Томоохон компанийн захирал 22 настай эмэгтэйн аминд хүрсэн үү
-ЦЕГ: Захиралдаа зодуулж амиа хорлосон уу, өөр шалтгаан байсан уу гэдгийг шалгаж байна-
Баянгол дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн даваа гаригт буюу энэ сарын 5-ны орой 17.00 цагийн үед байшин дээрээс эмэгтэй хүн үсэрч амиа алдсан харамсалтай хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгаж байна.
Тодруулбал, 1995 онд төрсөн, 22 настай Ж нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Нарны хороолол” хотхоны 22 давхрын салхивчаар үсэрч амиа хорложээ. Талийгаач бүсгүй дээрх хороололд амьдардаг бөгөөд хэрэг гардаг өдөр ажлаа хийж яваад орой ажил тарах үеэр өндрөөс үсэрсэн гэх мэдээлэл ч олдов.
Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Эмэгтэй хүн өндрөөс үсэрч амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийг шалгаж байна. Одоогоор энэ хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авсан. Талийгаачийн ямар компанид ямар ажил хийдэг байсныг мөн гэрийн хаягийг нь хэлж өгөх боломжгүй. Талийгаач өмнө нь буюу өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст “Захиралдаа зодуулчихлаа” хэмээн гомдол гаргаж ирсэн юм билээ. Тэр гомдлыг нь одоогоор шалгаж байгаа. Гадуур гарсан мэдээлэлээр бол гомдлыг нь хэрэгсэхгүй болгож буцаасан гээд байгаа. Тийм зүйл байхгүй, шалгаж байгаа. Харин амиа хорлосон гэх асуудлыг нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Прокурорын байгууллагаас энэ хоёр хэргийг нь нэгтгэж шалгаж магадгүй. Одоогоор хэн нэгэнд дарамтлуулж зодуулж амиа хорлосон уу, эсвэл гадны нөлөөтөй амиа алдсан уу гэдгийг шалгаж байна” гэлээ.
Талийгаач Ж нь энэ жил сургуулиа төгсөөд “С” нэр компанийн ерөнхий захирлын туслахаар ажилд ороод удаагүй байжээ. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон талаар мэдээлэл байгаа юм. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь харж салгаж авсан байна.
Харин тус компанийн захирал цагдаад мэдүүлэг өгөхдөө “Би огт зодоогүй. Талийгаач 30-ны өдөр ажилдаа ирэхдээ хар нүдний шил зүүчихсэн, урьд шөнө баарны гадаа хүнд зодуулчихлаа гэж хэлж ирсэн байсан” гэжээ. Үүний дагуу дүүргийн цагдаагийн хэлтэсээс камерын бичлэг шүүх шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байгаа гэнэ.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр “Захиралдаа зодуулсан гэж худал мэдээлэл өгсөн эмэгтэй айсандаа амиа хорлосон байх” гэж ярьж байна.
Тэгвэл талийгаач эмэгтэй талаар түүний танил бололтой Sanjsuren Jagaanaa Tuvshinjargal гэсэн фэйс хаягтай хүн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн группэд энэ хэргийн талаар нийтэлжээ. Тэрбээр “Энэ талаар эрэн сурвалжлах хийх хүн байна уу…Яг яахаа, хаана хандахаа, хэнд гомдохоо мэдэхгүй байна. 22 настай охины сүүлчийн хүсэл нь юу байсныг ч сонсож амжсангүй. Миний амжаагүй, түүндээ хийж өгөөгүй бүхэн юу ч биш. Тэр минь гэрлэж, ээж болж, үр ачаа харж чадсангүй. 22 давхар дээрээс хийсэн одож үлдэж хоцорсон ах дүү, найз нөхдийнхөө сэтгэл зүрхийг өмлөөд энэ хорвоогоос үүрд буцлаа. Өөрөөсөө өндөр цонх өөд ганцхан харайгаад /өлмийнх нь мөр хананд үлджээ/ агаарын тамирчин шиг өөр ул мөргүйгээр үүрсэн цүнхтэйгээ нисчихлээ. Энгийн нэгэн амиа хорлолт болж харагдуулах бүхнийг хийсэн ч, хана зуурч тэмцсэн хумс хурууны ормыг мартсан бололтой. Маргааш тэр хананы сорви байхгүй ч байж мэднэ. “Надад хууль үйлчлэхгүй, чи цагдаад өргөдөл өгөөд нэмэргүй ” гэж суусан хормойн донтой “Соха Мебель” ХХК –ийн захирлыг би хардаж байна. Үнэхээр түүнд хууль үйлчилдэггүй, хүний амь утас таслахын төдийд хийсэн оддог юм гэж үү. Өөрөөсөө өндөр цонхонд шууд харайж гараад уруугаа харж нисдэг тийм “хорлогч ” байдаггүйг мартсан бололтой. 05 сарын 31 ний өдөр ажлын өрөөнд нь хүчирхийлэх гэж завдаж, түүнийг эсэргүүцэхэд , нүдийг нь хөхөртөл зоджээ. Охиныг зодуулж байхад хамт ажилладаг хүн нь захирлынхаа савраас түүнийг минь “аварч ” зугтаалгасан байх юм. Хөх нүдэн охин захирлыгаа цагдаад өгч, өргөдөл бичсэн байна. Харин өргөдөл нь алга болчихсон. Баянгол дүүргийн цагдаад өгсөн өргөдлөө өөрөө авсан байна гээд “хүчингийн хэргийг хоохойлсон” тэр өдөр эвий сайхан бүсгүй дүү минь хорвоог орхилоо. Алга болсон өргөдлөө дахин бичиж өгөөд аль нэг тийшээ санд мэнд дуудагдаад…16 давхарт гарчээ. 15 минутын дараа 22 давхраас. Хайран амь. Энэ хэрэг дээр энгийн амиа хорлолт шиг эсвэл обект нь байхгүй хүчингийн хэрэг шиг хандаад хаагдчихвал өөр олон охин ахиад л “хийсэн одох” биз ээ. Ум сайн амгалан болтугай” гэж бичжээ.
Энэ эмэгтэй бичснээр “Соха мебель” компанийн захирлын дарамтнаас болж амиа алдсан мэт утгатай зүйл харагдаж байгаа юм. Үнэхээр энэ компанийн захирал талийгаач бүсгүйг амиа хорлотол нь дарамталсан уу, эсвэл өөр хүнд зодуулсан уу гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж эцэслэн тогтооно.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com
URL: