Сураггүй болсон хүүхдийг хэрцгийгээр хөнөөгөөгүй байжээ
Эцэг эх багш нарын хайхрамжгүй байдлаас болж хүүхэд алга боллоо гэх хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн долоо хоногт хүүхэд алга болсон гэх хоёр ч хэрэг гарсан бөгөөд нэгийг нь хоёр залуу гэртээ байлган “Хархорин” зах дээр хулгай хийлгэх гэж байгаад цагдаагийнханд баригдсан.
Тус дүүргийн 104 дүгээр сургуулийн сурагч Г гэх найман настай охиныг 31 настай Н, 28 настай Г нар хичээлээ тараад явж байхад нь дагуулан гэртээ аваачиж, зодож хулгай хий гэж дарамталж байсан юм. Уг хэргийг УМБГ-т шалгаж байгаа.
Энэ хэргийн дуулиан намжаагүй байтал “Алга болсон 11 настай охиныг мөчлөн хөнөөжээ. Туул голоос цогцос нь олдсон” гэх мэдээлэл гарав.
Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын ОНХХ-ийн байцаагч Х.Ган-Ялалт “Энэ мэдээлэл ташаа. Энэ сарын 8-нд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны иргэн 11 настай С гэдэг охиныг хөл гарыг нь тасдан Туул голд хаясан гэж мэдээлсэн байсан. Тэр охин эрүүл саруул төрсөн ээжийнхээсээ олдсон. Уг охин Хэнтий аймгийн харьяат юм билээ. Төрсөн ээжийг нь Х гэдэг, охиноо Э гэдэг эмэгтэйд өргүүлсэн. Гэтэл Э нь С-ийг загнаж зоддог учраас төрсөн гэр рүүгээ явсан байна. С цагдаагийнханд “Өргөж авсан ээжийндээ очмооргүй байна” гэж хэлж байгаа” гэв.
Н.Мөрөн
URL: