ҮХЦ-ийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам нар нэрээ дэвшүүлжээ
Р.Гончигдоржийн хувьд өнгөрсөн жилийн гуравдугаар сард өөрийгөө Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байсан юм. Улмаар зөвлөгөөнд оруулж, санал хураалт явуулсан. Санал хураалтын дүнгээр Р.Гончигдоржийг цэцийн гишүүнээр томилох саналыг таван шүүгч дэмжиж, 20 нь татгалзсан байсан удаатай. Энэ талаар УДШ-ийн холбогдох ажилтан тухайн үед “УИХ-аас Ж.Амарсанааг чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгээд энэ асуудал өдгөө цэц дээр байгаа. Цэцийн гишүүнийг томилох, эгүүлэн татах асуудал маргаантай байгаа учир УДШ-ийн шүүгчдийн зөвлөлгөөнд энэ асуудлыг оруулсан ч ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхисон” хэмээн тайлбарлаж байсан удаатай.
Р.Гончигдорж гишүүнд ҮХЦ-ийн гишүүн болоход нэлээд хэдэн асуудал байсан юм. Тодруулбал,
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно” гэж заасан байдаг. Р.Гончигдоржийн тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, эгүүлэн татагдаагүй, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тухай албан ёсны мэдээлэл цацагдаагүй байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчинтэй байхад түүний хүсэлтийг УДШ-ийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэх боломжгүй юм.
“Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татсан нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн маргаан ҮХЦ дээр байгаа. Маргаантай асуудал цэц дээр байгаа учир орных нь гишүүнийг томилох асуудал яригдах боломжгүй.
Р.Гончигдорж нь ашиг сонирхлын зөрчилтэй. Тодруулбал, тэрбээр 1990-ээд оноос хойших бүх хууль, тогтоолыг батлахад гар бие оролцсон нь ашиг сонирхлын зөрчлийг бий болгож байгаа талаар нэр бүхий хуульч сануулж байгаа юм. ҮХЦ нь УИХ-аас гаргаж буй хууль, тогтоол Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг хянаж, шийддэг байгууллага. Гэтэл хууль батлахад оролцсон хүн Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх маргаан таслах нь сонирхлын зөрчил үүсгэх магадлалтай байсан билээ.
URL: