Дэлхийн аюул ихтэй газрууд
Аюулгүй байдлын эксперт Роберт Мугга, Карнеги Меллоны их сургуулийн судлаачид хамтран “Earth TimeLapse” хэмээх интерактив платформ бүтээсэн нь хүн төрөлхтний гол аюул занал дэлхийн хаана хамгийн их идэвхтэй байгааг харуулах зорилготой аж. Уг платформ нь олон тооны нэр хүндтэй эх сурвалжуудаас цуглуулсан их хэмжээний (big data) мэдээллийн сан дээр боловсруулалт хийдэг юм.
ЦАГ УУРЫН ЭРС ӨӨРЧЛӨЛТ
Уг зураг дээр 2017 он гарсаар ажиглагдсан цаг уурын эрс өөрчлөлтүүдийг харуулж байна. Хүрэнтэх тусмаа агаарын хэм хүчтэй халж, хөхрөх тусмаа хэвийн хэмжээнээс хүйтэрсэн гэж үзнэ.
ДҮРВЭГСДИЙН УРСГАЛ
2000-2015 оны хооронд үүссэн дүрвэгсдийн урсгал. Нэг цэг нь 17 дүрвэгчтэй тэнцэнэ. Улаан цэг тухайн улсад ирж байгаа дүрвэгчийг, шар цэг тухайн улсаас явж байгааг харуулжээ.
ТЕРРОРИСТ ХАЛДЛАГА
1984-2015 оны хооронд гарсан террорист халдлагууд. Улаан цэг бүр нэг халдлагыг дүрслэх ба томрох тусам амь үрэгдсэн хүний тоо нь нэмэгдэх юм.
ГАЛ ТҮЙМЭР
2016 оны байдлаар дэлхий дахинд гарч байгаа галыг үзүүлжээ. Үүн дотор түймэрээс гадна үйлдвэрлэлийн зориулалттай тавьсан гал, ой модноос газрыг чөлөөлөхөөр зориуд тавьсан гал зэрэг багтаж байгаа гэнэ.
ДОХ-ЫН ШИНЭ ХАЛДВАР
2015 оны байдлаар шинээр халдварласан ДОХ өвчний тохиолдлууд. Томрох тусам олон тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг юм.
ХОТУУДЫН ЭМЗЭГ БАЙДАЛ
Хотуудын эмзэг байдал 2015 оны байдлаар. Энэ үнэлгээнд нийгмийн асуудлууд хамрагдсан байна. Тухайлбал иргэдийн баян хоосны ялгаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, гамшгийн үед оршин суугчдаа авран хамгаалах чадвар зэрэг багтжээ.
ТАРГАЛАЛТ
Хүн амын эрүүл мэндийн нэг том аюул болсон таргалалтын үзүүлэлт 2013 оны байдлаар. Цайрах тусам таргалалт бага гэсэн үг юм. АНУ, Африкийн зарим хэсэг, Ойрх Дорнод, Австрали зэрэг нь хүн амын 30-аас дээш хувь таргалалттай гарсан байна. 30 орчим жилийн өмнө ийм босгыг давсан ганцхан орон байсан гэдэг.
Эх сурвалж: Business Insider
Л.Булганчимэг
URL: