаас хасна” гэж өөрчлөн найруулахаар санал оруулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих