МАН сонгуулийн зурхайгаас хөдөллөө
МАН-ынхан УИХ-ын 2012 оны сонгуулийн гарааны зурхайгаас түрүүлж хөдөллөө. Хавраас хойш ухраасан намын бага хурлаа энэ сарын 28-нд хийхээр болов. Эмэгтэйчүүд нь Төрийн ордонд өнөөдөр, маргааш чуулганаа зохион байгуулахаар товлолоо. МАН-ын мянган бүсгүй хоёр өдөр Төрийн ордныг доргиох гэж байна. Эрчүүдээсээ түрүүлээд бүсгүйчүүд нь сунгаандаа гарах шинжтэй.
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумд сум, хороо бүрийн салбар нэгжийн дарга, аймаг, дүүрэг, нийслэлийн дарга, тэргүүлэгчид оролцсон 1000 эмэгтэй оролцох юм. Тэд хоёр өдөр чуулж улс төрийн намуудын ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах санаа оноогоо хэлэлцэхээр болжээ. МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга нарын нэг нь эмэгтэй байхаар өнгөрсөн онд хуралдсан ХХYI их хурлаас шийдвэрлэсэн. Тэр албан тушаалд хэнийг томилох вэ гэдгийг намын бага хурлаас өмнө МАН-ын эмэгтэй гишүүд тодруулах учиртай. Эмэгтэйчүүдийн форумд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцож үг хэлэх юм. Мөн Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол үндсэн илтгэл тавина.
Ууган намын эмэгтэй гишүүд Сонгуулийн хуульд квот тавихыг хүлээлгүйгээр нэр дэвших магадлалтай бүсгүйчүүдээ нэрлээд эхэлсэн байна. Одоогийн хоёр гишүүн Д.Оюунхорол, Д.Арвин нар дуун дээр нэр дэвшигчийн тоонд орно. Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга Д.Алтай, МЭХ-ны тэргүүн Ж.Эрдэнэчимэг, “Бишрэлт” группын ерөнхийлөгч Б.Ундармаа, TY-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл гээд энэ жагсаалт цааш үргэлжилж байгаа бололтой.
Намын бага хурлаар ирэх сонгуульд МАН-ын баримталж оролцох мөрийн хөтөлбөрийн эхийг тэрлэж, намын даргынхаа илтгэлийг сонсч, үндсэндээ нэр дэвшигчдээ эрэмбэлэх ажлын эхлэлийг тавих сураг дуулдаж эхлээд байна. Сонгуульд нэр дэвшигчдийн дасгалжуулагчаар туршлагатай хашир улстөрчид болох С.Баяр, Д.Лүндээжанцан нарыг томилчихсон байгаа. Тэдний хамгийн болгоомжилж буй улс төрийн хүчин бол нэг засагт хамтарсан АН бус, УИХ-ын гадна байгаа МАХН, МҮАН-ын эвсэл. Хоёр том намын хуучин нэрсийг авсан энэ хүчнийг сонгуулийн хамгийн сайн уяач хэмээн нэрлэгддэг М.Энхсайхан “сойно”. Чухам М.Энхсайханыг сонгуулийн менежер хийж байх үед ардчилагчид 1996 оны УИХ-ын сонгууль, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан. Түүнээс нь МАН-ынхан жийрхэж байгаа бололтой. Тиймдээ ч МАН-ынхан С.Баяр, Д.Лүндээжанцан нарын аваргуудаар сонгуулийн нарийн ширийн бичиг баримтаа шүүлгэж, тактик боловсруулах багаа командлуулахаар болжээ. Ирэх сонгуульд нэр дэвшүүлэхээр олон залуусыг бэлдсэн болохоор тэдний армийг хашрууд дагалжуулна. МАН-ын хамгийн ололттой тал бол залуу халаагаа үе үеэр нь бэлддэг явдал. С.Баяр, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын араас С.Батболд, Ц.Мөнх-Оргил, тэдний дараа Су.Батболд, Г.Занданшатар, тэгээд Ж.Энхбаяр, С.Бямбацогт гээд цуваа тасрахгүй яваа. Одоо болох бага хурлаараа УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох тэдний дараагийн залуусын тодруулах ажил хийнэ.
Бага хурлаараа бас УИХ-ын 2008 оны сонгуульд МАН-аас дэвшүүлж оролцсон таван төгөлдөршлийн биелэлтийг дүгнэж үзэх юм байна. Ийнхүү нэг үе АН-ын араас дагаж, хөзрийг нь сөхүүлж байж дараагийн нүүдлээ хийдэг байсан МАН-ынхан одоо сонгуулийн зурхайгаас түрүүлж хөдлөх тактик бариад эхэллээ. Бага хурлынхаа өмнө Тусгаар тогтнолын өргөөнийхөө өрхийг татаж, үүдийг нээхээр бас тооцоолжээ.
Харин өмнөх сонгуулиудаар ямагт түүчээлж явсан АН-ын хавиар нэг л ажин түжин байна. ҮЗХ-ны хурлаа энэ сарын сүүлээр хийхээр товлосон гэх ч хэдийд гэдэг нь чимээгүй байгаа. Дандаа түрүүлж гүйдэг асан АН-ынхан буурь сууж ах намын хөсөг аль харгуйгаар хөдлөхийг харзнахаар шийдсэн гэж найдаж суухаас.
URL: