“Бийлэгжүү Нинжа”-ийн балгаар бэдэрч яваа малчид

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Буурал хангайн өвөр, Адуун чулуутад нутаг минь бий.  Эрх бага насанд нутагт минь тансаг энхрий цэцэгс  зөөлөн зөөлөн үнэр тээж, тэнгэрт ойрхон урган, төгөлдөр зуншлага болдог байлаа. Тун чиг гоёхон зунд аялгуу нэмэх гэсэн шиг тэр хавийн уяач нар нэгдэн годон тар хийх нь даанч тансаг. Ийм нэг аядуу, намуухан дүр зураг ирэх бүрийд тосож угтахаа болиод удаж дээ.

 10056

“Адуунчулуут” гэдэг газрыг манлай уяач, мянгат малчин гэхээс илүүтэй алтны уурхайтай гэдгээр хүмүүс андахгүй болсон. Шороо хутгах хүрз, алт угаах түмпэнтэй л бол хүссэн нь ирж алт угаана. Шавилхан нэг нь олсон алтаа тушаасаар тэндээ бугшиж, бичил уурхай байгуулаад эзэн болж суурших болсоор нүд алдам ногоон тал минь өнөөдөр сэтгэл өвдөм алаг цоог болжээ.

Морь эргэв үү гэлтэй тоос татуулан цуварсан олон портер машинууд уулын орой руу янгир шиг дүүлэх нь өнөөх “Нинжа” нар аль нэг алтны уурхайн дарга, захиралд  хөөгдөж яваа нь тэр. Хөөсөн, хөөгдсөн хоёрын алтны төлөөх тэмцлийн хөлд нутгийн хэдэн малчин бэдэрч явна.

Зөвшөөрөлтэй алтны уурхайнаас гадна зөвшөөрөлгүй бичил уурхай Адуун чулуутад олон. Улсад зохих ёсны татвараа төлөөд үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлтэй алтны компаниудыг яахав гэхсэн. Тэднээс гадна хөндий талаар  жийп хөлөглөн давхилдах алтны уурхайн “хурган” дарга нар бас байна. Тэднээс зөвшөөрөл авч, албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг нь цөөн. Хүссэн газраа ухаж, сэндийчээд, шороо овоолж орхино. Эргээд нөхөн сэргээлт хийж, нүхээ бөглөдөг нь даанч ховор. Үр дүнд нь нутгийн хэдэн малчин гэртээ хариад зэлгээн цай залгилах ч завгүй өдөржин хонио дагаж өнжинө. Хониноосоо жаахан л нүд салгавал ухсан нүдэнд унах, алтны уурхайн шаварт зоогдож малаа хорогдуулах гэмтэй.

“Хурган” дарга нар алттай шороо руу малаа бэлчээлээ гэж даналзана. Булалгүй орхисон нүхэнд нь унасан малаа төлүүлье гэхээр “Хохь нь” гэх сийхгүй хэдэн нөхдийг нутгийнхан “Бийлэгжүү Нинжа” гэж нэрлэнэ. Тэд газар ухах ковш, шороо зөөх хово машинтайгаараа түмпэн, хүрзтэй нинжа нараас арай дөнгүүр. Тэрнээс алт ухах зөвшөөрөгдсөн талбайгүй учраас хүссэн газраа хагалж, хөрсийг нь хуулна. Ийн дураар аягладаг хэр нь газрын баялагаар жийп унаж, тансаг хаусанд аж төрж, тэд жинхэнэ утгаараа элит амьдарч чадаж байгаа. Гэвч улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй “увайгүй” баяжигчид. Хэн ч эсэргүүцэж тэмцдэггүй гол ус, байгаль бохирдуулдаг мөртлөө баян хүмүүс гэвэл энэ нинжа нар л байна.

Эдний алт угаах ажил сум болон гаднаас хүн амьтан ирлээ гэнгүүт нам зогсчихдог. “Захирал байхгүй ээ. Ойрд ирэхгүй байгаа” гээд манаач өвгөн гэмгүй царайлж, мал дурандаж жүжиг тавина. Эсхүл сум орон нутгийн газрын албаныханд хэд гурван “юм” атгуулчихаад дураар аяглана.

Ийм нэг даварсан, даналзсан хууль бус алт олборлогчид нутагт минь баяжсаар. Нөгөө талдаа үдшийн бүрийгээр адуу мал бүү хэл хүн явбал хөл гараа хугалж мэдэхээр сэндийчсэн нутагтаа малаа ч тааваар бэлчээж чадахгүй  нутгийн хэдэн иргэд гундсаар тэдэнтэй ямар аргаар тооцоо хийхээ нутгийн эгэл бор ард бодоод олохгүй тэвдэж сууна.

“Бийлэгжүү нинжа” нарын тоос шороо, газрын эвдрэл, гэмтэл,  хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны хомсдол үүсгэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсаар өнөөдөр нутагт маань морь уях завтай, хүсэлтэй ч хүн байхаа больж. Хурдан морины тоосонд дарагдаж хийморио сэргээж явсан хөөрхий аав минь өдгөө “нинжа” хэмээх гар аргаар алт олборлогчдын машины тоосонд дарагдан, хонио дагаад гэлдрүүлж явна.

Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn

Нутгийн эгч өдийд  “Алгирмаадаж” хожоод намайг зөндөөн дуулуулдаг байснаа  больж. Саахалтын  ах ч нүд алдам ногоон талд гурван цээл уяа зоочихоод л нар аргамжиж, гийнгоо хадаахаа бүр больчихож. Бүгд л баясах зүйлгүй  болсон мэт аль нэг зүйлд адгаж сууна.

Алт олборлогчдын том, том автомашин явж өнгөрсөн хөндийд дүүрэн цагаан тоос босч хавь ойрд нь нутаглаж байгаа малчдын гэр барааг шороо дарна. Ийм нөхцөлд идээ, цагаагаа борлуулах ямар ч нөхцөлгүй болж, ээж минь цайны сүү л авч үлдээд, үхэр тугалаа үргэлж ихлээр явуулдаг болсон гэнэ. Машины мөр хирсэн хөндийд өвс, ногоо ч ахар ургах болсон тул тугалаа зэлэнд уяж энэ их наранд турааж байхаар эхтэй нь явуулбал эрх биш ирэх өвөл онд орно биз хэмээн учирлаж байна.

Хуруу зузаан хурууд өвөртлүүлээд л буцаадаг ижий минь өнөөдөр “Хөгшинтэйгээ хот орж, хэдэн хүүхдээ барааддаг ч юм уу” гээд сэтгэлийн тэндээс сэнхийтэл санаа алдах нь хачин өрөвдмөөр. Төрсөн нутгаа орхихгүй ээ л гэдэгсэн. Хэзээ байтлаа ижий минь ингэтлээ санааширч суудаг байлаа даа.

Огтоос буй бүхнээрээ сэтгэл татдаг уул ус, угаасан усыг минь бичил уурхай нэрийн дор байгаль сүйтгэгчид үгүй хийж байна. Татвар төлдөггүй тэнүүлчин баячуудыг яах вэ?

Хүрз, түмпэнтэй, хово ковштой нинжа нарыг цэгцлэх цаг нэгэнт болсныг манай нутаг ч биш 500 гаран нинжад нуруугаа авахуулсан Говь-Алтай аймгийн Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой, 20 гаруй мянган нинжагийн өрмөнд судлаа таслуулсан Бигэр сумын Алтан уул, Завхан аймгийн Ургамал сумын Тосгуурын ам, 400 гаран нинжагийн химийн бодисонд хордсон Ховд аймгийн Дөргөн сум “Чоно харайхын гол”-ын сав гээд уйлдаг бол уйлахаар болсон уул усны учирлал нинжа нар ямар хар мөртэй, юу үлдээдгийг хэлээд өгнө.

Гэрэл зургийг MPA.mn

Гэрэл зургийг MPA.mn

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn

Линк: http://www.shuud.mn/content/read/484341.htm


URL:

Сэтгэгдэл бичих