Усан замын тээврийн хэрэгслийг тоолно
Усан замын тээврийн хэрэгсэлд хийх техникийн болон экологийн хяналтын үзлэг, бүртгэл тооллогыг зургадугаар сарын 15-ны өдрөөс долдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахаар товложээ.
Үзлэг тооллогод Монгол орны нуур, гол мөрөн, цөөрөмд аялал жуулчлалын зориулалтаар усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн усан замын тээврийн хэрэгсэл буюу усан онгоц, завь, катер гэх мэт ахуйн болон бусад зориулалтаар ашиглаж буй хувь иргэдийн усан замын тээврийн хэрэгсэл, импортоор оруулж ирсэн усан замын тээврийн хэрэгсэл мөн хамрагдах юм байна.
Усан замын тээврийн хэрэгслийг тооллогод хамруулахдаа тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын болон байгаль орчны улсын байцаагчид хандан өөрийн эзэмшлийн усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологинйн үзлэгийг хийлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэх ба усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээний ар талд тэмдэглэл хийлгэсэн байна.
Хэрвээ иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ, усан замын тээврийн хэрэгслийн техникийн паспорт, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бусад дагалдах баримт бичгээ хавсаргана. Түүнчлэн усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийг нотолсон баримт бичиг, усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон буюу бусад тохиолдолд хийгдсэн шилжилтийн тухай баримт бичиг, улсын тэмдэгтийн хураамж болон бусад холбогдох албан татварыг төлсөн баримтыг хавсаргах аж.
URL: