“Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

e474fdea9767060e8fc20c4a55e0618e6b479548УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо ЭМЯ-тай хамтран өнөөдөр “Эх, хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон ЭМЯ, тус яамны харъяа байгууллагууд, олон улсын байгууллагуудын төлөөлөл, доктор, профессорууд оролцсон юм.

Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ, УИХ-аас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны баримт бичигт 2030 он гэхэд эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулах зорилтыг тавин ажиллаж байна. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эх барих, эмэгтэйчүүд, хүүхдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, байгууллагын үүрэг хариуцлага, бусад салбарын хамтын ажиллагааг сайжруулах, хариуцлагыг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал. Тэрхүү эрх зүйн орчныг бүрдүүлэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг ЭМЯ боловсруулаад байна. Энэ хэлэлцүүлгээр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийх өөрчлөлт, шинэчлэлийн талаар ярилцаж, үнэтэй санал, зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Дараа нь Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлал” сэдвээр илтгэл тавив. Тэрээр, хууль боловсруулах хэрэгцээ, шаардлага, хуулийн төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Хуулийн үйлчлэх хүрээ нь нөхөн үржихүйн насны эмэгтэй, эх, ураг болон 18 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамрах юм.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, эх, хүүхдийн эндэгдлийн түвшинг бууруулж, хүн амаа өсгөх таатай нөхцлийг хэрхэн бүрдүүлэх талаар хуульчилж өгөх хэрэгтэй байна гээд мөн үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн үр хөндөлтийн асуудлыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлон хэллээ.

Хэлэлцүүлэг асуулт, хариултаар үргэлжилсэн юм. “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Д.Энхбаяр, Эх барих, эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн И.Даваадорж нар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ.

НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн яамны биш, Монгол төрийн төвд нь байх асуудал юм. Өнөөдөр та бүхэн эх, хүүхдийн эрүүл мэндэд хамаарах чухал асуудлуудыг хөндөж ярилаа. Эндэгдэлд өртөж байгаа эхчүүдийн 60 хувь нь ажилгүй, орлогогүй байна. Боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, үр хөндөлтөөс урьдчилан сэргийлж чадах хууль батлах нь чухал байна. Мөн эх, хүүхдийн эмнэлгийн хүртээмж, санхүүжилтийн асуудлыг бид хөндөж ярилцлаа” гэв. Тэрээр хэлэлцүүлэгт ирсэн бүх хүмүүсийг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр НББСШУ-ны байнгын хороо болон Эрүүл мэндийн яаманд хүргүүлэхийг хүссэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих